Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Нийтлэл

ТЭД ӨНГӨРСӨН ХУГАЦААНД 330 Л ЦУСАА БЭЛЭГЛЭН 1600 ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМИЙГ АВАРЧЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан "Цусаа бэлэглэе" аяны хүрээнд "Цусны донорын дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан МУБИС-ийн оюутан багш нар 3 дахь жилдээ цусаа бэлэглээд байна. Энэ жилийн энэхүү МУБИС дээр зохиогдсон арга хэмжээнд Монгол Улсын Хүндэт донорууд хүрэлцэн ирж цусаа өгч буй оюутнуудад зөвлөн тусалж байв. Энэ үеэр тэднээс зарим зүйлийг тодруулан асууж сонирхов.
Эдгээр Хүндэт донорууд маань бүгд өөр өөрийн үндсэн мэргэжил, ажил төрөлтэй ажээ. Тэд оюутан цагаасаа өнөөдрийг хүртэл нийт 40 шахам жилийн хугацаанд 330 л цусаа бэлэглэн 1600 эрдэнэт хүний амийг аварсан гэж бодохоор өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа. Энэ үеэр ХНУС-ийн 1-р курсийн оюутан Д.Оюундэлгэр би хүнд туслах туслах дуртай ийм учраас энэ ах, эгч нар шиг донор болохыг хүсдэг, би 2 дахь удаагаа цусаа бэлэглэж нийтдээ 800 гр цусаа өгөөд байгаагаа хөөрөхөд шинэхэн оюутнаараа бас бахархав. Ингээд хүндэт донор ах, эгч нарыг та бүхэндээ танилцуулъя.

Х.Төмөрсүх: Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, ОХУ-ын Улан-Удэ хотод ПДС төгссөн. Хүнсний технологич инженер мэргэжилтэй. УБ хотын “Талх чихэр” ХХК-ын Хүнсний технологич инженерээр ажилладаг. Оюутан цагаасаа эхлэн 28 жил цусаа бэлэглэн  МУ-ын “Хүндэт донор” цолтой. Нийтдээ Цус сэлбэх судлалын үндэсний төвд 102 литр цусаа бэлэглэсэн буятан ажээ.

Д.Ургамал: Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул. Сувилагч мэргэжилтэй, 1973 онд оюутан цагаасаа эхлэн цусаа бэлэглэн нийт 80 литр цусаа бэлэглэжээ. МУ-ын “Хүндэт донор” цолтой. 

Г.Балжинням: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат. Санхүүгийн техниккум төгссөн. Нягтлан бодох мэргэжилтэй. Мөн оюутны ширээнээс цусаа өгч эхэлсэн бөгөөд 1977 оноос өнөөг хүртэл 43 литр цусаа бэлэглээд байгаа ачтан ажээ. МУ-ын “Хүндэт донор цолтой.

Г.Жамц: Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул. 1960 онд УБДС-ийн Ерөнхий техник хөдөлмөрийн багш мэргэжлээр төгссөн. 1960 оноос өнөөг хүртэл 70 литр цусаа бэлэглэсэн ахмад донор юм. МУ-ын “Хүндэт донор” цолтой. 

Ч.Болд: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул. МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. Өнгөрсөн хугацаанд 30 литр цусаа бэлэглэжээ.

Оюутан Д.Оюундэлгэр: УБ хотод төрсөн. МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн 1-р курсийн оюутан. 800 грамм цусаа өгөөд байгаа цаашдаа донор болох хүсэлтэй. 800грамм цусаар 6 хүний амийг аврах ачтай ажээ.

Дээрх “Хүндэт донор” ууд маань бүгд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медиалиар шагнагдан мөн төрийн дээд шагнал болох “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” тус тус хүртжээ. МУ эрхэм хүндэт доноруудаа халамжлан жилд нэг удаа рашаан сувилалд үнэ төлбөргүй амраах, Эмнэлэг болон нийтийн тээврийн үйлчилгээнд үнэ төлбөр, очерь дугааргүй үйлчлүүлэх эрх өгдөг ажээ. 12,1 литр цусаа бэлэглэсэн иргэн “МУ-ын Хүндэт донор” хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болох болзол хангадаг байна. Ингээд  эрдэнэ хүмүүний алтан амийг аварч, амьдрал бэлэглэдэг энгүй их ачтан эрхэм хүндэт донорууд та бүхэндээ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ач буянтай ариун үйл хэрэгт нь улам их амжилтыг хүсэн ерөөе.


МУ-ын Хүндэт донор С.Төмөрсүх /зүүн гараас/


МУ-ын Хүндэт донор Д.Ургамал


МУ-ын Хүндэт донор Г.Балжинням


МУ-ын Хүндэт донор Г.Жамц


МУ-ын Хүндэт донор Ч.Болд


Оюутан Д.Оюундэлгэр


Т.Дуламрагчаа

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2