УИХ-ын дарга Г.Занданшатар хүрэлцэн ирлээ


МУБИС-ийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ 9-р сарын 2-ны өдөр  ёслол төгөлдөр, өргөн болов. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүрэлцэн ирж оролцсон нь онцлох үйл явдал байв. Тус арга хэмжээнд МУБИС-ийн удирдлагууд болон олон хүндэт зочид, эрдэмтэн багш нар, оюутан залуус өргөнөөр ирж оролцлоо. Хөтөлбөрийн дагуу МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах хичээлийн шинэ жилийг нээж үг хэлэн Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлж, хамтдаа дуулцгаав. Нээлтэд МУ-ын Ардын багш Ц.Өнөрбаян, Г.Лхаахүү, МУГБ академич Б.Жадамбаа, профессор Х.Мөнхбаяр, ШУА-ийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэл нар хүндэт зочноор хүрэлцэн ирж оролцон оюутан залууст хандан үг хэлж, амжилт хүссэн юм. “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан НХУС-ийн 2-р ангийн оюутан Б.Гармаа сэтгэгдэлээ хуваалцан МУБИС-ийн “Элсэгчийн тангараг”-ийг өргүүллээ. Мөн МУБИС-ийн шилдэг оюутны төлөөлөл 2018-2019 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт амжилттай хамрагдсан Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны багшийн ангийн 2-р курсийн оюутан, бэлтгэл ахлах түрүүч Бат-Эрдэнийн Гармаа,  2018-2019 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт амжилттай хамрагдсан Математик, Байгалийн Ухааны Сургуулийн Программ хангамжийн 2-р курсийн оюутан Чинзоригийн Бүтэнбаяр, Хөнгөн атлетикийн Гурвын харайлтын төрлийн Монгол улсын 5 удаагийн аварга, Өсвөр үе болон насанд хүрэгчдийн рекорд амжилтын эзэн, Хөнгөн атлетикийн холбооны шилдэг эмэгтэй тамирчин цомын эзэн, Биеийн тамирын сургуулийн 3-р курсын оюутан Энхбатын Оюундарь, Өсвөр болон Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний Алт, Мөнгөн медальт, Хонгконг болон Макао хотод болсон Азийн оноо олгох нээлттэй тэмцээний алтан медалиудын эзэн, Киргиз улсад болсон Азийн нээлттэй тэмцээний мөнгөн медальт, Кураш болон Самбо бөхийн улсын аварга, Биеийн тамирын сургуулийн Спортын дасгалжуулагчийн ангийн 3-р курсийн оюутан Батхуягийн Гончигсүрэн нар МУБИС-ийн Далбааг мандууллаа. Уламжлал ёсооор МУБИС-д элсэгчдэд өндөр онооны тэтгэлэгийн эрхийн бичиг гардуулах арга хэмжээ болов. УИХ-ын дарга Г.Занданшатар хичээлийн жилийн нээлтэд үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэн МУБИС-ийнхан болон нийт суралцагч нарт амжилт хүссэний дараа хичээлийн жилийн нээлтийн хонхыг цохих арга хэмжээ болж,  нээлт амжилттай өндөрлөлөө. Нээлтийн ёслолын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар багш, оюутнуудтай “Боловсролын шинэчлэл” сэдэвт уулзалт ярилцлагыг МУБИС-ийн В-123 танхимд хийсний дараа МУБИС-ийн багш, оюутны бүтээлийн үзэсгэлэн, номын сантай танилцав. Ингээд нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчид болон МУБИС-ийн хамт олон, эрдэмтэн багш нар, оюутан суралцагчдадаа хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлж, амжилт хүсье.