Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Оюутан солилцоо

Герман хэлний ангийн оюутнууд солилцооны хөтөлбөрт хамрагдахаар боллоо
МУБИС болон ХБНГУ-ын Рүүр – Бохумын ИС-ийн хооронд хэрэгжих герман хэлний сургалт, эрдэм шинжилгээний төслийн нээлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Төслийн удирдагч доктор профессор Катрин Питтнэр болон Рүүр – Бохумын их сургуулийн профессорууд манай Англи, Герман хэлний тэнхимтэй төслийн хүрээнд хамтран ажиллаж, нэгэн бодит ажлыг эхлүүллээ.

Тодруулбал, Герман хэлний багшийн ангийн гурван оюутныг 3 сарын хугацаагаар Рүүр – Бохумын их сургуульд оюутан солилцоогоор 100% тэтгэлэгээр суралцуулахаар сонгон шалгаруулсан байна. Англи, Герман хэлний тэнхимийн 2, 3-р курсын оюутнууд болох Гочоодорж овогтой Ариунзаяа, Намшир овогтой Золзаяа, Сүхбаатар овогтой Мөнх-Эрдэнэ нар уг төслийн оюутан солилцооны анхны эзэд болжээ. Шалгарсан гурван оюутан энэ тавдугаар сарын 4-нөөс долдугаар сарын 30-ныг хүртэл ХБНГУ улсад очиж суралцах юм. 

Ингээд төсөлд хамрагдсан оюутнуудын сэтгэгдэлийг хүргэе. “Рүүр-Бохумын их сургуулийн дэмжлэгтэйгээр хэрэгжих уг төсөлд сургууль, оюутан залуусаа төлөөлж оролцох анхдагчид болж байгаадаа бид баяртай байна. Манай сургууль Герман хэлний багш бэлтгэдэг монголдоо ганц сургууль. Иймээс энэ төсөл цаашид олон арван оюутан залууст ХБНГУ-д очиж герман хэлний боловсроо дээшлүүлэх боломж олгоно. Бид гурав солилцооны анхны оюутнууд гэдэг утгаараа илүү их хариуцлага хүлээж явна гэж ойлгож байгаа. Герман улсад 3 сарын хугацаанд суралцахдаа хамгийн гол нь хэлний мэдлэгээ ахиулах зорилго тавьж байгаа” гэж залуус хэлсэн юм. 

Төслийн тухайд Германы талаас гурван багш ирсэн бөгөөд тэд монгол оюутнуудад эдийн засаг, улс төр, мөнгө санхүүтэй холбоотой герман хэлний зүйрлэл, адилтгалыг семинар хэлбэрээр заах юм байна. Семинарыг Рүүр Бохумын их сургуульд мэргэжлийн үг хэллэгээр докторын зэрэг хамгаалсан Даниэл Хэйндэл, Зүүн Азийн улс орнуудад энэхүү сэдвээр олон жил ажилласан профессор Ханс-Рүдигэр Флүк нар удирдан явуулах юм байна. 
Уг төслийн Монгол талын зохицуулагчаар МУБИС-ийн багш, ГЭСА-гийн төлөөлөгч хатагтай Ч.Сарнай ажиллаж байна. 



 
НХУС-ийн Англи, Герман хэлний тэнхим

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2