Хот, хөдөөгийн 40 ЕБС-д Физикийн багаж гардуулж өглөө


МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхимийн эрдэмтэн багш нарын зохион бүтээж үйлдвэрлэсэн ЕБС-ийн Физикийн сургалтын лаборатори туршилтын багц багаж хэрэглэгдэхүүний хоёрдугаар хэсгийг нийслэл болон хөдөөгийн 40 Ерөнхий боловсролын сургуульд гардуулж өгөх арга хэмжээ МУБИС-ийн 3-р байрны Номын санд 4-р сарын 18-ны өдөр боллоо. Энэхүү багаж төхөөрөмжийг МУБИС-ийн МБУС-ийн дэргэдэх "МОНОЦҮКҮРИ" төв, Япон улсын "ALL Life Line Net" ТББ хамтран хэрэгжүүлж буй "Монголын улсын Байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь" төслийн хүрээнд зохион бүтээж үйлдвэрлэн багш нар, сурагчдын гар дээр тавиад байгаа юм. Энэ удаагийн Физикийн сургалтын багц багаж төхөөрөмжид "Механикийн цогц багаж, гарын авлагын хамт", "Хурдатгал хэмжигч", "Хурд хэмжигч багажны багц", "Налуу хавтгайн багц багаж", "Штативын багц", "APDUINO багаж багцаараа, гарын авлагын хамт", "Динамометр", "Тэргэнцэр", "резинэн бөмбөгүүд", "АА зай", "ААА зай" гэх зэрэг арваад төрлийн нийтдээ зах зээлийн үнээр 15 сая орчим төгрөгийн багаж төхөөрөмжийг / 1 сургуульд 6 хайрцаг/ гардуулан өгсөн баярт мөч болов. Арга хэмжээнд МУБИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал проф. Д.Наранцэцэг, ЗХНА эрхэлсэн дэд захирал Б.Сүхболд, МБУС-ийн захирал дэд проф. О.Алтангоо, МУБИС-ийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч акад. Б.Жадамбаа, МБУС-ийн дэргэдэх "МОНОЦҮКҮРИ" төвийн эрхлэгч проф. Р.Базарсүрэн, Япон улсаас Монгол улсад суух элчин сайд асан Япон улсын "ALL Life Line Net" ТББ-ын ерөнхийлөгч Кидокоро Такүо төслийн багийн гишүүд, зочдын хамт хүрэлцэн ирж оролцов. Ийнхүү Увс, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Архангай, Булган, Орхон, Өмнөговь, Дархан, Төв /10-аад сумд/ зэрэг аймгийн болон нийслэлийн бүх дүүргийн нийт 40 ЕБС-иуд энэхүү багаж хэрэгслэлийг хүлээн авч баяртай байгаа илэрхийллээ. Бүх эрдэмтэн багш нартаа баяр хүргэж, талархал илэрхийлье.

Т.Дуламрагчаа