Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Бүх мэдээ

Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан сайтын ЦАХИМ ЗОЧИН буландаа МБУС-ийн Химийн тэнхмийн эрхлэгч доктор Н.Наранцогтыг урив
МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Химийн тэнхмийн эрхлэгч доктор Н.Наранцогт “Улаан буудай болон түүгээр гурил үйлдвэрлэх үеийн хаягдал болох хивэгнээс нано хэмжээст силикагель шингээгч материалыг гарган авах технологийн судалгаа” сэдэвт бүтээлээрээ 2015 оны Монголын шилдэг 10 залуу эрдэмтний нэг болсон билээ. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ толилуулж байна. Таалан болгооно уу.
Юуны өмнө сайтын “Цахим зочин”-гийн урилгыг хүлээн авсанд их баярлалаа.

Цахим зочноор урьж, ярилцлага авч байгаад тань бас баяртай байна.

Танд Шинжлэх ухааны ажилтны баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ 2015 оны Монголын шилдэг 10 залуу эрдэмтний нэг болсонд МУБИС-ийн нийт хамт олны өмнөөс гүн талархал дэвшүүлье.

Баярлалаа, нийт багш судлаачид болон эрдэм шинжилгээний ажилтан нартаа бас баярын мэндийг дэвшүүлж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь амжилт хүсье. Залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилготой БСШУЯ-ны Сайдын нэрэмжит докторын дараах инновацийн судалгааны тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байна. Энэхүү судалгааны ажлаараа “Улаан буудай болон түүгээр гурил үйлдвэрлэх үеийн хаягдал болох хивэгнээс нано хэмжээст силикагель шингээгч материалыг гарган авах технологийн судалгаа” сэдвээр оролцсон бөгөөд энэхүү ажил нь хаягдалаас бүтээгдэхүүн гарган авахад чиглэгдсэн инновацийн судалгааны ажил гэдгээр нь энэхүү тэтгэлэгт шалгарсан гэж ойлгож байгаа.

Эрдэм шинжилгээний ажлынхаа  онцлог, ач холбогдлыг тодруулвал?

2014 онд “Цахиур органик полимер (ПСТМ-3Т)-ын хортой, хүнд металл зэс (II), хром (VI)-ын ионыг шингээх процессын физик – химийн судалгаа” сэдвээр химийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан бөгөөд энэхүү ажил нь  шингээгч материал ашиглан шингээх процессын идэвхийг судлах чиглэлтэй ажил юм. Сүүлийн үеийн өндөр хөгжилтэй орнуудын судалгааны ажлын нэг чиглэл бол шинэ шингээгч материал гарган авах, түүний шингээлтийн идэвхийг судлах ажил эрчимтэй хийгдэх болсон байна. Иймд миний бие энэхүү судалгааны ажлын онцлог нь нано хэмжээст силикагель шингээгч материалыг нэгд нь: улаан буудайгаар гурил үйлдвэрлээд түүний хаягдал болох хивэгнээс гарган авах, хоёрт нь: нано хэмжээст буюу шингээгч материалын гадаргууг ихэсгэж, шингээх идэвхийг ихэсгэх гэсэн гол онцлогууд болно.

Дээр хэлсэнчлэн шингээгч материалыг гарган авах, түүний шингээлтийн идэвх буюу физик, химийн судалгааны ажлыг улам гүнгийрүүлэн хийх зорилго тавьж ажиллаж байна. Энэ нь манай тэнхмийн эрдэм шинжилгээний судалгааны тэргүүлэх чиглэлтэй нийцэж байгаа бөгөөд химийн судалгааны ажлын онол, практикийн ач холбогдолтойгоос гадна хүрээлэн буй орчны бохирдолтыг бууруулахад нилээд ач холбогдолтой материал юм.

Химийн мэргэжлийг яагаад сонгох болов?

Мэргэжил сонгох гэдэг бас сонин,  5-р ангиас эхлээд манай ангийг Хими, биологийн багш анги даасан багшаар ажиллаж эхэлсэн байдаг. Энэ хүний үлгэр дууриалал энэ мэргэжил рүү татан оруулсан болов уу гэж боддог. Ц.Батцэнгэл багш маань одоо Өмнөговь аймгийн төвийн 4-р арван жилийн сургуулийн захирал хийж байгаа. Би айлын том хүүхэд ээж, аав маань намайг анагаахад оруулах зорилгоор химийн хичээлийн бэлтгэл хийлгэж байсан боловч тэр жил эмчилгээний анги ирээгүй учир Багшийн Их сургуулийн Химийн багшийн ангийг сонгож байлаа. Тэр үед аймагтаа 2, 3-т  жагсаж байсан санагдана. Намайг хувиар сонгох үед анагаахын эм зүй, нүүр ам судлал, МУИС-ийн Химийн анги байсан ч энэ сургуулийг сонгон багш болно гэж орж ирж байж билээ.

Та судалгаа шинжилгээний ажлыг хэзээнээс хийж эхлэсэн вэ?

Ер нь судалгааны ажлыг ангийн ажил буюу курсийн ажил хийхээс эхэлдэг болов уу гэж боддогдож байна. Тухайн үед нүдний шилний төмөр рамыг паалангаар бүрэх ажлыг хийж байсан маань эргээд бодоход судалгаа шинжилгээний ажлын маань гараа байсан юм болов уу. Бакалаврын дипломын ажил хийх хувиараас хоцроод хийж чадаагүй. Харин магистрын ажлаараа “Химийн бодлого, дасгалыг бодоход шугаман программчлалын арга хэрэглэх нь” сэдвээр хийж байсан нь 1990 оны төгсгөлд буюу 586 маркын компьютер анх гарч байх үед одоогийн мультимедиа буюу хөдөлгөөнт дүрсүүдийг програмчлан хийж байсан нь шинэлэг ажил болсон гэж үнэлэгдэж байлаа. Ингээд докторантурт суралцаж эхэндээ цаг хугацаа их алдсан ч хамгаалж чадсандаа баяртай байна. МУБИС-ийн докторантурт суралцаж их юм сурч мэдэж авсандаа багш нартаа талархаж явдаг. МУБИС-ийн Магистрант, докторантуудын дунд жил бүр зохиогддог байсан эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж түрүүлж их урам зориг авч байлаа.

Тэгвэл таныг эрдэм судлалын ажилд хөтөлж оруулсан эрдэмтэн багш нараасаа дурсвал?

Би 1997 онд УБИС-ийг Хими-Байгаль шинжлэлийн багш мэргэжлээр төгсөж, тус тэнхимд багшаар үлдэж 19 дэх жилдээ багшилж байна. Энэ хугацаанд хичээл заалгаж байсан багш нартайгаа хамтран ажиллаж, суралцахаас гадна одоо тус тэнхмийг удирдан хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Миний судалгааны ажлыг дэмжин ажиллаж байсан тухайн үеийн БУФ-ын декан, МУГБ, проф. М.Юндэн, Химийн тэнхмийн эрхлэгч проф. Д.Мөнхөө зэрэг ахмад буурлууд байсан ба одоог хүртэл хамтран ажиллаж байгаа проф. А.Пэрлээ-Ойдов, проф. Ц.Сумъяа, дэд проф. Д.Баяраа, доктор Б.Жаргалсайхан зэрэг доктор, профессорууд байна. Мөн миний докторын судалгааны ажлыг удирдсан ШУА-ын ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан доктор, проф. Г.Бурмаа болон проф. А.Пэрлээ-Ойдов багш нартаа баярлаж явдгаа илэрхийлье.

Таны бүтээлүүд гадаадын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдэж байсан энэ талаараа хөөрөлдөөч?

2002 оноос Япон-Монгол-Орос улсын эрдэмтэд хамтарсан “Дархадын хотгор” олон улсын судалгааны багт ажиллаж, Монгол орны хойд хязгар нутаг болох Дархадын хотгорын усны тархац, химийн найрлагын судалгааг хийж олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих, Зүүн Азийн судалгаа сэдэвт сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зэргээр судалгааны ажлынхаа үр дүнгээс гадаадад хэвлэн нийтлүүлж эхлэж байв. Докторын судалгааны ажлын үр дүнгээсээ Thomson Reutersиндекс (Impact Factor 1.195)-тэй International Journal of Polymer Science сэтгүүлд Molecular Modeling of Acidic Treated PSTM-3T Polymer for Removal of Heavy Metal Ions by Experimental and Computational Studies сэдэвт өгүүлэл хэвлүүлж олон нийтийн хүртээл болгосоноос гадна докторын ажлаа хамгаалах гадаадын нэр хүндтэй сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор хэвлүүлсэн байна гэсэн шаардлагыг хангасан ажил болсон.

Манай сургууль сүүлийн жилүүдэд багш нарынхаа эрдэм судлалын ажлыг нилээд дэмжин ажиллаж байгаа. Танд 2014 онд МУБИС-ийн Захирлын нэрэмжит шагналыг олгож байсныг санаж байна?

Их, дээд сургуулийн багш нар оюутнуудад хичээл заахаас гадна эрдэм шинжилгээний ажил хийж хөгжиж байдаг. Ингэснээрээ эрдэм шинжилгээний ажил хийж, эрдмийн зэрэг цол ахиулахын зэрэгцээгээр өөрийн судалгаа шинжилгээг олон нийтэд түгээх, бусад судлаачидтай судалгааны ажлынхаа талаар туршлага солилцож, өөрийн судалгааны ажлын цар хүрээ, түвшинг тодорхойлох боломж бүрддэг болов уу. Иймийн учир гадаадын нэр хүнтэй сэтгүүлд судалганы үр дүнг хэвлэн нийтлүүлдэг.

Би Thomson Reutersиндекс (Impact Factor 1.195)-тэй International Journal of Polymer Science сэтгүүлд хэд хэдэн өгүүлэл хэвлүүлсэн үүнийг маань урамшуулан МУБИС-ийн захирлын нэрэмжит шагналыг 2014 оны багш нарын баяраар хүртээсэн. Энэхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд тухайн сургуулийн нэрийн өмнөөс өгүүлэл хэвлэн нийтлүүлэх нь их, дээд сургуулийн чинсааг илэрхийлэх үзүүлэлт болж байгаа, нөгөө талд судлаач багш нарын эрдэм шинжилгээний ажлыг хөхүүлэн дэмжиж байгаа нь судалгааны ажлыг эрчимжүүлэх урам зориг өгсөн ажил болсонд МУБИС-ийн удирдлага, хамт олондоо талархаж байгаагаа үүгээр дамжуулан илэрхийлье.


Таны сурч төгссөн сургуулиудын талаар сонирхохыг хүсэж байна? Хаана ЕБС, их сургууль, магистр, докторын сургалтыг дүүргэсэн вэ?

Би чинь Өмнөговь аймгийн Ханбогд сумын харъяат иргэн, өнгөрдөг хавар манай сумаас төрсөн 5 докторыг хүлээн авч сум орны иргэдтэй уулзалт хийж, судалгааны ажил болоод одоо эрхэлж буй ажил үйлсээс нь залуу үед танилцуулсан сайхан үйл ажиллагааг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга, сургуулийн захиргаа зохион байгуулсанд мөн талархал илэрхийлье. Тэгэхээр би бүрэн бус дунд боловсролыг Ханбогд сумын найман жилийн сургуульд, дунд боловсролыг Өмнөговь аймгийн 2-р арван жилийн сургуульд, Хими-Байгаль шинжлэлийн багш, бакалавр зэрэг, Химийн ухааны магистрийн зэрэг, Химийн ухааны докторын зэргийг энэхүү төрөлх сургууль МУБИС-даа суралцаж төгсөж, энэ сургуульдаа тасралтгүй ажиллаж байгаа нь сургууль, тэнхмийн хамт олны хүчин чармайлт, дэмжлэгийн тусламжтай энэ зэрэгтэй ажиллаж хөдөлмөрлөж явна.

Та багшийн багшийг бэлтгэдэг багш хүн. Ирээдүйн багш нар, шавь нартаа захиж хэлмээр зүйл юу байна?

Манай химийн тэнхим “Хими-байгаль шинжлэл”, “Экологи химийн багш” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн бөгөөд харин одоо МУБИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр “Химийн багш” мэргэжилтэн бэлтгэх болсонтой уялдуулан сургалтын хөтөлбөр төлөвлөгөө өөрчлөгдөж, багш бэлтгэх тогтолцоог ЕБС-ийн цөм хөтөлбөртэй уялдуулан сайжруулах тал дээр өөрчлөхөөр ажиллаж байна. Энэ нь химийн багш бэлтгэх үйл ажиллагааг улам чанаржуулж дунд сургуулийн суралцагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэхэд анхаарч байна. Энэ нь ЕБС-ийн суурийн цөм хөтөлбөрт тусгалаа олсон бөгөөд энэхүү цөм хөтөлбөрийг боловсруулах багт орж ажилласан. Ингэснээрээ ЕБС-ийн багш нар буюу манай сургуулийн төгсөгчтэй хамтран ажиллаж байж сургалтын чанарыг сайжруулах боломж байгааг харж байна, иймээс та бүхэнтэй хамтран ажиллаж суурийн цөм хөтөлбөр, цаашлаад ахлах ангийн химийн хөтөлбөр дээр хамтран ажиллахад манай тэнхмийн үүд хаалга нээлттэй байгаа учир хамтран ажиллахыг хүсье.

ЕБС-ийн Химийн сурах бичигт хэд хэдэн удаа зохиогчоор ажилласныг мэдэх юм? Химийн сургалтын шинэчлэлийн талаар юу хэлэх бол?

Сая дээр хэлсэнчлэн суурийн цөм хөтөлбөрийг боловсруулан бүх нийтээр хэрэгжүүлж байгаа энэ үед шинжлэх ухаанч арга барил эзэмшүүлэхэд чиглэгдсэн суралцагч төвтэй сургалтыг зохион байгуулахаар хөтөлбөр тусгасан. Энэхүү үзэл баримтлалыг тусгасан баримт бичиг бол багшийн болоод сурагчийн сурах бичиг юм. Иймд 6-9 дүгээр ангид орох химийн сурах бичгийг багийн гишүүдийн хамт шахуу хугацаанд бичиж нийтийн хүртээл болгоод байна. Иймд бидний хамтран бичсэн сурах бичигт гарсан дэвшилтэт болон дутагдалтай зүйлийн талаар үнэтэй зөвлөгөө өгч ажиллана гэдэгт найдаж байна.

Тэнхмийнхээ хамт олны талаар товч танилцуулна уу?

Химийн тэнхмийн эрхлэгчээр ажиллаад жил хүрээгүй байна. Манай тэнхмийн хамт олныг удирдаж ирсэн үе үеийн төлөөлөл үе залгамжилсан сайхан хамт олон бүрдүүлж өгсөн юм. Манай хамт олон зөвлөх проф. А.Пэрлээ-Ойдов, дэд проф. Д.Баяраа, Б.Жаргайлсайхан, доктор Ө.Мөнхтуяа, магистр Ү.Пүрэвжав, С.Борхүүхэн нар ажиллаж байгаа бөгөөд 60 гаруй хувь эрдмийн зэрэг ахиулан эрдэмжсэн хамт олон болж, сургалт, судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

Ярилцлагын төгсгөлд хэлэх үгийг танд үлдээе.

-    Хамт олондоо зориулж хичээлийн жил эхлээд манай хамт олон багш нарын баяраа ажил үйлсийн өрнүүн их амжилтаар угтсан билээ. МУБИС-ийн хамт олондоо "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-ийн мэндийг хувийн болон хамт олны зүгээс дахин өргөн дэвшүүлье.

-    Сургуулиа төгсөөд дунд сургуульд багшилж байгаа үе үеийн төгсөгч багш нартаа суурийн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх их үйлс болон ахлах ангийн хөтөлбөрийг амжилттай туршин сайжруулахыг хүсье.

-    Одоо суралцаж буй оюутан залуучуудаа цагаа зөв зохицуулан сурах үйлстээ их амжилт гаргахыг хүсэхийн ялдамд манай сургуулийн бүтцийн өөрчлөлттэй илүү сайн танилцаж, хос мэргэжилтэй болж магистрт үргэлжлүүлэн суралцах зэрэг боломжуудыг алдалгүй эзэмшиж авахыг хүсье.

Цаг завгүй их ажлаасаа цаг гарган хөөрөлдсөн танд их баярлалаа. Таны цаашдын эрдэм судалгаа, шинжилгээний ажил болон багшлах үйлст нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Ярилцсан: Т.Дуламрагчаа

Зураг түүх өгүүлнэ:




























Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2