Дорнын эдийн засгийн V чуулган уулзалтанд оролцоод ирэв


ОХУ-ын Владивосток хотод  болсон "2019 оны Дорнын Эдийн засгийн V чуулга уулзалт"  2019 оны 9 сарын 4-5-ны хооронд амжилттай болж  өндөрлөлөө. Тус чуулга уулзалтанд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, МУБИС-ийн захирал Д.Мандах, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, МУИС-ийн номын сангийн захирал Г.Цэрэн нар төрийн өмчит их, дээд сургуулиудыг төлөөлөн оролцов.

2019 оны Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтанд Монгол улсын ерөнхийлөгч Х. Баттулга, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэг, Малайз болон Япон улсын ерөнхий сайдууд оролцож байгаагаараа онцлогтой байлаа.

Тус уулзалтын үеэр дээрх их дээд сургуулиудын төлөөллийг Дорно Дахины Их Сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Панова Виктория Владимировна, Хүмүүнлэгийн Их Сургуулийн захирал Феликс Ашимов болон бусад төлөөллүүд хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллааны талаар ярилцан сургуулиа танилцууллаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар 100 мянган оюутны кампус байгуулах санаачилгын хүрээнд туршлага судлах, хамтран ажиллах талаар талууд мөн саналаа солилцов.

Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтын төгсгөлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын ивээл дор өсвөрийн жүдо бөхийн тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд уг тэмцээнд ОХУ, Япон, Монгол, БНХАУ, БНСУ-ын өсвөрийн тамирчид өрсөлдлөө. Уг тэмцээнийг их дээд сургуулиудын төлөөлөл очиж үзсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний ялагчдад шагнал гардуулсан болно.

Хэвлэл мэдээллийн баг