Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Цахим зочин

Цахим зочиноор МУГБ Ц.Ядамжав багшийгаа урилаа
Энэ удаагийн “Цахим зочин” буландаа МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуулийн ахмад багш, дэд профессор, МУ-ын Гавьяат багш Цэрэнгийн Ядамжав багшийгаа урьж дурсамж дүүрэн яриа өрнүүллээ.

Юуны өмнө танд МУБИС-ийнхаа вебсайтын ЦАХИМ ЗОЧИН-гийн урилгыг хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлье. Сайхан зусаж байна уу Та? Ингээд МУБИС-тайгаа хэдий үеэс холбогдсон талаар яриагаа эхлүүлье?
 
Сайхан зусаж байнаа. Бороо хур орж сайхан зун болж эхэлж байна.
Төрөлх МУБИС-ийн вэб сайтад “Цахим зочин”-оор уригдсандаа маш баяртай байна. Миний хөдөлмөрийн дэвтэрт “Гэгээрлийн яамны сайдын тушаалаар УБДС-д багшаар томилов”, “Өндөр насны чөлөөнд гарсан тул ректорын тушаалаар багшийн ажлаас чөлөөлөв” гэсэн хоёрхон бичлэг байдаг тул ажил хөдөлмөрийн түүхээр багахан хүн шүү дээ. Гэхдээ яахав, уяатай ботго өдөржин гадсаа тойрдог шиг энэ ач буянтай их сургуулийнхаа гал голомтыг тасралтгүй 57 жил тойрон эргэлдсэн болохоор хэлэх зүйл чамлалтгүй байх юмаа.

60-аад жил гэдэг тань багагүй хугацаа шүүдээ багшаа. Та унасан газар, угаасан усныхаа талаар тодруулж ярина уу ?
Миний бие Монголын түүхэнд их хэлмэгдүүлэлтийн хатуу ширүүн жил хэмээн тэмдэглэгдэн үлдсэн 1938 оны шороон бар жил Алтайн урианхайн Саруул гүний хушуу, одоогийн Баян-Өлгий аймгийн Тулба /Толбо/ сумын нутаг Сайр уул, Дөрөө нуур хоёрын дунд байх Гэдгэр толгой гэдэг газар эхээс хүй тасарчээ. Хүний хорвоод намайг авч ирсэн ээлтэй жил минь боловч төрсөн эцгийг минь хэлмэгдүүлэн авч одсон тул 1938 он миний хувьд цагаан хар хоёр эсрэг өнгөөр төсөөлөгддөг юм. Миний төрсөн эцгийн минь цагаатгалын бичигт Гулдуу овогтой Чүлтэм, нас 29, Ховд аймгийн Дөрөө нуур сум /одоогийн Баян-Өлгий аймгийн Тулба сум/-ын 3-р баг урианхай, ам бүл 3 /нэр бичигдээгүй/. Умзад тушаалтай гүрэмч лам байсан 1931 онд Шинжаанд гарч байсан. Хөрөнгийн хувь 29, гэр 1, ял шийтгэлгүй, 1937 хүртэл Дөрөө нуурын /Саруул гүний/ хүрээнд сууж байсан.
Г.Чүлтэм улс төрийн хэрэгт баривчлагдан 1938 оны 5-р сарын 27-ны өдрийн онцгой бүрэн эрхт комиссын хурлаар 20 дугаар тогтоолоор шүүх цаазны бичгийн 42, 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгджээ. Хэргийг хянан шалгаад 1992 оны 9-р сарын 8-ны өдрийн дээд шүүхийн цэргийн комиссын 158 дугаар магадлалаар цагаатгасан байна. Тамга, дарга Д.Тод гэжээ.
Энэ бичгээс бүх зүйл ойлгомжтой байх боловч би яагаад эцгээрээ овоглоогүй юм бол гэх эргэлзээ хэн хүнд төрөх биз. Эцэг баригдан эсэргүүнд тооцогдсон тул төрсөн ээж минь намайг эсэргүүний хүүхэд гэгдэхээс халгаж эгч Цэрэндээ өргүүлснээр би Цэрэнгийн Ядамжав гэгдэх болсон товч түүх энэ юм.

Та бага насаа дурсвал?
Миний бага нас нийт монгол малчны хүүхдүүдийн адил хонь хурганы бэлчээрт, чулуун тоглоом дунд ядуу татуухан өсч сургуулийн насанд хүрсэн. 1948 онд 10 настайдаа “хөгширсөн” хойно сургуулийн хаяанд ирсэнээ азтайд тооцдог. Яагаад гэвэл манай сумын казах сургуульд монгол хүүхэд сурах анги байхгүй тул монгол хүүхдүүд сургуульд орж чаддаггүй байв. Энэ байдлыг төр засгаас харж үзээд сумын сургуульд монгол нэг анги нээж 8, 9, 10 настай хүүхдүүдийг хамран сургаснаар цаашид сургууль соёлын мөр хөөх зам нээгдсэнийг азтайд тооцож байгаа юм. Гуравдугаар ангидаа Баян-Өлгий аймгийн 2 дугаар дунд сургуульд шилжин сураад 1958 онд 10-р анги төгссөн. Сурагч ахуйдаа өндөр боловсролтой сайн багш нарын ач нөлөөгөөр гайгүй сайн суралцсан минь цаашид мэргэжил эзэмшиж, ажил хөдөлмөр эрхлэхэд суурь болсон гэдгийг хожим ухаарсан билээ.

Эрдмийн болон ажил амьдралын гараа нь хэрхэн эхлэв?
Залуу хүн бүрийг мэргэжил боловсролтой болгож, заавал хөдөлмөр эрхлүүлэн, наанадаж амьдрал ахуйгаа авч явах, цаанадаж улс орондоо хэрэгтэй үйл бүтээдэг болгоход нь нам, төрөөс ихээхэн анхаардаг байсны хүчинд миний мэтийн ядуу дорой малчин ардын хүүхэд улсын зардлаар ямар ч мэргэжилтэй, ажил төрөлтэй болох зам бүрэн нээлтэй байсан цаг үед өсөж өндийсөндээ хувьдаа баярладаг шүү. Дунд сургууль төгссөн жилдээ Улсын Багшийн Дээд Сургууль хэмээх хишиг буянтай их айлын өндөр босгыг давж, өргөн хаалгаар анх орсноор оюутны 4 жил, багшаар ажилласан 53 жилийг туулж миний амьдрал, ажил хөдөлмөрийн бүх үе энэ их сургуультай салшгүй холбоотой явж ирлээ. Оюутны 4 жилд төгсөөд тэнд очиж, тийм ажил эрхэлнэ гэж нэг их мөрөөдөж байсангүй.
Хичээл сурлагадаа хичээж Б.Гончигдорж, Б.Доржням багш нар шигээ их юм мэддэг, чаддаг болохыг хүсдэг байснаа одоо эргэн санадаг юм. Ерөөс оюутнууд их ч уншдаг, их ч сууж ажилладаг байсан нь одоогийнх шиг телевизор, интернэт мэт мэдээллийн хэрэгсэл байхгүй, мэдлэгийг ганцхан номоос авдагтай холбоотой байсан болов уу. Тэгэхдээ ном шиг дуулгавартай, өгөөжтэй багш хаа ч, хэзээ ч байхгүй гэдэгт оюутан ахуй цагаасаа баттай итгэсэн хүндээ би.

Оюутан нас тань дурсамж дүүрэн байсан байхдаа?
Оюутан болсон анхны намар Батсүмбэрийн сангийн аж ахуйд ургац хураалтад оролцсоноор эхэлж, дараа нь багш болж оюутан удирдан явдаг болсноор 22 жил САА-д ажилласан байдаг юм.
САА-д 40 гаруй хоног явж ирээд 1958 оны 10 дугаар сарын 10-нд анхны хичээлдээ орж байв. Хичээл эхлэхээс өмнө 30-40 хоног намрын ургац хураалтад оролцдог байсан нь саяхан дунд сургууль төгссөн булбарай хүүхдүүдэд хал үзэж, бүтээлч хөдөлмөрийн амтыг мэдрүүлэх, анги хамт олонтойгоо ойртон танилцаж нүүр хагарах, эрүүл сайхан байгальд өлчиржин чийрэгжих, эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцсон гэдгээрээ бахархах зэрэг тал бүрийн ач холбогдолтой байсны зэрэгцээ чамлалтгүй хэдэн зуун төгрөг авч, анхныхаа хөдөлмөрийн үр шимээр ботинк, костюм хүртэл авч чаддаг байв. Үүнийг дурьдаад байгаагийн учир бол одоо энэ уламжлалыг сэргээх үйл хэргийн нэг гэдгийг хэлэх гэснийх юмаа.
Бидний анхны оюутан болж байсан 1958 оны үед УБДС-ийн хичээлийн байр нь 1951 он хүртэл Засгийн газар, намын төв хорооны байр байсан тул дотор талын танхимууд нь гоёмсог тоноглол, хээ чимэглэлтэй, сүрлэг сайхан байв. Тухайлбал үүдний өрөө болон гурван давхрын хонгилуудын хана, таазанд бугын толгойн дүрс бүхий алтлаг өнгийн том том олон унжлагатай гэрлүүдтэй, мөн засгийн газрын хурлын танхим байсан 203-р өрөө хана, таазандаа маш урнаар бүтээсэн хээ угалзтай, 5 ширхэг алтлаг бүрхүүл бүхий гэрэлтэй их сайхан тохилог суудлуудтай байсан. Тэр танхимд нийтийн лекцийн хичээл ороход оюутан бидэнд таатай сайхан мэдрэмж төрж, нозоорол залхуурал бүр арилчихдагсан. Орчин үеийн жишгийг дагаж хичээлийн танхимуудыг дизайны зөв шийдлээр тохижуулах хэрэгтэй нь ажиглагдаад байдаг тул үүнийг дурьдаж байна.Оюутан ахуй цагийн дурсамжууд сэтгэлд мөнхрөн үлджээ.

Тэр үеийн эрдэмт мэргэн багш нарынхаа талаар дурсан ярина уу багшаа?
Өндөр боловсролтой сайхан багш нар юуны түрүүнд сэтгэлд буух юмдаа. Манай дүрслэх урлагийн тэнхимийг үндэслэн байгуулагч Банзрагчийн Гончигдорж багш бидний анхны мэргэжлийн хичээлийн /техникийн зураг зүй/ багш тул биднийг нямбай хичээнгүй байдалд сургах, багшийн ажлын ур дүй суулгахад хамаг цаг заваа зарцуулж ирсэн маш хөдөлмөрч, даруу төлөв зан төрхөөрөө үлгэр жишээ болсон ёстой гэгээрсэн эрдэмтэн хүмүүн байв. Бадамжавын Доржням багш бол тал бүрийн өндөр боловсролтойгоороо гайхагдсан, хэнд ч ая тал засдаггүй шударга, одоогийн ойлголтоор жинхэнэ ардчилсан үзэлтэй хүн байжээ. Оюутан бидний байтугай багш захирал, нам төрийн зарим удирдагчдын бэртэгчин зан авир, үйл ажиллагааг хүртэл ил тод хэлнэ. Жишээлбэл: Манайх Октябрийн баяр, Майн байр, Улсын баяраар туг далбаа, уриа лоозон, байшин барилга, баярын жагсаалын чимэглэл зэрэгт ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, хүн хүчний үргүй зардал чирэгдэл гаргадаг, нам төрийн удирдагчид өөрсдийн зураг хөргийг томоор зуруулж жагсаалын өмнө барьж явуулдаг зэргийг шүүмжлэн ярина.
Үүнээсээ болж насаараа ажилласан тэргүүний сайн багш, тэнхмийн эрхлэгч мөртлөө олигтой шагнал урамшил, алдар цолонд хүрээгүй нь өнгөрсөн нийгмийн хар сүүдэр сайхан багш дээр минь тусаж байсных гэж одоо бодогдож байна. Ардын зураач Гэлэгийн Одон гэж манай улсад дээд боловсролтой зураач багш нарыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан багшийн шавь байснаараа бид азтай хүмүүсээ.
Г. Одон багш:
1.Дүрслэх тэнхмийг зураач мэргэжлийн багш нараар хангах, материаллаг баазыг бүрдүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн.
2. Монголд дотооддоо дээд боловсролтой уран зураач бэлтгэх ажлыг санаачлан зохион байгуулж хэрэгжүүлсэн.
3. Зураач мэргэжлийн багш нарын уран чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь  нэмэр оруулж оюутныг өөрийн биеэр үлгэрлэн дагуулан сургах дэг сургуулийг буй болгосон сурган хүмүүжүүлэгч зураач болохыг энд тусгайлан дурснам.
Энэ гурван ачит багш нар манай Дүрслэх урлаг-Технологийн сургуулийн суурийг тавьж, байгуулсан “Тулгын гурван чулуу” юм гэдгийг онцлон тэмдэглэж байна. Багш нарынхаа эрдмээс зөвхөн оюутан байхдаа хүртэж байсан бус, насан туршдаа ашиглах их хишиг хүртсэнээ өтөлсөн хойноо л ухаарч байна. Үүний нэгэн баримт гэвэл манай зураг-хөдөлмөрийн анхны төгсөгч биднийг тэр үеийн журмаар хот хөдөөгийн сургуульд хуваарилахад миний хуваарийг өгдөггүй удлаа. 7 дугаар сарын арван гарч наадмын дараа Гэгээрлийн яаман дээр очиход боловсон хүчний эрхлэгч надад нэгэн бичиг өгч, сургуулийнхаа захиралд аваачиж өг гэдэг юм байна. Өрөөнөөс гараад үзсэн чинь “Ядамжавыг УБДС-д багшаар томилов” гэсэн бичиг байхад нь эхлээд бараг итгэсэнгүй, дахин дахин уншиж байгаа юм. Үүнийг дурьдсан минь учиртай. Манай тэнхимд С.Ф.Страгонов гэдэг мэргэжилтэн багш байв. Тэр надад их анхаарал халамж тавьж, өндөр шаардлагаар хичээллүүлдэг байсны хүчинд мэргэжилдээ овоо зүгширсэн юм. Мэргэжилтэн нутаг буцах хугацаа нь дуусч, өөрийн оронд ажиллах хүнээ бэлтгэсэн байх тэр цагийн журам ёсоор намайг багшаар үлдээх санал дэвшүүлж декан Б.Доржням багш дэмжиж яаманд санал хүргүүлснээр дээд сургуульд багш болох хувь тохиосон хэрэг л дээ. Саяхан сургууль төгссөн шал ногооноороо байгаа намайг багшийн дөртэй болоход дээр нэр дурьдсан болон нийт багш нар хэмжээлшгүй тус хүргэснийг хэлэхгүй бол нүгэл болох бизээ.

Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад юу хэлэхсэн бол “багш хүн” чухам ямар байх ёстой вэ? таны бодлоор, мөн шавь нараасаа дурсан яривал?

Багш хүнд эрхэмлэн хайрлаж халамжилж явах хүмүүс бол оюутан шавь нар юм. Алс хол аймаг сумаас багш болохоор таныг зорьж ирсэн хүүхдүүд багшдаа хамаг  итгэл найдвараа тавьж энэ багшаар зөвхөн мэргэжил төдийгүй ирээдүйн амьдрал хөдөлмөрийн замаа заалгана даа гэж горьдож байгаа нь илт харагддаг. Иймд багш бол эцэг эхийг орлож байгаагаа ухамсарлавал боломжийн сайн мэргэжилтэн бэлтгэж болно. Үүний тул оюутантай ойр дотно байж уйгагүй ажиллах ёстойг багшилсан он жилүүдэд мөрдөж ирсэн. Би багшлах хугацаандаа 5-6 хичээл зааж, 3000 гаруй багш бэлтгэхэд гар бие оролцжээ. Эд нар дотроос Монгол улсын гавъяат багш, соёлын гавъяат зүтгэлтэн 19, доктор, дэд доктор 12 төрсөн байдаг юм. Эдэн дотроос шинжлэх ухааны доктор профессор Л.Батчулуун, Ц.Цэвээн, Д.Мөнхбаяр, доктор (Ph.D) С.Батчулуун, Д.Дашхүү, Ж.Дашдаваа, Г.Мэндээ, З.Баярмагнай, Д.Цэдэн-Иш, Р.Гоцбаяр, Н.Тэгшжаргал, Б.Сэргэлэн, Х.Тамир, Монгол улсын гавъяат багш Н.Бавуужав, Н.Даваажав, Б.Гомбосүрэн, З.Баярмагнай, Н.Лхагва нарын зэрэг улс орон даяараа ажил хөдөлмөрийн амжилтаараа алдаршсан олон зуун шавь багш нараараа бахархаж байдаг.
Энэ хэдэн тоо миний багшлах ажлын үр дүнг эрх биш илтгэх болов уу. Их дээд сургуульд багшлах гэдэг бол нэн хариуцлагатай хатуу боорцог гэдгийг багшийн замыг туулж байж л ойлгосон. Өөрт оногдсон хэдэн цагийн хичээлийг заахад ч орчин үеийн мэдээлэл сайтай оюутан залуучуудад шинжлэх ухааны үнэдэстэй, итгэл үнэмшил төрөхүйц мэдлэг олгож, насан туршдаа ашиглах уран чадвар эзэмшүүлнэ гэдэгт багшийн ажлын хариуцлага оршдог юм. Үүний зэрэгцээ их сургуулийн багш бол заавал эрдэм судлалын ба бүтээлч ажил эрхлэн гүйцэтгэх давхар үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлэх гэж хэрэндээ зүтгэсэн.

Дүрслэх урлагийн багшийн онцлогийн талаар болон өөрийн тань бүтээлийн талаар тодруулж асуумаар байна?
Дүрслэх урлагийн багшийн хувьд уран бүтээлч байхыг хичээж уран зураг, зураасан зураг, сийлбэрийн урлалаар бүтээл хийдэг. Хоёр удаа уран бүтээлийн бие даасан бүрэн хэмжээний үзэсгэлэн гаргаж үзэгчдэд толилуулсан. /Сайтад тавигдсан гэрэл зурагнуудаас үзнэ үү/. Гадаад, дотоодод гардаг ээлжит үзэсгэлэнгүүд олон удаа оролцжээ. Монголын Урчуудын Эвлэлд 1968 онд элссэн ахмад гишүүн, дүрслэх урлаг судлалын сурталчилгааны холбогдолтой 12 ном, 100 шахам өгүүлэл бичиж нийтлүүлсэн. Үүний дотор “Монгол хээ угалзны эх дүрсүүд”, “Ардын гар урлал”, “Урианхайн сурын харваа наадам”, “Хүн та бид”, “Дүрслэх урлаг Заах арга”-ын 3 цуврал номууд хэвлэгдэнгүүт хурдан борлогдсоныг ч бодоход багш нар, дүрслэх урлаг сонирхогч, нийт уншигчдын сонирхолд нийцсэн бололтой. Дүрслэх урлагийн заах аргын цуврал бүтээлээр боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. Үндсэндээ багш, уран бүтээлч, судлаачийн гурван ажил зэрэг гүйцэтгэж их сургуулийн багшийн үүргээ биелүүлсэн гэж “биеэ тоож” байна даа.

Төрөлх УБТС-ийнхаа талаар болон таны санаа бодол, хэлмээр зүйл юу байна багшаа?
Манай улс Дүрслэх урлаг-технологийн дээд боловсролтой багш бэлтгэж ирсэн 50 гаруй жилийн туршлагатай, ЕБС-ийн мэргэжлийн багшийн хэрэгцээд үндсэндээ хангасан нь том амжилт мөн. Дараагийн үеийн зорилт бол багш нарын заах аргын уран чадварыг боловсронгуй болгоход голлон анхаарч дүрслэх урлагийн сургалтанд сурган хүмүүжүүлэх судалгаа нэвтрүүлэх явдал зайлшгүй шаардагдаж байгаа юм. Дүрслэх урлагт суралцах гэдгийг хүүхэд бүрийг зураач, уран бүтээлч болгох гэж байгаа юм шигээр ойлгож шүүмжилдэг үе байсан. Уг нь дүрслэх урлаг, дуу хөгжим, утга зохиолын хичээлүүд хамтдаа хүүхэд залуучууд, байгаль, нийгмийн гоо сайхныг танин мэдэж, амьдрал ажил хөдөлмөрөө уран сайхны сэтгэлгээнд зохион байгуулах дадалтай болгон төлөвшүүлэхэд чиглэгддэг учиртай. Үүний тул монгол хүүхдийн бие бялдар, оюун ухааны хөгжлийн одоогийн түвшинг судлан тогтоож түүн дээрээ тулгуурлан багачууд хүүхдүүдийг ямар боловсрол, хүмүүжилтэй ямархуу иргэн болгон төлөвшүүлэх вэ? гэдэг бодлогыг боловсруулах хэрэгтэй юм.
1980-аад оны дундуур УБДС-ийн сурган, сэтгэл судлалын тэнхмийн дэргэд хүүхдийн оюун ухааны хөгжлийг судлах лаборатори байгуулж сэтгэл судлал, сурган, дүрслэх урлагийн багш нар оролцож хот хөдөөгийн хэд хэдэн сургууль түшиглэн судалгаа хийж эхэлсэн боловч нийгмийн их өөрчлөлтийн давалгаанд замхарсан нь харамсалтай. Энэ сайхан туршлагыг ашиглаж хүүхдийн бүх талын боловсрол хүмүүжлийн асуудлыг судлах улсын хэмжээний лабораторийг байгуулж ажлуулах ажил одоо ч хүлээгдсээр байгаа юм. Энэ лабораторийн нэг тасаг нь хүүхдийн гоо сайхны боловсролын асуудлыг судлах юм гэж төсөөлж байна. Одоогийн сургууль тэнхмүүдийн ажлыг ажиглаж байхад сургалтын төлөвлөгөөний өөрчлөлт, хичээлийн хөтөлбөр шинэчлэн боловсруулах төдийгөөс хэтрэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, сурган хүмүүжүүлэх ухааны суурь судалгаанд ажлаа чиглүүлээсэй гэж хүсдэгээ илэрхийлье.
Лаборатори байгуулж ажиллуулбал багш нар өргөнөөр татагдан орж эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ тэлнэ. Багш нар шинжилгээний ажлын туршлагатай болж эрдэмжих сайхан бололцоо нээгдэнэ гэх мэт ач холбогдол ихтэй байх нь ойлгомжтой. Манай МУБИС бол улс орондоо олон мянган багш, сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэж өгсөн асар их буянтай, баялаг түүхтэй эрдмийн ордон гэдгийг монгол хүн бүхэн мэднэ. Энэ их сургуулийн хөгжлийн замыг тодорхойлох ил тод баримт байдаггүйд би хувьдаа харамсдаг юм. Ийм сургуулийнхаа түүх хөгжлийн музей байгуулъя гэдэг санааг хэдэн жилийн өмнөөс сургуулийнхаа удирдлагуудад тавьсан боловч байр сав, хөрөнгө санхүүгийн боломжоо харъя гэдэг шалтгаанаар хэрэгжихгүй өдий хүрлээ. Үүнийгээ бүтээхийг харахсан гэж их л хүсэх юмдаа. Угтаа бол музейд тавих баримт материал, музей байгуулахаар чадвартай багш нар бэлэн байгааг ашигламаар санагддаг. Хийвэл ажил их байна даа.
Өнгөрсөн морин жил /2014 он/ миний хувьд төрийн дээд шагнал “Монгол улсын гавъяат багш” цолоор шагнагдсан сайхан жил байв. Энэ шагнал бол олон мянган шавь хүүхдийн гэгээн цагаан сэтгэлийн буян хишиг гэж залбирч бишрэн хүндэтгэж байгаагаа илэрхийлье.

Шавь нартаа болон оюутан залуустаа таны захиж хэлэх үг?
Ахмад багшийн хувьд залуу нөхдөд захихад:
 “Усан далай булагаас эхтэй
Ухаан далай номоос эхтэй” гэдэг ардынхаа мэргэн сургаалыг дагаж уншиж судлахыг эрхэм болговол багш хүн насан туршдаа эрдэмтэй, чадалтай байдгийг сануулахад илүүдэхгүй бизээ.

Багшдаа чин сэтгэлийн яриа өрнүүлсэнд маш их баярлаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд, Тандаа эрүүл энх, урт удаан наслахын, гэр бүл үр хүүхдүүдэд тань аз жаргал, сайн сайхын бүхнийг хүсэн ерөөе.  Үндэсний их баяр наадам хаяанд тулан ирлээ. Та сайхан наадаж, сайхан зусаарай багшаа.
 
Зураг түүх өгүүлнэ:
 



Сурагч нас


Оюутан цаг, намрын ажил


УБДС-ийн Зураг хөдөлмөрийн багшийн ангийн 1962 оны төгсөгчид.
Ангийн багш Б.Гончигдорж /Шугам зураг/, багш АЗ Г.Одон /Уран зураг/,
 Б.Чогсом /Зургийн багш/,  А. Даваацэрэн /Барималын багш/ нарын хамт















 



МУГБ, дэд профессор Ц.Ядамжав багшийн бүтээлээс:

































Ярилцсан: Т.Дуламрагчаа
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2