"Багш мэргэжлээр суралцагчдын хандлагын үнэлгээ" сэдэвт ЭШХ-ыг хийв


МУБИС-ийн Эрдэм шинжилгээ инновацийн алба, Боловсрол судлалын сургууль, Сэтгэл судлал арга зүйн тэнхим, "Багш мэргэжлийн хандлагыг үнэлэх үнэлгээний үндэслэл боловсруулах" төслийн багийн эрдэмтэн судлаачид хамтран "Багш мэргэжлээр суралцагчдын хандлагын үнэлгээ" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр үдээс өмнө амжилттай зохион байгуулав. МУБИС-иас 2014 оноос эхлүүлсэн Багш боловсролын шинэчлэлийн ажлын хүрээнд багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл хийхдээ түүний үзэл баримтлал, агуулга, арга зүй, орчин, үнэлгээ зэргийг Олон улсын жишигт нийцүүлэхийг зорьж, сургалтын хөтөлбөрийн бүтэц, дизайн болон үндсэн зохион байгуулалт нь орчин үеийн сургалтын хэв шинж, эрх зүйн нийтлэг шаардлагад нийцсэн, түүнд чанарын үнэлгээ хийх, цаашид тасралтгүй хөгжүүлэх сайжруулах боломж нөхцлийг хангасан байх шаардлага тавьсан билээ. "Багш боловсролын сургалтын хөтөлбөрт хандлагыг тодорхойлж тусган өгсөн боловч түүнийг ямар агуулгаар хэрхэн хэрэгжүүлэх, яаж үнэлэх, төгсөгчдийн эзэмшвэл зохих мэдлэг чадвараас салгахгүйгээр хэрхэн төлөвшүүлэх тухай асуудал багш бэлтгэдэг их сургуулийн хувьд чухал хэвээр байна" хэмээн эрдэмтэн багш нар маань үзэж байна. Ийнхүү багш мэргэжлээр суралцагчдын хандлагын үнэлгээг боловсронгуй болгох асуудалд хувь нэмэр болох, суралцаж буй болон төгсөгчийн мэргэжлийн хандлагыг үнэлэх үнэлгээний аргачлал, өгөгдлийн санг боловсруулж, туршилт судалгааны ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэсэн ажлынхаа явц үр дүн болон энэ чиглэлээр хийсэн ажлуудаа олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэхээр энэхүү хурлыг зохион байгууллаа. Хуралд Захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Сургалт эрхэлсэн дэд захирал дэд проф. Х.Тамир нар оролцож санал бодлоо солилцов. Хуралд боловсрол судлал болон сэтгэл судлалын ухааны олон эрдэмтэн багш нар (проф. О.Мягмар, проф.Ш.Ичинхорлоо, доктор Ч.Байгалмаа, доктор Э.Октябрьжаргал, доктор О.Энхтуяа, докторант Н.Оюут-Эрдэнэ, О.Жаргалсайхан ... ) дээрх сэдвийн хүрээнд судалгааны ажлын үр дүнгээсээ илтгэл бэлтгэн хэлэлцүүллээ. Хурлын эмхэтгэл хэвлэгдсэн оролцогчдын гар дээр очсон нь онцлох үйл явдал байв.