Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Оюутан солилцоо

Японы Айчи Боловсролын их сургуулийн оюутнууд хүрэлцэн ирлээ
Хамтын ажиллагаатай Японы Айчи Боловсролын их сургуулийн Математик, Байгалийн ухааны сургуулийн оюутнууд хоёр сургуулийн хоорондох оюутан солилцооны хамтын ажиллагааны хүрээнд профессор багш нарынхаа хамт МУБИС-д хүрэлцэн ирж 3-р сарын 3-7-ны өдрүүдэд Математик, Байгалийн ухааны сургуулийн оюутнуудтай  мэдлэг туршлагаа хуваалцан хамтран ажиллав.
Тус багт Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор Шимизү Хидеки, Бодлогын шинэчлэл, үнэлгээ эрхэлсэн дэд захирал доктор Иваяма Цутому нараар ахлуулсан 10 оюутан багтжээ.

Тэд МБУС-ийн сургалтын орчин, хичээл, сургалтын байдалтай танилцаж, хоёр сургуулийн оюутны хамтарсан “Моноцүкүри үзэсгэлэн, уулзалт” хийв. Энэхүү уулзалтад Японд болсон үзэсгэлэнд оролцоод ирсэн МБУС-ийн оюутнууд болон АИЧИ Боловсролын Их Сургуулийн оюутнууд өөрсдийн бүтээлийг танилцуулж, гарын доорх материал ашиглан   байгалийн ухааны сонирхолтой туршилтууд хийж үзүүлэв. Үзэсгэлэнг МБУС-ийн Байгалийн ухааны ангийн оюутнууд болон багш нар, НХУС-ийн Япон хэлний ангийн оюутнууд үзэж сонирхон Япон оюутнуудтай танилцаж, Японы соёл боловсролын талаар ярилцаж, харилцан урлагийн үзүүлбэр үзүүлж, нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн юм.

Японы багш, оюутнууд Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудтай танилцаж, Оюун ухааны музей, ардын урлагийн тоглолт үзэж сонирхов. Мөн тэд БГД-ийн  “Монгени” цогцолбор сургуультай танилцаж, ЕБС-ийн бага, дунд ангийн хичээлд сууж, Япон хэлний ангийн сурагчидтай уулзалт хийв.

2016 оны 9-11-р сард АИЧИ Боловсролын Их сургууль болон МУБИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд хийх оюутан солилцооны хөтөлбөрт дээрх сургууль тус бүрээс 20 оюутан хамрагдаж, харилцан зочилж, туршлага солилцохоор болоод байгаа бөгөөд АИЧИ сургуулийн зүгээс МБУС-ийн нэг багшийг өөрийн сургуулийн зардлаар Моноцүкүри чиглэлээр 3 сарын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулах боломжтойгоо энэ үеэр мэдэгдсэн байна.

Ийнхүү хоёр сургуулийн хамтын ажиллагаа улам бүр өргөжсөөр байна. 2015 оны 11 сард Японд болсон “Моноцүкүри фестиваль”-д МУБИС-ийн МБУС, НХУС-ийн оюутнууд амжилттай оролцсон билээ.
Энэ удаагийн оюутан, багш нарын айлчлалын хөтөлбөрийг боловсруулах, зохион байгуулах ажлыг МБУС-ийн Хөтөлбөрийн алба, Физикийн тэнхмийн багш Б.Гантуяа, НХУС-ийн багш А.Ганчимэг нар амжилттай зохион байгуулсан байна. 

















Т.Дуламрагчаа


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2