“БИЕИЙН ТАМИРЫН БОЛОВСРОЛ, СПОРТЫН ХӨГЖИЛ" улсын хурал эхэллээ


БСШУСЯ, МУБИС, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ хамтран Биеийн тамир, спортын хөгжлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр анх удаа ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ Засгийн газрын III байрны 401 танхимд өнөөдөр нээж, үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Хуралд МУБИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор, профессор Д.Наранцэцэг мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн үг хэлэв. Мөн хүндэт зочноор МУБИС-ийн ахмад төгсөгч, МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУГТ, Олимпийн Мөнгөн медальт, Дэлхийн аварга, 20-р зууны Манлай бөх, Дэлхийн зуун жилийн бөхийн Од, Даяар дуурсагдах даян дархан аварга, Боловсрол судлалын шинжлэх ухааны (Sc.D), профессор Хорлоогийн Баянмөнх, МУБИС-ийн ахмад багш, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн Мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга Зэвэгийн Ойдов нар оролцлоо. Хурлын үндсэн илтгэлийг БСШУСЯ-ны БТС-ын Бодлогын газрын дарга Э.Мөнхбилиг, МУБИС-ийн БТС-ийн захирал доктор Г.Энхсайхан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТС-ын газрын Биеийн тамирын бодлого, хэрэгжилтийг зохицуулалтын хэлтэсийн дарга Г.Одбаатар, ХБНГУ-ын профессор Дийтхэлм Блэкинг нар тавьсан юм. БСШУСЯ-наас "Судалгаанд суурилсан их сургуулийн хөтөлбөр"-ийг боловсруулж, "Токио-2020" зуны олимп хаяанд ирсэн энэ цаг үед Биеийн тамир, спортод тулгамдаж асуудалд тооцоо судалгаатай хандан, олон талаас нь судалсан ажлын үр дүнгээ танилцуулж, хэлэлцүүлэн байгаа нь чухал ач холбогдолтой юм. Анхдугаар энэ хуралд ХБНГУ, Словак, БНХАУ-ын эрдэмтэн судлаачид судалгааны үр дүнгээсээ танилцуулж байгаа нь бас онцлог байв. Үндсэн хуралдааныг МУБИС-ийн БТТ-ийн эрхлэгч доктор С.Туул, БТСГ-ын судлаач доктор Ш.Долгор нар удирдан чиглүүлэв. Биеийн тамир, спортын улсын хэмжээний Эрдэм шинжилгээний хурал  "Биеийн тамирын боловсрол, эрүүл мэнд", "Спорт ба Шинжлэх ухаан" гэсэн хоёр салбар хуралдаанаар үргэлжлэн эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүлж эхэллээ. 
Хуралд БТС-ийн салбарын болон төрийн ба төрийн бус их , дээд сургуулиудын удирдлага, эрдэмтэн судлаачид оролцож байгаа бөгөөд хурал нь маргааш буюу 4-р сарын 13- нд үргэлжлэх юм. Ингээд хурлын арга хэмжээнд амжилт хүсэж, эрдэмтэн судлаачид, багш, дасгалжуулагч нартаа эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.