МУБИС-ийн өргөтгөл барилгын нээлт боллоо


МУБИС өөрийн хөрөнгөөр барьсан Багшийн сургуулийн спорт заал, урлагийн боловсролын ганцаарчилсан сургалтын танхим бүхий өргөтгөл, өөрийн харьяа ЕБС-ийн орчин үеийн лаборатори, анги танхим бүхий 5 давхар барилгыг ашиглалтанд хүлээн авч, хүндэтгэлийн нээлтийн арга хэмжээг 2019 оны 2 сарын 25-ны өдөр баяр бахдалаар дүүрэн өргөн тэмдэглэв. Өргөтгөлийн барилгын нээлтийн ёслолд Багшийн сургуулийн 1994 оны төгсөгч БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Б.Баярсайхан, Дээд боловсролын газрын дарга доктор Т.Амаржаргалан, МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Багшийн сургуулийн захирал доктор Ц.Дэлгэрсайхан, ЕБС-ийн захирал доктор, дэд профессор М.Мөнхбаатар, МУБИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүд, Дэд захирлууд, Бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, түүнчлэн МУБИС-тай хамтын ажиллагаатай Боловсролын Хүрээлэн, БМДИ-ийн удирдлагууд, Бадрангуй алдарт Багшийн сургуулийн Хөгжмийн багшийн ангийн үе үеийн алдартан төгсөгч нэрт хөгжмийн зохиолчид, МУБИС-ийн багш, ажилтан, оюутан суралцагчид, сурагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл өргөнөөр хүрэлцэн ирж оролцлоо. Сургуулийнхаа материалаг бааз, сургалтын орчинг сайжруулахад тасралтгүй амжилттай ажилласаар байгаа МУБИС-ийнхаа нийт хамт олон, удирдлагууддаа гүн талархал илэрхийлье.