Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Төгсөгчидийн холбоо

Төгсөгчдийн дурсамжаар аялсан МУБИС-ийн 65 жил
Багш . Шавь. Шавийн шавь... Багшийн их сургуулиас өдөлсөн шувууд чууллаа. Боловсролын их сургуулийн 65 жилээ угтсан хүндэтгэлийн үйл ажиллагаа “Чингис хаан”-ы одонт төгсөгчиддөө хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаагаар эхэлж, улмаар  тус сургуулиас төрөн гарсан үе үеийн Ардын багш, Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш нартаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авах үйл ажиллагаа хийгээд хандивлагчдын хүлээн авалтаар үргэлжилэв. Хүрэлцэн ирсэн зочдын энгэр дээр гавъяаны одон медалиуд ёс юм шиг жигдрэн гялалзах ажээ.
Хуваарилагдсан ангиа төөрч, будилдаг байсан оюутнууд өнөөдөр төрөлх сургууль хийгээд, төр түмний бахархал болж буй нь их эрдмийн гараа, энэ сургуулийн багш нар, энэ сургуультай амин холбоотой.

Монгол Улсын боловсролын их сургууль 1951 онд Улсын багшийн институт нэртэйгээр байгуулагдан эх орондоо дээд боловсролтой багш нарыг бэлтгэж эхэлснээс хойш 65 жилийн хугацаа өнгөрч. Монголчууд бидний бахархал болсон боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, спортын олон алдартнууд МУБИС-ийн бүтээгдэхүүнүүд. Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Ж.Баянмөнхийн хэлснээр “Зүгээр л нэг их сургууль гэж болох боловч, залуусын хүмүүжил төлөвшил, эрдэм мэдлэгийн суурийг тавьж өгдөг Монгол Улсын хөгжилд асар их ач холбогдолтой сургууль даа. Улс даяарх боловсролын бүх шатны байгууллагыг  энэ сургуулийг төгсч гарсан хүмүүс удирдаж, басхүү үр хойчдоо  зааж сургаж байна”.

Хүндэтгэлийн хүлээн авалтанд хүрэлцэн ирсэн төгсөгчдөөс МУАЖ Сарантуяа, УГЗ найруулагч Найдандорж, УДЭТ захирал Цэрэнсамбуу, МУГЖ, төрийн соёрхолт Д.Сосорбарам, СГЗ, Утга зохиол шүүмжлэгч, доктор, Ү.Хүрэлбаатар, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Баянмөнх, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Ардын багш, гавъяат дасгалжуулагч Д.Банди, МУАБ Ү.Маам, МУГБ Загдрагчаа гэх мэт хүндтэй зочид олон харагдлаа. Олимпийн аварга, МУ-ын хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Бадар-Ууган,  МУГТ П.Сэрдамба, нарын анхны багш гавъяат дасгалжуулагч Д.Ганзориг гуай ч харагдана.

МУБИС-ийн Биологийн тэнхимийн ахмад багш, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Мөнхбаяр багш ч онцгой зочдын нэг. Биологийн шинжлэх ухааны салбарт Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа эрдэмтэн. Тэрбээр 1963 оноос хойш өнөөдрийг хүртэл МУБИС-д ажиллаж байгаа бөгөөд саяхан ОХУ-ын ШУА-ийн дэргэдэх Никольскийн нэрэмжит герпетологийн нийгэмлэгийн хүн¬дэт гишүүнээр  сонгогджээ. Хоёр нутагтан, мөлхөгч судлалын үндсийг тавьж, олон арван судлаач эрдэмтдийг төрүүлэн гаргасан эрдэмтэн билээ.

МУ-ын Гавьяат багш нарын уулзалт, хүлээн авалт үйл ажиллагааны хамгийн ахмад зочин, гавъяат багш, доктор, профессор Р.Рэгзэндорж. “Би чинь ингэхэд дөнгөж 90 настай шүү дээ, залуухан байна аа” гэх энэ буурай Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн. “1940 онд бага сургууль байгуулагдахад 3 жил сурч, төгсөхдөө 14 настай байлаа. Тэгээд л Хэнтий аймгийн Батноров суманд багшлахаар очсон доо. Тэр үед надаас ах, эгч хүмүүс, өндөр настангууд ирээд “багшаа багшаа” гэхэд учиргүй ичээд, аль болох зүг буруулж зугтдаг байсан. Ингээд бага сургуульд 5 жил багшлаад 19 настайдаа дээд сургуульд элссэн. Намайг сургуульд ордог жил Багшийн дээд сургууль анхлан нээлтээ хийж байсан. Өдгөө 65 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Буцаад л анх Багшийн сургуулийн нээлтийн ажиллагаанд ирж байсан залуу 19 насандаа очих шиг боллоо” хэмээн бидэнтэй санал сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Ц.Хулангийн “Найрын ширээнд ганцаардах дургүй”  гэсэнчлэн хүрэлцэн ирсэн 300 гаруй зочид тэнд ганцаардсан, сондгойрсон хэн ч алга. Дурсамж хуучилж, сургааль хайрлаж, удаан уулзаагүй багш, шавьтайгаа уулзсан хөөр дүүрэн хүлээн авалтууд боллоо. Бие биенээ танихгүй шахуу хүмүүс учирсан ч төрөлх сургуулийнхаа талаарх халуун ярианд шунгачих нь олонтаа.
Оньсыг тайлан эрдмийн үүдийг нээж өгч та
Оюун дээдлэм ээлтэй замыг зааж өгч та
Оройд дээдлэм ардын багш таны
Ойд шингээсэн баатар сүрийг магтъя.... хэмээн багшийн эрдэм, яруу алдар, үйлс бүтээлийг магтсан сүлд дуулал хүлээн авалтын хойморт эгшиглэх үест ширээний зочид хундага тулгах, бие биетэйгээ зураг татуулах нь олширч байлаа. Түүнчлэн хүрэлцэн ирсэн зочдод зориулан хөрөг болон шог зураачид тухайн хормыг цаг алдалгүй буулган буй нь мөн л МУБИС-ийн төгсөгчид. Амтат зоог, аялгуут хөгжим, амттай аатай дурсамжуу хөвөрч хүлээн авалт үргэлжилсээр байна.

Ойн арга хэмжээг угтан төгсөгч, оюутнууддаа зориулсан спорт, урлагийн тоглолт хөх, цагаан өнгөөр сүлэлдэж, “сүртэй” юм болов. Үүнээс үргэлжилсэн хандивлагчдийн хүлээн авалт том цагаан дугуй ширээ, хөх өнгийн бүрмэл чимэгтэй сандал, өнгө дагнасан тохижуулалт, бэлэг гээд л “Хүндэтгэлийн” гэж нэрлэж болмоор МУБИС-ийн долоо хоног хөх, цагаан өнгийн тоглолтууд мэт л санагдах. Сургуулийн эмблем өөрөө тийм. Сэвгүй ариун сэтгэл, тэнэгэр уужууг бэлгэддэг цагаан хөх өнгийн энэ хослол өнөөдөр Боловсролын их сургууль цаашлаад багш боловсролын мөн чанарыг илтгэж байх шиг.

Сансарын тойрог, оддын орчлонд цуурайтсан сургууль биш байлаа гэхэд эх орон, эх дэлхийд эрдэм мэдлэгийг түгээсэн их соён гэгээрүүлэгчдийн өлгий нь энэ сургууль. Уг сургуулийн төгсөгч, монгол түмнийхээ өмнө байгуулсан гавьяатай, хүн ардаа соён гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа бүх л салбарын манлайлал болсон эрхэм хүндтэй хүмүүс МУБИС-ийн эрдмийн танхимд цугларч хэдэн өдрийг өнгөрүүллээ. 

Ардын багш, гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, улсын харцага Данзандаржаагийн Сэрээтэртэй МУБИС-ийн 65 жилийн ойд зориулсан спортын тоглолтын үеэр цөөн хором хөөрөлдлөө.

-Сайн байна уу? Анхлан их сургуульд хөл тавьж байсан үеийн дурсамжаас тань яриагаа эхэлье.
Би Төв аймгийн Лүн сумын харьяат. Миний аав малчин хүн байсан. Биеийн тамирын сургуульд 1965 онд биеийн тамирын багшийн ангид элсч төгссөн. Монгол улсын гавъяат багш Жигмэд тухайн үед захирал нь байлаа. Миний суралцаж байх хугацаанд Багшийн их сургуультай нэгдсэн. Ингээд би 1973 онд сургуулиа төгссөн. Чөлөөт бөхийн спортын мастер, гавъяат мастер алдруудыг эрдэмтэн багш нарынхаа ач тусаар хүртэж байлаа. Дэлхийд болон эх орондоо цуу алдар нь түгсэн эрхэм сайхан бөхчүүдтэй бэлтгэл хийж, тэдэнтээ тэмцэж, ялж ялагдаж явсан даа. Тэрний ачаар дараагийн сайхан бөхчүүд бэлдэх үйл хэрэгт өөрийн биеэр орж эхэлсэн.

Дундуур нь тэмцээн уралдаанд явж, чөлөө авсаар байгаад би чинь 8 жил сурчихсан хүн. Энд байх хугацаандаа чөлөөт бөх болон үндэсний бөхийн барилдаанаар хичээллэж багш нараасаа уран мэхийг заалгаж, тамирчин хүн ямар байхын тухай сургалт, бэлтгэл хийлгэх арга, ухаан, биеэ хэрхэн авч явах бүх зүйлийг эрдэмтэн багш нараасаа сурсан.  Манай сургууль бол хэзээнээсээ л сайхан удирдлагатай явсан учир үе үе дамжин одоог хүртэл эрдэмтэн олон залуусыг бэлтгэн гаргасаар байна. Манай сургуулийг төгссөн залуус очсон, хуваарилагдсан газраа ажил бүтээлийг өрнүүлж, чадах хэмжээгээрээ авъяас билгийг тодруулж, ардын хүүхдүүдийг бичиг номд нэвтрүүлдэг. Үүгээрээ манай сургууль онцлогтой. Хүн сургадаг. Хүн бэлтгэдэг агуу газар.

-Шавь нараасаа дурдвал?
Би олон сайхан бөхчүүдийг төрүүлсэн. А. Сүхбат аварга, Б.Бат-Эрдэнэ аварга, улсын арслан Д.Ганхуяг, И.Доржсамбуу гарьд, олон сайхан харцага, начингуудыг тоолоод барахгүй нь ээ. Шавь нараараа их бахархдаг даа.
Та өөрөө олон сайхан багш нартай.

Олон шавь нарынхаа бахархал болсон багш хүн. Тэгвэл багш хүн эрдэм мэдлэгээс гадна ямар зан чанарыг өөртөө бүрдүүлсэн байх ёстой вэ?

Багш хүнд бол эрдэм мэдлэг боловсролыг бид нарын дээд үе, эрдэмтэн номтон багш нар заагаад өгдөг. Өөрөө бас хариуцлагатай байх хэрэгтэй. Багш хүн ёс суртахуун их сайтай байх хэрэгтэй. Ямар ч хүнтэй харицаж чаддаг. Зөөлөн хандаж чаддаг, хатуурхаж чаддаг, шахаж чаддаг л байх хэрэгтэй. Хатуурхах, шахах үе байна лдаа. Ялангуяа спортод. Тэр бол сайн болоосой, миний санасанд хүрээсэй гэсэндээ л тэгдэг юм. Хүнийг шахах, шамдуулах арга их олон. Заримд нь уурлаж шахна, заримыг нь аргадна. Гол нь харилцаж байгаа хүнийхээ зан чанар, сэтгэл зүй, характерыг сайн мэддэг байх нь багш хүний гол чанар юм даа.

Яг одоо Урлаг, биеийн тамирын сургуулийн оюутнууд МУБИС-ийн 65 жилийн ойг угтан төгсөгчдөд зориулсан спортын үзүүлбэр, тоглолтуудыг тавьж байна. Таны сэтгэгдэл ямар байна?
Манай сургуулийн төгсөгч хөдөлмөрийн баатар, ардын багш, гавъяатууд гээд мундаг төгсөгчид олон бий. Өчигдрөөс эхлэн сургуулийн удирдлагууд баатруудаа, ардын багш, гавъяатуудаа хүлээн авч уулзлаа. Өнөөдөр оюутан залуучуудынхаа спортын тоглолтыг үзүүлж байна. Сэтгэл маш өндөр байна. “Маргааш баярын арга хэмжээ үргэлжилнэ, ирээрэй” гэж байна. Бүтэн жараны түүх бол бахархал мөн. 





 
 


 


 
 
 

 
 




 


 
МУБИС 65 жилийн ойн арга хэмжээний хүрээн дэх Гавьяат багш нарын уулзалт болон хандивлагчдын хүлээн авалт дээрээс сурвалжлага хийсэн:
 Сэтгүүлийн ангийн оюутан Ц.Анужин.
Фотог ХМОНХ Т.Дуламрагчаа
 

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2