Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Цахим зочин

Ярилцлага булан нээж “Цахим зочин”-той уулзуулж байх боллоо
Анхны зочиноор МУБИС-ийн БТС-ийн Онол арга зүйн тэнхмийн ахмад багш, доктор, профессор Оригийн Уранчимэгтэй уулзуулж байгаадаа баяртай байна.

Танд манай сайтын анхны Цахим зочин болж байгаад баяр хүргэе.
Их баярлалаа. Энэ сайтын анхны зочиноор оролцож байгаадаа маш их баяртай байна.

Юуны өмнө танд  Монголын багш нарын баярын мэндийг хүргэн “Багш” гэдэг энэхүү эрхэм мэргэжлийг яагаад сонгох болсон тухайгаа хуучлаач?
Баярлалаа. Монголын багш нарын өдрийг тохиолдуулан УБДС-УБИС-Боловсролын Их Сургуульд ажиллаж ирсэн үе үеийн багш, ажилтангууд, төгсөгч  олон шавь  нартаа мөн баярын мэнд хүргэн сайн сайхныг ерөөе. МУБИС-ийн үе үеийн багш нарынхаа үлгэр дууриалал, алдар нэрийг чинь үрэлжлүүлэн авч яваа жирийн нэгэн багш миний бие, өнөөдөр 45 дах хичээлийн жилдээ ажилласаар, амьдарсаар, суралцсаар л явнаа.
Би багш болно гэж огт төсөөлөөгүй, тамирчин л байх юм шиг санаж байсан байх, бас ч сайн мэдэхгүй л байна.
1964 оны намар, одоогийн биеийн тамирын ордны урд зааланд бэлтгэл хийж байсан чинь Монгол улсын спортын гавьяат  багш Б.Жигмэддорж гуай дуудаад... чи чинь Алдрын Уранчимэг мөн биз дээ. Багш нь БТДС байгуулсан. Сайн тамирчин, бас сайн багш болох хэрэгтэй гээд манай сургуульд орвол  дээд боловсролтой болж, биеийн тамирын салбарт ажиллах үүд хаалга чинь нээлттэй байна, аав ээжтэйгээ зөвлөлдөөд маргааш хариу хэлээрэй гэсэн.
Тэгээд аав үг дуугүй зөвшөөрч, харин ээж маань чам шиг үргэлж дэвхцэж, цовхчидог хүнд харин таарах сургууль байх шүү ор ор л гэсэн.  Ингэж л багш болох тавилан маань заяасан даа.

Та төрж,  өссөн нутгийхаа талаар яривал?
Би Өвөрхангай аймгийн Өндөр –Өнц сумын “Эргэн дэнж” гэдэг газар төрсөн. 8 нас хүртлээ аав ээжийнхээ ачлал хайранд умбаж өсөөд 1953 онд Улаанбаатар хотод шилжин ирж сууршаад 60 жил болж байна даа.
Хаана, хэзээ,  ямар ямар сургуулиудыг дүүргэсэн вэ?
1953-1963 онд Нийслэлийн 10 жилийн V дунд сургууль дүүргэж
1964-1968 онд БТДС төгсөж багш мэргэжилтэй болсон.
1975-1978 онд Улс төрийн дээд боловсрол эзэмшсэн.
1981-1982 онд ЗХУ-ын Санкт Петрбург хотод мэргэжил боловсролоо дээшлүүлсэн.

Анх Багшийн ажлын гараагаа эхэлж байсан мөчөө эргэн  дурсана уу?
1968 онд сургуулиа төгсөөд УБДС-ийн биеийн тамирын тэнхимд спортын гавьяат багш Л.Чимэддорж багшийн удирдлага дор ажилласан. Эхлээд мэргэжлийн бус ангиудад биеийн тамирын хичээл зааж, дараа нь биеийн тамирын мэргэжлийн ангид гимнастикийн хичээл  зааж эхэлсэн түүхтэй.
 Миний хичээл заах ч яахав энэ хугацаанд монголын биеийн тамирын салбарын алдартнууд, гавьяатууд, олон сайхан  эрдэмтэн мэргэд, гадаадын мэргэжилтэн багш нар, УБДС-иас Боловсролын Их Сургууль хүртэлх үе үеийн удирдлагууддаа маш их баярлаж явдаг шүү. Тэд бидний хамт олныг болон намайг өдий зэрэгт хүргэн дуурсгах нэртэй, дуулгах эрдэмтэй, дурсамж дүүрэн хүн болгон хүмүүжүүлсэн билээ.
Мэрэгжлийн бус ангид хичээл ороод “модон морин” дээр ингэж харайдаг юм гээд өөрөө харайж, үзүүлж байснаа эргэн санахад мөн ч бахдалтай байна даа. Харайлтын модон морь минь нүдэнд харагдаж байнаа. 

МУБИС-тай холбогдсон түүхээ болон ямар, ямар албыг хашиж байв энэ сургуульдаа?

1968-1985 онд Мэргэжлийн ба мэргэжлийн бус ангид багш
1985-1989 онд Биеийн тамирын тэнхмийн эрхлэгч
1989-1991 онд Биеийн Тамир Урлагийн Факультетийн декан
1991-1996 онд БТФ-ийн Мэргэжлийн тэнхмийн эрхлэгч
1996-1999 онд Сургалтын албаны эрхлэгч
1999-2006 онд Онол арга зүйн тэнхмийн эрхлэгч
2006 оноос гэрээт багшаар ажиллаж явна.
Мөн факультетийн үйлдвэрчний эвлэлийн дарга, нам, эвлэлийн үүрийн дарга, сургуулийн намын хорооны товчооны гишүүн, ректоратын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байлаа. МУБИС-ийн түүхийг бүтээлцсэн хүмүүсийн нэг гэж бодож явдаг учраас ганц нэг баримт дурьдяадаа:
1968-2005 он хүртэл сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэх, боловсруулах, сургалтын шинэ, шинэ аргуудыг сургалтанд нэвтрүүлэх зэрэгт оюун ухаан, нөөц бололцоо бүхнээ хамт олныхоо хамт үүрэлцэн явж ирсэн.
УБДС–ийн БТУФ-эд Дасгалжуулагчийн ангийг нээх саналыг сургуулийн захиргаанд тавьж, гадаад орны туршлага судалж, төлөвлөгөө хөтөлбөр зэрэгтэй танилцаж ирье гэсэн саналыг минь дэмжиж багш Д.Дамдинсүрэн, Багшийн сургуулийн багш Батсүх нартай хамт 1989 онд Москвагийн БТДС дээр нэг сар гаруй хугацаанд ажиллаад ирсэн.
 Ингээд Дасгалжуулагч бэлтгэх анхны ангийг 1992 онд Хөнгөн атлетик, Чөлөөт бөхийн мэргэжлээр 30 оюутан элсүүлэн, материаллаг бааз, багшлах боловсон хүчин, сургалтын бүх бичиг баримтыг бэлтгэн хичээллүүлж эхэлсэн. Мөн 1996 онд захирал Ч.Зоригтбаатар багштай ярилцаж Спортын сэтгүүлч бэлтгэх ангиудыг нээн хичээлүүлсэндээ  сэтгэл хангалуун яваа. Яагаад гэвэл дээрхи ангиудыг төгсөгчид манай орны өнцөг булан бүрт ажиллаж, монголын сонин сэтгүүл, радио телевизүүдэд амжилттай ажиллаж байна
Сургуульдаа 45 жил багшлах хугацаандаа 22 жил САА-д Хөвсгөлийн Тариалан, Төв аймгийн Батсүмбэр, Хэнтийн Хурх...... г.м газруудад оюутан удирдан ажиллаж АИХ-ын зарлигаар “Атарчдын алдар” медиалаар шагнуулж явлаа.
Октябрийн баяр, Майн нэгний баяр, ардын хувьсгалын томоохон баяр наадмаар Сүхбаатарын талбайд тамирчдын парад жагсаал хийх бүрд бусад багш нартайгаа хамтран сургуулийнхаа оюутнуудыг бэлтгэн, баяр наадам болохоос 14-21 хоногийн турш стадионы хойт талд оюутнуудаа жагсаан марш алхаагаар алхуулах, шүгэлийн дуугаар жигд алхуулах болон 32-48 тоот гимнастикийн дасгал зааж сургах зэргээр бэлтгэдэг байсан. Үүнийгээ амжилттай сайн гүйцэтгүүлэхийн тулд засгийн газрын ордоны орой, стадионы орой дээр улаан, хөх өнгийн туг бариад халуунд нь халж, хүйтэнд нь хөрч мөн ч олон удаа гарсан даа.
Энэ бүхэнд тэр үеийн 6 дээд сургуулийн алдар хүндтэй багш нар тухайлбал: МУИС-ийг гавьяат багш Ж.Гомбосүрэн, УБДС-ийг гавьяат багш Л.Чимэддорж, БТДС-ийг гавьяат багш Б.Жигмэддорж, ХААДС-ийг гавьяат багш Д.Ишдорж, АУДС-ийг гавьяат тамирчин Н.Лувсандаш, ЭЗДС-ийг багш Бэгзжав нар удирдан хоорондоо бас жаахан өрсөлдөөнтэй, танай манай сургууль ийм тийм гэх мэтээр хир дээ л их үзэлцэж, хөгжилтэй  л явагддаг байлаа. 
1973 онд анх анги даан ажиллаад 1-р курсийн хавар нь оюутнуудынхаа  ангийн эцэг, эхийн хурлыг хийхэд  хүмүүс их сонирхон ирж билээ. Бодвол хүүхдүүдээ улам л сайн болгох гэж хийсэн байх даа. Заримынх нь хадам аав, ах, эгч нар нь хүртэл ирж байсан. Энэ лав манай сургуулийн түүхэнд бараг хамгийн анхных нь байхаа.
1977 онд УБДС-ийн хэмжээнд зарласан социалист уралдаанд даасан анги маань түрүүлж ангиараа Буриадын Доржи Банзаровын нэрэмжит Багшийн дээд сургуульд  21 хононг зочилж, туршлага солилцох, уралдаан тэмцээнд оролцох зэргээр наадаж наргиж яваад ирсэн нэгэн түүх байдаг юм.
 Харин 1982 онд Их дээд сургуулиудын дунд зохиогддог Аэробик  гимнастикийн тэмцээнд 80 гаруй эмэгтэй оюутан оролцсон
Аэробик гимнастикийн тоглолт бэлтгээд тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн боловч,  баруун Германы “Чингис хаан” хамтлагийн дуулсан дууны хөгжмийн аянд дасгалаа зохиомжилсон хэргээр буруутгагдаж, намын төв хороо хүртэл яригдаж нэг хэсэгтээ л сургуулиа нилээн бужигнуулсан даа. Намаас хөөгдөх хүртэл арга хэмжээ авагдахдаа ганцаараа бишээ декан, тэнхмийн эрхлэгч, хамт ажилласан багш нарыгаа хүртэл арга хэмжээ авхуулсан билээ.

 Спортын амьдралтай  холбогдсон үеэ дурсвал?

Хүүхэд байхдаа нугардаг охин байлаа, сургуульд ороод спортын гимнастикчин боллоо, оюутан болоод гимнастикаа орхиогүй ч гэсэн өөр спортын төрлүүдээр хичээллэж эхэлсэндээ. Энэ ч миний сайных бишээ. Тэр үеийн сургалтын төлөвлөгөөнд Биеийн  тамирын ангийг төгсөгчид өөрийн сонгосон спортын төрлөөс гадна өөр 2-3 спортын төрлөөр 2-р зэргийн тамирчны норм биелүүлсэн, мөн шүүгчийн зэрэгтэй болсон тохиолдолд сургууль төгсгөдөг дүрэм журамтай байлаа.
Оюутан болоход Ж.Цолмон багш гимнастикийн хүн гээд л, гавьяат дасгалжуулагч Л.Жамъянсүрэн багш  байт харваач, Олон улсын шүүгч Ц.Шагдар багш Волейболчин, Хөнгөний Дамдин багш бөөрөнцөг түлхүүлнэ гээд багш нар маань булаацалдаж байснаа эргэн санахад сайхан ч юм шиг, бахархмаар ч юм шиг, их гоё байж дээ
Оюутан байхдаа спортын төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцож спортын гайхамшигийг мэдэрсэн төдийгүй спортын гимнастикиараа дагнан хичээллэж спортын мастерийн нормыг нэг удаа биелүүлээд төгсөх жилээ  бэртэл аваад гимнастикаа орхисон юм. 197О оноос буудлага спортоор хичээллэн өнөө хүртэл тэмцээн уралдаанд оролцоод л явж байна. Одоо ч голдуу ахмадуудынхаа тэмцээнд орж, 2008 онд Японы Фукуоко хотод Азийн мастеруудын тэмцээнд амжилттай оролцсон. Ахмадын улсын аваргаас жил бүр медаль хүртэл хүртэж байгаа.
Спортоор өөрөө хичээллэхээс гадна Саха Якутс-д 1996,2000,2008 онуудад  болсон “Азийн хүүхдүүд” спортын наадамд 2 удаа монголын багийн ахлагчаар, нэг удаа эрдэм шинжилгээний олон улсын бага хуралд нь оролцсон.
2000-2006 онуудад Ширээний теннисний өсвөр үеийн тамирчдыг ОХУ-ын Ленинград хотод жил бүр явагддаг ”Первые Ласточки” тэмцээнд багийн ахлагч, дасгалжуулагчааар, 1997,2001,2005 онуудад Швед улсад  дэлхийн залуучуудын ширээний теннисний клубүүдийн тэмцээнд ”Ирээдүй” клубын багийн ахлагч, 1998 онд Москвад болсон дэлхийн хүүхдийн спортын анхдугаар наадамд дасгалжуулагчаар оролцсон.
1989 онд Унгар улсад болсон буудлага спортын залуучуудын “Нөхөрлөл” тэмцээн, 2007 онд Тайландын Банкконг-д болсон Оюутны зуны XXVI Универсад наадамд буудлагын дасгалжуулагчаар тус тус оролцсон.

Таныг олон спортоор хичээллэж амжилт гаргаж байсан тухай сонсож байсан юм. 
Тэр дундаа буудлагын спортыг хөгжүүлэхэд, энэ спортын олон  алдартай тамирчдыг бэлтгэхэд оруулсан хувь нэмэр их. Энэ талаараа яривал?

1968 онд сургууль төгсөх жилээ бэлтгэл дээрээ баруун хөлөндөө бэртэл аваад гимнастикаар хичээллэх боломж муудсан үед буюу 1970 онд цана, аялалын  М.Туваанжав багш цанын бэлтгэлд гарах болоод буудлагын секцийг хариуцах хүнгүй болоод намайг дуудаж багшийгаа иртэл буудлагын хүүхдүүдийг хариуцаад бүртгээд байгаач гээд, Их дэлгүүрийн баруун талд нэг байшингийн подвальд дагуулаад оронгуут буу дуугарч, би нэг их айхтар цочоод буудлагын тир-нд орсон юмдаа.
 Энэ цагаас эхэлж буудлага спортоор хичээллэн 1975 онд Олон Улсын тэмцээн дээр эрэгтэйчүүдийн ”Мач”  гар буугаар 50 м зайд 30 сум буудаж 266 онож Спортын мастерын норм биелүүлснээр Монголын эмэгтэй гар бууны ууган мастер болсон.
1970 оноос хойш буудаж явах хугацаандаа ажигласан нэг зүйл бол Буудлагын дасгалжуулагчдыг дээд мэргэжилтэй болгох юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөн бас дээд сургуульд багшилж байгаагийн хувьд буудлагын 3 үеийн дасгалжуулагчдад дээд боловсрол эзэмшүүлсэн. Сүүлийн жилүүдэд зөвхөн буудлагын спортын багш,  дасгалжуулагч, тамирчдын дотроос 4-5 хүнийг “Магистр”-ийн  зэрэг хамгаалуулжээ.
Буудлагын тамирчдаас спортын гавьяат тамирчин, дасгалжуулагч М.Жанцанхорлоо, Ц.Өлзийбаяр, Т,Мягмаржав  ОУХМ  Т.Цэрэндондов, С.Адилбиш, С.Энхжаргал, Ж.Баяржаргал Б.Нямсүрэн, Т.Энхтуяа, З.Батхуяг, О.Энхсайхан нарын зэрэг олон арван тамирчдад буудлагын нарийн техник заагаагүй ч буудлагын онолыг зааж, спортын мастер Д.Шүрэнцэцэг, Сүрэнхүү, Намжилдорж,  Цэрэн, Соёл-Эрдэнэ, Лхагвваүрэн, Пүрэвддорж, Батнасан, Жаргалсайхан нарыг УБДС-ийн оюутан байхад буудлага спортоор хичээллүүлж шилдэг тамирчид болсонд нь бахархаж явдаг.

Таны Монголын спортыг түүхийг судалж, олон шавь нартаа түгээн сурталчилахад оруулсан гавьяа их,
Олимпизмын талаар болон олон сайхан дурсамж байгаа байх энэ талаараа  хөөрөлдөөч?

Монголын спортын түүх судлах эрхийг өвлүүлэн үлдээсэн  Спортын гавьяат багш Б.Жигмэддорж, Р.Зориг багш нарынхаа өмнө мэхийн ёслох ч багадна. 1989 онд Жийгээ багш минь тэтгэвэрт гарахдаа чи “Биеийн тамирын түүх”-ийн  хичээлийг  заа гэж шууд л тушаагаад, ...  Чи чаднаа, чамд их ирээдүй байгаа шүү, Би чамд итгэж байна гэсэн юм даа.... ингээд л биеийн тамирын түүхийн хичээл заадаг онолын багш болон хувирсан түүхтэй.
Үүнээс хойш нэг  их удалгүй Спортын гавьяат багш, уулын спортыг  үндэслэгч, Монголын биеийн тамир спортын түүх судлаач  Р.Зориг багштай хамтран ажиллах их хувь заяа дохиосон билээ. Тэрээр 1980 он хүртлэх  монголын биеийн тамир спортын түүхийг судлан  ном, сурах бичигт буулган, нийтийн хүртээл болгосон анхдагч. Ийм нэгэн ухаантай, агуу их хүн, намайг  гараас минь хөтлөн спортын түүх судлах ажилд татан оруулсан төдийгүй  өнөөдөр 80 насыг хол давсан хирнээн түүхээ судалсаар л явна. Энэ бол гайхамшиг гэхээс өөр юу гэх вэ дээ? Тийм биз дээ....
Нэгэнт биеийн тамир спортын түүхийн хичээлийг нь заагаад, түүх судлаач хэмээх нэрийг спортынхон дотроо хүртсэн хүмүүсийн нэг нь болсон учраас монголын биеийн тамирын түүхийг олимпизмийн түүхгүйгээр ойлгох үндэс байхгүй.
Олимп бол дэлхийн спортын шилдгийн шилдгүүд цугларан, дэхийн бөмбөрцөгийн сая сая хүмүүсийн сэтгэл зүрхийг догдлуулсан спортын томоохон арга хэмжээнүүдийн нэг билээ. Энэ агуу их түүхийг биеийн тамирын мэргэжлийн боловсон хүчин мэдэхгүйгээр өнгөрөх учиргүй учраас оюутнуудаа олимпийн сэдвээр  жаахан нухдаг л юм даа. 
 Орчин үеийн сургалтын агуулгад өөрчлөлт орж багш- оюутан хоёр хамтран мэдлэг бүтээх аргыг ашиглан оюутнуудаар олимпийн болон монголын биеийн тамир спортын түүхийн сэдвээр “Бүтээлийн сан” хийлгэж өөрсдөөр нь өөрт нь бэлэг бариулсан нь их л тустай юм болсон  гээд  төгсөгчид маань урам хайрладаг даа.
  Нэгэн сонирхолтой зүйлийн тухай оюутан маань ярьсан юм. Хийсэн бүтээлийнхээ санг амралтаараа гэртээ аваад очоод аав ээждээ үзүүлсэнд тэд нар нь бас мэдэхгүй зүйлээ мэдлээ гээд л хүүдээ баяр хүргэсэн юм байх. Хэд хоногийн дараагаар  бүтээлийн сан нь хэрэг болоод гэртээ эрээд олдоггүй гэнэ. Тэр өдөр аав нь нутгийнхаа нэгэн хөгшинд үзүүлэхээр аваад явчихсан байсан гээд инээж байсан.
Мөн манай оюутнууд Боловсрол судлалын шалгалтанд, өөрсдийн хийсэн бүтээл гэдэг утгаараа үнэлэгдэж байсан гэдэг. Ялангуяа Спортын сэтгүүлчийн ангийн хүүхдүүдэд их хэрэг болдог юм билээ.
2004 оноос Монгол улс телевизээр олимпийн наадмыг анх дамжуулж эхлэхэд ТҮ-5  телевиз анхны эрхийг авч, оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бид хоёрыг олимпийн наадмын ”тайлбарлагч”-аар ажиллаач гэж урисан билээ. Үүнээс хойш олимп, тив, дэлхийн томоохон уралдаан тэмцээнд тайлбарлагчаар ажиллаж ирснийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ.

Эрдэм шинжилгээ судалгааны  ажлыг хэзээнээс эхэлж, ямар сэдвээр хэзээ, хаана эрдмийн зэрэг хамгаалсан бэ?
1989 оноос  дэлхий дахины болон монголын биеийн тамир спортын түүхийн хичээлийг зааж, олон арван спортын алдартнуудтай мөр зэрэгцэн нэгэн дээвэр дор багшилж, хамтран ажиллаж, ярилцаж, тэмцээн уралдаанд оролцож, бэлтгэл цугларалтанд гарч, парад жагсаалд оролцох зэргээр олон түмний дунд явж байхдаа цуглуулсан материалуудаа эмхэтгэж 1999 оны 12 дугаар сарын 23 нд ОХУ-ын Буриадын Багшийн их Сургуулийн эрдмийн зөвлөлд “Монголын биеийн тамир спортын хөгжилд олимпийн хөдөлгөөн нөлөөлсөн нь” сэдвээр СХУ-ны философийн доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. Эрдэм шинжилгээ судалгааны ажлын маань удирдагч Буриадын их сургуулийн ректор, ОХУ-ын шинжлэх ухааны академийн гишүүн С.В. Кальмыков. 2001 онд сургуулийнхаа эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “дэд  профессор” цол хүртсэн. 2005 онд МУБИС-ийн “Хүндэт профессор” болсон.
Хүн ер нь юмыг нилээн хожуу ойлгодог  юм шигээ 1968-1999 он хүртэл зөвхөн хичээл зааж, секц удирдаж байснаа их юманд санаж байж дээ. 1990-ээд оноос манай биеийн тамирын салбарт эрдмийн зэрэг, цол хамгаалсан эрдэмтэд төрөн гарсан нь бидний үеийнхний бахархал болж, араасаа олон арван эрдэмтэдийг төрүүлэн гаргаж байна.
Миний хувьд БТДС байгуулагдсан цагаас хойших хугацаанд төрсөн анхны доктор гэдгээрээ амьхандаа баяртай байдаг бөгөөд 55 насандаа эрдмийн зэрэг хамгаалж, 58 насандаа жолооч болсон доо. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл 50 нас гэдэг чинь  хийж бүтээх нас юм билээ.  
  Эрдмийн зэрэг хамгаалсанаас хойш хүнд хэлэх юмтай байх ёстой юм байна гэж бодогдог юм билээ. Тэгээд л ном, сонин, сэтгүүл, эрдэмтэдийн бүтээл,  ертөнцийн сонин сайхныг хүртэл цуглуулж түүнийгээ уншиж, судлан задлан шинжилж, нэгтгэн дүгнэх, хүмүүсийн ярьж хэлж байгааг хүртэл анхааралтай чагнан санаа оноо авах зэргээр бага боловч жаахан ухаан суусан шиг санагддаг даа. Тэгээд ганц хоёр ном бичиж үзсэн. БТДС байгуулагдсаны 50 жилийн ойгоор сургуулийнхаа түүхийг тоймлон бичсэн юм. Тэгтэл МУБИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Б.Пүрэв-Очир багш:... Их сайхан ном болжээ, тун аятайхан бичсэн байна лээ шүү  гэсэнд үнэхээр их баярласан даа.
“Монголын нэвтэрхий толь бичиг” номонд  биеийн тамирын сэдвийн зохиогчоор, анх удаа ЕБС-ийн сурагчдад зориулсан “Биеийн тамир” сурах бичиг, “Монголын биеийн тамир спортын алдартнууд” гэсэн 2 цуврал ном, сургуулийнхаа ойд зориулан  “Амжилтаар жигүүрлэсэн 55 жил”  зэрэг 10 гаруй ном, сурах бичиг, гарын авлага бичсэн.
БНХАУ-н ӨМӨЗО, ОХУ-ын Буриадад эрдэм шинжилгээний судалгааны ажлаар хамтран ажилласан бөгөөд БНХАУ, БНСУ, ОХУ, Монгол улсад болсон олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцон илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

Эрдмийн ажлыг нь удирдаж хамгаалуулсан шавь нарынхаа тухай яривал?
1996 оноос хойн 40 гаруй магистрийн дипломын ажил удирдсанаас гадна олон тооны багш, дасгалжуулагч нарыг бүтээлээр хамгаалуулах ажилд гар бие оролцон ажилласан. Мөн оюутны ангийн ажил болон дипломын ажлыг тогтмол удирдан, одоогоор өөрийн сургуулийн багш  магистр Б.Бат-Отгоны докторын ажлыг удирдаж байна.
Бас зүгээр ч суугаагүй “Нүүдлийн соёл иргэншлийн үеийн бие бялдрын хүмүүжлийн зарим асуудал” сэдвээр сонирхон оролдож, ректор Б.Жадамбаа багш нилээн их урам өгсөнд нь урамшин толгойгоо гашилгасаар л явна.
 2008 оны олимпийн наадмын өмнө МУБИС-ийн Төгсөлтийн дараах алба, БТСГ-ын эрдэм шинжилгээний төв, БТДС-ийн онол арга зүйн тэнхим хамтран, улсын шигшээ багийн 11 дасгалжуулагчыг өөрсөдийнх нь хийсэн бүтээсэн ажил, туршлагаар нь диплом бичүүлж магистр хамгаалуулах ажлыг өөрийн биеэр удирдан зохион байгуулсан. Мөн магистрийн сургалтын мэргэжлийн хичээлийн хөтөлбөр боловсруулан, уг хичээлээ өдөр ба эчнээ магиструудад заан сургаж байна.
1996 он буюу хамгийн анхны магистр монгол улсын гавьяат дасаглжуулагч, Монголын БТСУХ-ны дарга, дэд доктор Ч.Наранбаатараас эхлээд Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, Боксын спортын гавьяат дасагжуулагч Б.Ганзориг, Буудлагын шигшээ багийн дасгалжуулагч Б.Алтанцэцэг, С.Адилбиш, Найрамдал зуслангийн багш Б.Ариунзаяа, Төв аймгийн багш Дэмбэрэл, 2011 оны төгсөгч Б.Болорчулуун... гээд олон хүнийг дурьдаж болно.

Өнгөрсөн 2012 онд таны хувьд ямар онцлог жил болов?
2012 он миний хувьд онцгой жилүүдийн нэг болсон. Харин 2012 оны 9 дүгээр сарын  01 -нд бие минь гэнэт муудаж эмнэлэгт хүргэгдэн очиж зүрхний хэмнэл алдагдал гэдэг оноштойгоор 6 дугаар сар хүртэл  ойр ойрхон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн дээ. Сүүлдээ нэг жил хиртэй  таяг тулан явдаг болсон ч би сэтгэлээр унаагүй....
Энэ өвчнийг даван туулах сэтгэлийн тэнхээ, чамд байх ёстой шүү гэж өөрөө өөртөө хэлэн үүрэг даалгавар өгч ажилласаны хүчинд  бие минь сайн болж байна гэсэн агуу их сэтгэлийн хүчээр алхаж явна. Энэ бүхэнд манай сургуулийн хамт олон, ах дүү төрөл төрөгсөд, найз нөхөд, шавь нар минь үнэхээр их тус дэмжлэг үзүүлсэн. Та нартаа би их өртэй хүн болсон доо... 
Тухайн онд хичээлээ ч заалаа, магистраа ч удирдлаа,  Сургуулийнхаа 55 жилийн ойд зориулж “Амжилтаар жигүүрлэсэн 55 жил” номоо бичиж гаргалаа, МУБИС-ийн 60 жилийн ойн баярын концертонд оролцож “Монгол морь” дуугаа ч дууллаа, ахмадын буудлагын УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, Эзэн Чингисийн төрсөн өдрөөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 11 дүгээр сарын сүүлчээр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” –гоор  шагнагдлаа.
Шинэ оны босгон дээр таныг төрийн дээд одонгоор шагнаж, төрөлх сургууль шавь нар нь  Хөдөлмөр алдрыг нь их сайхан өргөн дэлгэр тэмдэглэсэн, мөн олон спортын байгууллага танд хүндэтгэл үзүүлж байсан энэ талаараа ?
Шагналыг минь хүндэтгэн үзэж миний шавь доктор, профессор Л.Уртнасан санаачлан,  онол арга зүйн тэнхимээс удирдан, Биеийн тамирын сургуулийн бүх багш нар дэмжин, “Хөдөлмөрийн алдар” тэмдэглэх үйл ажиллагааг тусгай хөтөлбөр гарган 14 хоногийн турш оюутан багш нар, төгсөгчдчид оролцсон туршлага солилцох уулзалт, ярилцлага, ”АХА” тэмцээн, сэтгүүлчид болон оюутнуудын дунд Урнаа багшийг хэн сайн мэдэх вэ? эссэ, зохиомж, шүлэг, найруулалын уралдаан хүртэл зарлан явуулж, 2012.12.12-ны өдөр “А” байрны 312-р танхимд тэмдэглэлээ.
 Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн маш сайхан үйл явдлаар дүүрэн, хүн бүр баясан цэнгэсэн, хүүхэд бүр шуугин бужигнасан, ахмад үе, анд найзууд минь баяр хүргэсэн, хот, хөдөөгөөс, гадаадад ажиллаж байгаа хүмүүсээс хүртэл баяр хүргэсэн миний амьдралд хэзээ ч мартагдахгүй, үйл явдлаар дүүрэн, гайхамшигтай өдрүүд боллоо доо. Гайхмаар, бас  дэндүү сайхан,  баярласанаа илэрхийлэхэд өчүүхэн миний ухаан санаа умартаж,  хэлэх  үг ч олдохгүй байсан шүү, намайг гэсэн бүх бурхад минээ. Өршөөгөөрэй, Тэр хайрыг шингээж явах болтугай.  Хамт олны минь надад зориулсан нэгэн шүлэг бол бүр ч дэндүү дээ дэндүү... Баярлалаа та нартаа...
Маш олон шагнал урамшилыг агуу хүмүүсээс хүлээн авсан тэр бүхэндээ туйлын их баярлалаа МУБИС-ийн ректор академич, гавьяат багш БЖадамбаа, МҮОХ -ны дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Ц.Дамдин, манай сургуулийн захирал доктор С.Жамц, Улсын заан Гавьяат тамирчин Ц.Баярсайхан зэрэг маш олон хүний намайг магтсан магтаал хүндэхгүй байх болтугай. МУИС, ШУТИС, Багшийн сургуулийн биеийн тамирын багш нартаа, хот хөдөөгийн шавь нартаа дахин дахин талархалаа дэвшүүлж байгааг минь хүлээн авна гэдэгт итгэж байна.
МҮОХ -ны тэргүүн дээд шагнал “ Олимпийн Од” одонгоор шагнагдсандаа урамшин улам их ихийг бүтээх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн явна.

Шавь нартаа сайн багш болохын тулд тэр дундаа Биеийн тамирын багшийн онцлогийн талаар юу захиж зөвлөх вэ?
Биеийн тамирын багш мэргэжил эзэмшсэн хүмүүс маань нэг талаас эрүүл чийрэг, бие бялдартай, байнга баяр баясгалантай, юм үзэж нүд тайлсан, хүний сайн сайхны төлөө үргэлж санаа зовж явдаг, сэтгэл сайхантай хүмүүс байдаг боловч нөгөө талаасаа бие сэтгэлээ зовоосон, эрүүл мэндээрээ хохирсон, цаг наргүй ажилладаг хүмүүс шиг л харагддаг, бас ч хүнд хөдөлмөр шүү.
 Биеийн тамирын багш, дасгалжуулагчид хагас бүтэн сайн өдөр болон баяр ёслолын үеэр ч амрахгүй, бүх насны хүмүүсийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд анхарал тавьсан, тэдэнд биеийн тамирын хүмүүжил, боловсрол олгох, хүн амын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр ажилладаг нэг ёсны үйлчилгээний ажилтан юм шүү дээ.
Хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх сонирхолыг нь хөгжүүлэн, уралдаан тэмцээнд бэлтгэн оролцуулах, сургалт дасгалжуулалтыг удирдан, зохион байгуулж ялж, ялагдахын ухааныг шавь нартай сургамжилсан, гадаад, дотоод явж гаатай чихэр идсэн бас л гайхамшигтай хүмүүс дээ.
Бидний эзэмшисэн мэргэжлийн бас нэг онцлог бол спортын  амжилтаар “Монгол” гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуурсгахад та нарын минь онч мэргэн ухаан, шинжлэх ухаанч сэтгэлгээ мэдэх учраас “Ном л сайн уншиж”  бай! ... гэж захимаар байна. Ухаан далай номоос эхтэй шүү.
Мөн Монгол улсад биеийн тамир спортын олон төрлийг хөгжүүлж, биеийн тамир спортын мэргэжил эзэмшисэн анхны дарга, анхны БТДС-ийг байгуулсан, Улаанбаатар-Наушкийн хооронд 440 км зайд анхны цанын аялал хийсэн, БТУФ-ын декан, тэнхимийн эрхлэгч, багш зэрэг ажлуудыг хийж байсан Б.Жигмэддорж багшийгаа мөнхжүүлэх хүсэлтэй байна.
Энэ их гавьяа зүтгэлийг нь үнэлж, дурсгалыг нь хүндэтгэн МУБИС-ийн Биеийн  Тамирын Сургуулиа багшийнхаа нэрэмжит сургууль болгох хүсэлтэй байгаагаа энэхүү цахим ярилцлагаар, анх удаагаа дэлгэн ярилаа. Эрхэм уншигч та бүхнийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Сургууль , хамт олон, шавь нартаа хэлэх таны үг?
Эрдэм мэдлэгтэй, өндөр ур чадвартай, эгэл жирийн багш нарыг эгнээндээ нэгтгэн  Монгол орны дөрвөн зүг, найман зовхист төрөл бүрийн мэргэжил эзэмшисэн, түмэн шавьтай МУБИС болон Биеийн тамирын сургуулийн хамт олондоо:  Эрдмээр дэлгэрч, мэргэдүүдийг цуглуулж, цэцэн мэргэний ухааныг цэврүү шиг охид хөвгүүддээ өвлүүлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн ,эрдмээр бие биенээ мялааж  явах өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. 
Танд бидний урилгыг хүлээн авч олон сайхан сонирхолтой яриа өрнүүлсэнд нь талархан таны цаашдын судалгаа шинжилгээ болон сурган хүмүүжүүлэх үйлст нь улам их амжилтыг  ерөөн эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Зураг түүх өгүүлнэ:








































Ярилцсан: Т.Дуламрагчаа 

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2