Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Хамтын ажиллагаа

НХУС-ийн оюутнууд ОХУ-ын Халимаг улсад хүрэлцэн очив
МУБИС, ОХУ-ын Халимагийн улсын их сургууль хооронд хамтран ажиллах тухай гэрээний дагуу НХУС-ийн Орос-англи, Орос-монгол, Орос хэлний багш мэргэжлийн 3-р ангийн 19 оюутан Халимагийн улсын их сургуульд нэг жил суралцахаар энэ сарын 06-ны өдөр тус улсын нийслэл Элсита хотод хүрэлцэн очлоо. Галт тэргээр Москва хот хүртэл дөрвөн шөнө, таван өдөр, Москвагаас цаашаа автобусаар 20 цаг зорчсоор 7600 км зам туулан очсон манай охидыг Халимагийн их сургуулийн гадаад харилцааны албаны төлөөлөгч найрсгаар угтан авч оюутны байрын 5-р давхарт гадаад оюутанд зориулан зассан тохилог өрөөнүүдэд оруулжээ.
Маргааш нь тус их сургуулийн гадаадын оюутны сургалт эрхэлдэг факультетийн декан, доктор, дэд профессор  Любовь Алексеевна Староверкина хэмээх сайхан ааштай эмэгтэй хүлээн авч, сургуулийнхаа тухай дэлгэрэнгүй яриа хийж, хичээллэх анги танхимаа танилцуулав. Нэг группэд 8-аас дээш оюутан суулгадаггүй учир манай охидыг 3 дэд бүлэгт хувааж хичээллүүлнэ, хичээллэх бүх тохилог орчинг бүрдүүлсэн байгаа хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Оюутныг хүргэж очсон проф. С.Эрдэнэмаамыг тус их сургуулийн ректор, профессор Бадма Катинович Салаев, дэд захирал, доктор, профессор Владимир Очирович Имеев нар хүлээн авч уулзжээ. Тус их сургуулийн 45 жилийн ой ирэх 11 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд болох гэж буй, гадаадын 38 оронтой нягт хамтран ажиллаж, оюутныг нь сургадаг, бүгдээс нь төлөөлөгч ирж баяр хүргэхээ мэдэгджээ. МУБИС-иас ч бас өндөр хэмжээний төлөөлөгчид ирнэ хэмээн найдаж байгаа бөгөөд монгол оюутнууд сайн суралцдаг, гадаад хэлэнд их авьяастай, хамтын ажиллагаа цаашид улам идэвхжиж, олон төрөл хэлбэрээр баяжина гэдэгт найдаж байгаа тухай тус уулзалтын үеэр яригдсан байна.
С.Эрдэнэмаам багш Халимагийн их сургуулийн ректорт МУБИС-ийн ректор доктор Д.Мөнхжаргалын халуун дотно мэндчилгээг дамжуулж, ойн арга хэмжээнд бусад чухал ажил давхцахгүй бол өөрөө ирнэ, ямар нэгэн чухал ажил давхацваас орлогч захирлуудынхаа нэгийг заавал ирүүлнэ гэснийг уламжилжээ. Ректор Б.К.Салаев доктор Д.Мөнхжаргалд хариу талархал илэрхийлсэн байна.


Манай оюутнууд замдаа алдарт Улаанталбайд зочилсон нь

НХУС-ийн Гадаад хэлний салбарын оюутан хариуцсан

зохион байгуулагч О.Оргил
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2