Багшийн сургуулийн эрдэмтэд Москва хотноо хуралд оролцов


ОХУ-ын Москва хотын Багшийн их сургуулиас зохион байгуулсан хуралд МУБИС-ийн Багшийн сургуулийн эрдэмтэн судлаачид оролцоод ирлээ.  ОХУ-ын Москва хотын Москвагийн Багшийн их сургуулиас 2019 оны 5-р сарын 16-18 хооронд зохион байгуулсан “Боловсрол ба хотжилт” сэдвийн дор зохион байгуулагдсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд МУБИС-ийн БаС-ийн захирал, доктор Ц.Дэлгэрсайхан, мөн сургуулийн багш, “ХХДТ”-ийн эрхлэгч дэд проф. доктор Д.Одгэрэл, багш дэд проф. доктор Н.Цогзолмаа нар оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлсний дээр тус их сургуультай цаашид “2+2” хамтарсан сургалтын хөтөлбөр болон олон улсын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар ажил хэргийн уулзалт хийлээ. Уг хуралд 16 орны 50 гаруй эрдэмтэн судлаачид судалгааны илтгэлээ танилцуулж хэлэлцүүллээ. Хурлын үйл ажиллагааг нээж Москва хотын Багшийн Их Сургуулийн захирал Игорь Михаилович Реморенко үг хэлж, үндсэн илтгэгчээр Ирланд улсын эрдэмтэн Джо О Хара, Шведийн судлаач, Европын багш нарын холбооны тэргүүн Оса Морберг, Израилийн Боловсролын Яамны зөвлөх Яков Кехт, Италийн урлаг судаач Клаудио Фиккинелли нар боловсролд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх инноваци, шинэчлэлийн  арга замуудын талаар маш сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Москва хотын Багшийн их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн  захирал Дарья Миляева, “ОХУ-ын Тусгай болон Тэгш хамруулах боловсролын хууль эрх зүйн орчин” сэдвээр докторын зэрэг хамгаалсан Др. Елена Шинкарёва, Брюсселийн Их сургуулийн багш, Хууль зүйн ухааны Др. Грассиенне Лауверс нартай Монголд “Тэгш хамруулах боловсролын” эрх зүйн орчныг бүрүүлэх боломж, төслийн талаар, энэ чиглэлээр багш бэлтгэх хөтөлбөрүүдийн талаар харилцан туршлага солилцож ярилцлаа.
Шведийн судлаач, Европын багш нарын холбооны тэргүүн Оса Морберг, БС-ийн багш Д.Одгэрэл нар “European journal of Teacher Education” сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх тухай ярилцав.
МУБИС-ийн Багшийн сургуулийн эрдэмтэн судлаачид маань багш, оюутныхаа сургалтын орчинд зайлшгүй шаардлагатай сүүлийн үеийн 40 гаруй нэр төрлийн ном сурах бичиг, гарын авлага, ялангуяа “Багш, урлагийн боловсролын хөтөлбөр”-т нэн шаардлагатай мэргэжлийн онол, арга зүйн бүтээлүүдийг түлхүү авчирсан нь онцлог үйл явдал байлаа.