Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Мэдээлэл

Уламжлал, шинэчлэлийн 65 жилийг тайлагналаа
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 65 жилийн ойд зориулсан төгсөгчид, оюутнуудын “Үлэмж төгөлдөр” урлагийн нэгдсэн тоглолт UB PALACE–ийн концертын их танхимд боллоо. Тус сургууль 1951 онд анх Улсын Багшийн Институт нэртэйгээр 200 гаруй оюутны бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байсан олон жилийн түүхтэй ууган сургуулиудын нэг юм. Монгол хэлний багш, математикийн багш, физикийн багш зэрэг таван мэргэжлээр анх элсэлт авч эхэлснээс өнөөдрийг хүртэлх хийсэн бүтээсэн зүйлээ багтаасан баримтат киногоор тоглолт эхэллээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд тус сургууль “Уламжлал-Шинэчлэл” аяныг зохион байгуулж сургалтын хөтөлбөр, сургуулийн орчны хүрээнд хэд хэдэн дэвшил гаргасан байна. Тухайлбал, өндөр оноотой шинээр элсэн суралцаж буй оюутнуудыг Засгиийн Газрын, захирлын нэрэмжит, эрэгтэй оюутны зэрэг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж сургалтын төлбөрийн тодорхой хувиас чөлөөлөх, гадаа талбай болон сургуулийн доторх тохижилтыг засварлан сайжруулсан. Ингэхдээ, оюутанд үйлчлэх төв, IT клуб, номын сан, сургуулийн өргөтгөлийн ажлыг тус тус хийж гүйцэтгэжээ. Энэ аяны хүрээнд 30 жилийн турш хөгжмийн багш мэргэжлээр сургадаг байсан ангиа дахин нээж 30 оюутан элсүүлэн авсан байна.

Баримтат киноны дараа МУБИС-ийн монгол бүжгийн “Арга билэг” хамтлаг урлагийн тоглолтыг нээн өөрсдийн бүжгээ толилуулсан. Тайзны өнгө төрөх, бүжигчдийн нэг хүн шиг хөдөлж байгааг нь харахад удаан хугацааны хүч хөдөлмөр шингээсэн нь илт харагдана. Харин дараа нь тайзнаа МУБИС-ийн ерөнхий захирал, профессор Д.Мөнхжаргал болон салбар сургуулиудын захирал холбогдох хүмүүс гарч ирэн үе үеийн шилдэг төгсөгчдийг төгсөгчдийн алтан медаль, хүндэт өргөмжлөлөөр шагналаа. Шагнал гардуулахын өмнө профессор Д.Мөнхжаргал “Нэг удаа манай сургуулийн төгсөгчийн хэлж байсан үг санаанаас гардаггүй юм. Багшийн Их Сургуулийг төгсөөгүй өнөө цагийн эрдэмтэн багш, доктор, профессор байхгүй бизээ” гэв. Энэ үг яахын аргагүй үнэн аж. Төгсөгчдийн алтан медалиартөрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ё.Алтангэрэл, Ж.Цовоо,  МУГЖ, дуучин Х.Болормаа, Д.Ширмэнтуяа зэрэг салбар салбарын шилдэгүүд шагнагдаж байгааг харахад яахын аргагүй монголын ууган шилдэг улсын сургууль болох нь ажиглагдлаа. “Миний хийсэн бүтээснийг үнэлэн өгсөн олон шагнал байдаг. Гэхдээ төрөлх сургуулийн минь надад өгч байгаа энэ шагнал хамгийн үнэ цэнэтэй нь байлаа” гэж Н.Жанцанноров гуай хэлсэн юм.

Үүний дараа шинээр үйл хэрэг санаачлан, хамт олноо манлайлан амжилттай ажилласан багш нарын гавъяаг үнэлэн батламж бичгийг гардуулан өглөө. Тайзан дээрх эрхэмүүд буун Багшийн Их Сургуулийн 1993 оны шилдэг төгсөгч, МУГЖ, дуучин Болормаа “Үүрд хамт байгаач ээжээ” дуугаа уянгалууллаа. Түүнийг эхийн тухай дуу дуулан үзэгчдийг уяраах зуур МУБИС-ийн оюутнууд уртын дуу, морин хуурын төгс зохицолыг тайзнаа амилуулахад бэлэн боллоо. Тоглолтын хөтөлбөрт багтсан оюутнуудын үзүүлбэр нь бүгд төгсөх болон хоёр, гуравдугаар курсын оюутнуудын хамтарсан тоглолт аж. Мэргэжлийнхнээс дутахааргүй өндөр түвшинд бэлдсэн эдгээр тоглолтын ард тус сургуулийн хөгжмийн багш Ш.Баттогоо, Н.Долгорсүрэн, Д.Батсайхан нарын гавъяа их аж. Уртын дууны гайхам үзүүлбэрийн дараа Алтангэрэл хөтлөгч үлдэн, МУБИС-ийн 35 жилийн ойгоор болж байсан хөгжилтэй дурсамжуудыг ярин үзэгчдийг хөгжөөх хооронд язгуур урлагийн “Угсаатан” хамтлаг тайзнаа гарахад бэлэн болжээ. “Угсаатан” хамтлагийн хувьд шинээр байгуулагдсан хөгжмийн багш ангийн анхны оюутнууд бөгөөд язгуур урлагийн гайхамшгийг танхим дүүрэн цуурайтуулсан юм.

Тайзнаа гялалзсан бас нэг од нь Төрийн соёрхолт, Улсын Гавъяат Жүжигчин Д.Сосорбарам байсан юм. Тэрээр мөн л Багшийн Их Сургуулийг анхлан дүүргэж байсан өнөө цагийн алдартан билээ. Энэ мэтчилэн төгсөгчид, оюутнуудын загварын үзүүлбэр, дуу, хөгжим, бүжиг хосолсон хоёр цаг гаруй үргэлжилсэн тоглолт өндөрлөсөн юм.





















Сурвалжлага хийсэн: Сэтгүүлийн ангийн оюутан Г.Ануударь
Фото зургийг Т.Дуламрагчаа

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2