"ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ-ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД" сургалт өндөрлөв


МУБИС, БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран ЕБС-ийн Дуу хөгжмийн багш нар, орон нутгийн Соёлын төвийн хөгжмийн багш нар, Хөгжмийн багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын 30 -аад багш нарыг сонгон Улсын хэмжээнд Хүүхдэд хөгжмийн боловсрол олгох сургалтыг эрчимжүүлэх зорилгоор "ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ-ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД" сэдэвт үндэсний СУРГАГЧ БАГШ бэлтгэх сургалтыг 2019 оны 6-р сарын 13-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, хаалтын арга хэмжээг өнөөдөр хийлээ. Сургалтыг АНУ-ын Калифорн мужийн их сургуулийн хөгжмийн боловсролын мэргэжилтэн доктор ЖОН ВАЙТНЕР удирдан явуулсан нь онцлог болов. Хаалтын үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн н.Батцэцэг, ЗГХА -Соёл урлагийн газрын дарга МУГЖ Г.Эрдэнэбат, МУБИС-ийн дэд захирал Б.Сүхболд, Багшийн сургуулийн захирал доктор Ц.Дэлгэрсайхан, Багшийн сургуулийн Хөтөлбөрийн албаны дарга доктор Б.Булган, "Зууны манлай эстрадын дуучин", поп дива МУГЖ Б.Сарантуяа, АНУ-ын Хөгжмийн боловсролын мэргэжилтэн доктор Жон Вайтнер нар болон хөгжмийн боловсролын багш, мэргэжилтнүүд хүрэлцэн ирж оролцон сургалтыг амжилттай дүүргэсэн багш нарт ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ-ийн батламжийг гардуулан өгч, амжилт хүслээ. 
Энэ үеэр хүрэлцэн ирсэн зочид болон төгсөгчид Жон багшийнхаа хамт сэтгэгдлээсээ хуваалцан, харилцан талархалаа илэрхийлэв. Мөн сургалтын хугацаанд сурсан хөгжмийн зэмсгээрээ олон төрлийн аялгууг багш нар маань чадварлаг тоглон сонсогчдын сэтгэлийг хөдөлгөсөн юм. Учир нь сургалтад оролцсон багш нар анх удаа төрөл бүрийн үлээвэр хөгжмийн зэмсгээр хөгжимдөж суралцсан нь онцлох үйл явдал болсон байна. Уг сургалтын хөтөлбөрт: Лимбэ, Кларнит, Альто саксфон, Бүрээ, Трамбон, Цохивор хөгжим зэрэг үлээвэр хөгжмийн зэмсгийн анхан шатны сургалт, хөгжмийн зэмсгийн танхимын сургалтын арга зүй, Хөгжим анхлан суралцагчдад заах арга зүй, хөгжмийн хичээлийн менежмент зэрэг хөгжмийн багш нарт хэрэгцээтэй, сонирхолтой олон чиглэлийн агуулгууд багтсан нь суралцагч нарт ихэд таалагджээ. Ингээд Алс хол АНУ-аас хүрэлцэн ирж Монгол хүүхдүүдийн хөгжмийн боловсролд хувь нэмэрээ оруулах өндөр ач холбогдол бүхий шинэлэг сургалтыг амжилттай зохион байгуулж өндөрлүүлсэн доктор ЖОН ВАЙТНЕР багшдаа нийт хамт олон болон шавь нарынх нь өмнөөс гүн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.