Х.Тамир: Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чанартай хөтөлбөр хэрэгжүүлнэ


МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр МУБИС-ийн сургалтын хөтөлбөрийн талаар тус сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Х.Тамираас тодрууллаа.

-Энэ жил их, дээд сургуульд элсэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс гурав дахин буурсан талаар Ё.Баатарбилэг сайд мэдээлсэн.  Танай сур­гуулийн хувьд энэ хичээ­лийн жилд хэдэн оюутан элсүүлж авсан бэ. Элсэгчдэд ямар шалгуур тавьж байгаа вэ? 

-Бид БСШУС-ын яамны сайдын гаргасан тушаалын дагуу, ном журмаар нь л элсэлтээ авч байгаа. Бакалавр, магистр, доктор гээд бүх төрлөөр нийт 2500 гаруй оюутан элссэн. 

-Танай сургалтын хөтөл­бөрт ямар нэг шинэчилэлт орсон уу?

-МУБИС сүүлийн таван жилийн хугацаанд дээд боловсролын шинэчлэлтийн хүрээнд олон зүйл хэрэг­жүү­лэн ажиллаж байна. Үр дүнд суурилсан шинэч­лэл­тийг БСШУС-ын яамны хүрээнд хэрэгжүүлж байгаа. Таван жилийн өмнө бид боловсролын чанарын шинэчлэлтийн жил болгож, таван жилийн зорилгоо тодо­рхойлж, дорвитой шинэ­чилэл хийж эхэлсэн. Хөтөлбөрийн хороо жил болгоны сургалтын чанарыг хянах, үнэлэх, сайжруулах, чанараа баталгаажуулахад  анхаарч ажилладаг. Үр дүнг сайжруулах тогтолцоотой ажиллаж байна. Хөтөлбөрийн чанар олон улсын шаардлага, жишигт нийцэж, тэнцэж чадаж байна уу гэдгийг мэдэхийн тулд хөтөлбөрийн  магадлан итгэмжлэлийн ажлыг хийж байгаа. Энэ нь хамгийн түрүүнд хөтөлбөрийн чанар, үр дүн олон улсад нийцэж байгаа эсэхийг мэдэхээс гадна, энэ хөтөлбөрөөр суралцаж төгссөн хүүхдүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  манай сургуульд суралцаж байгаад гадаадад суралцах тохиолдолд манай суралцагч хүүхдүүдийн үндсэн хичээлүүдийг дүйцүүлэн тооцох боломж нээгдэж байна гэсэн үг. Үүнээс гадна,  манай төгсөгчид гадны улс оронд  ажиллах боломжтой. Мөн математик, мэдээлэл зүй, физик, хими, биологи, газар­зүй  гэсэн зургаан хичээ­лийн хөтөлбөрийг олон улсад  магадлан итгэмж­лүү­лээд байна. Үүний дараа Европын холбооны “АCIIN” гэж байгууллагад англи, герман хэлний багшийн  хоёр хөтөлбөрийг магадлан итгэмж­лүүлэхээр явж байна. Ингээд үндсэндээ манай сургууль найман хөтөлбөр хэрэгжүүлнэ. Дээр нь АНУ-ын сургуультай 3+2 хөтөлбөрийн гэрээ хийгээд түрүүчээс нь оюутнуудаа сонгож авч байна. Энд математик, англи хэлний чиглэлээр сурч буй оюутнууд бий. ОХУ, Герман, Солонгос, Япон улсын багшийн сургуулиудтай 3+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр эхэлж байна. Мөн БНХАУ-ын томоохон сургуулиудтай хамтарч ажиллаад эхэлчихсэн явж байгаа.

-Таны хувьд Монголын их дээд сургуулиуд Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд сургалтын хөтөлбөрөөс гадна өөр ямар хүчин зүйл дутаж байна гэж хардаг вэ?

-Монголын их,  дээд сур­гуулиудын хамгийн дутаг­далтай зүйл бол судал­гааны  лабор­тори, мате­риаллаг байд­лаа сайж­руулахгүй байх юм. Судалгаа шинжилгээг сайжруулах боломжийг бүрдүүлэх нь хамгийн том зорилт. Манай сургууль молекул генетикийн лабор­тори байгуулахаар ажиллаж байна. Энэ лаборторийн нэг багаж нь тэрбум төгрөгийн  үнэтэй байдаг. Тийм учраас оюутны төлбөр, багшийн цалин мөн хувьсах зардлаа төлөөд тэрнээсээ илүү гаргаж лаборатори байгуулах гэдэг хязгаарлагдмал учир төр засгаас энэ талаар бодлого хэрэгжүүлэх байх. Сургалтын орчин нөхцөл, хөтөлбөрөө сайжруулахад олон улсын жишигт хүрнэ. Цаашдын зорилго мэддэг мэддэгээ хийх биш, хийх чадвартай бүтээлч сэтгэлгээтэй багшийг бэлтгэх зорилготой. Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас хамаардаг учраас багш хүний чанарыг өндөр түвшинд хүргэхийг  зорилгоо болгон ажиллаж байна. 

Эх сурвалж: Dardas.mn