И.ЯМАШИТАД Боловсрол Судлалын Сургуулийн “Хүндэт профессор” цол олгов


Боловсрол судлалын сургуулийн Сургалт-Эрдэм шинжилгээний зөвлөлийн шийдвэрээр Япон улсын Нийгмийн халамжийн их сургуулийн професссор И.Ямашитад Монголын Нийгмийн ажлын боловсролын салбар, МУБИС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимтэй хамтран ажилласан 20 жилийн хугацаандаа нийгмийн ажил, нийгмийн хамгааллын чиглэлээр Монгол-Япон улсын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн нийгмийн ажилтнуудыг бэлтгэх, сургуулийн нийгмийн ажлыг үүсгэн байгуулах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн МУБИС-ийн Боловсрол Судлалын Сургуулийн “Хүндэт профессор” цол хүртээснийг БоСС-ийн захирал доктор, дэд проф.Г.Цогзолмаа эрдэмтэн багш нарын хамт өргөмжлөл медалионыг 2019  оны 6-р сарын 11 ны гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Ахмад багш, профессор И.ЯМАШИТА нь 1999 оноос хойш өнөөг хүртэл манай улсын нийгмийн халамжийн салбарт төдийгүй, тус салбарын мэргэжилтэн бэлтгэх болон нийгмийн ажлын онол арга зүйгээр зөвлөн туслах, хандив тусламж үзүүлэх, халамж асаргаанд байдаг хүүхэд залуусыг гадаад, дотоод мэргэжил эзэмшүүлэн амьдралд хөлөө олоход нь туслах зэрэг олон талаар өнөөг хүртэл тасралтгүй хамтарч ажилласаар байдагт манай улсын тус салбарын эрдэмтэн багш нар, ажилтан албан хаагчид гүн талархаж явдаг юм. Өнөөдрийн энэ ёслолын арга хэмжээнд БоСС-ийн захиргааны хамт олон болон Нийгмийн ажил арга зүйн тэнхимийн эрхлэгч доктор дэд проф.Т.Цэндсүрэн, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт-хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн, Ямашита багшийн шавь МУБИС-ийн Нийгмийн ажлын ангийн төгсөгч, Япон улсад магистрын зэрэг амжилттай хамгаалж ирээд байгаа н.Зөмөрөн нарын олон хүмүүс хүрэлцэн ирж талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ. Ингээд Боловсрол судлалын сургуулийн ХҮНДЭТ ПРОФЕССОР И.Ямашита танд МУБИС-ийн хамт олны өмнөөс халуун баяр хүргэн, Монголчуудынхаа өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.