“Боловсролын шинэчлэл, багшийн хөгжил” ОУЭШХ амжилттай боллоо


МУБИС-ийн Архангайн Багшийн сургууль жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлалтай билээ. Ээлжит хурал 2019 оны 04 сарын 19 –ны өдөр “Боловсролын шинэчлэл, багшийн хөгжил” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.
Тус хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, АНУ, Камерун зэрэг гадаадын эрдэмтэн судлаачдаас гадна дотоодын олон сургуулийн төлөөлөл оролцож сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. 
Энэ арга хэмжээнд МУБИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал доктор (Ph.D), Х.Тамир, МУБИС-ийн Захиргаа хүний нөөцийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Сүхболд, аймгийн Засаг даргын орлогч, Б.Болормаа нарын төлөөллүүд оролцсоноос гадна МУБИС-ийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч, академич Б.Жадамба, НХУС-ийн багш доктор (Ph.D), профессор С.Эрдэнэмаам, БоСС-ийн багш, доктор (Ph.D), профессор Ш.Ичинхорлоо нарын зэрэг хүндэт профессор, эрдэмтэн судлаачид оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн юм. 
Энэ удаагийн хуралд нийт 7 орны эрдэмтэн, судлаачид боловсролд тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг хайсан олон сайхан илтгэл хэлэлцүүлсэн нь тус хурлын ач холбогдол, үр өгөөж, чанар чансааг харуулсан явдал болсныг хурлын төлөөлөгчид болон сургуулийн захирал, хурал зохион байгуулах комиссын гишүүд онцлон тэмдэглэлээ.