Өнөөдөр : 2017-03-26, Ням

Үндсэн цэс
 
ЗАР :

Нийтлэл

ЗОЧЛОХ, ЗОЧЛУУЛАХАД СОЁЛТОЙ ХҮН ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ
Гэрийн эзэн зочдынхоо гадуур хувцсыг авч өлгөөд, зочны өрөөндөө урьж оруулна. Хэрвээ та хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас хожимдож, зочид ширээнд суусны дараа  ирсэн бол дахиад нэг алдаа хийхээс болгоомжлоорой, өөрөөр хэлбэл, эзэгтэйтэй мэндэлж, хожимдсондоо уучлалт гуйгаад, бусад зочдод алсаас мэхэсхийн хүндлэл үзүүлээд,  гар барин тойрч хүндрэл учруулахгүйгээр шууд л заасан суудалд нь суугаарай. Ийм тохиолдолд эзэгтэй суудлаасаа босохгүйгээр эелдэгхэнээр мэндэлж, суудлыг нь зааж өгөх ба яагаад хожимдов хэмээн асууж шалгаадаггүй. Зочдыг ширээнд залахдаа тэдний тохь тухыг аль болохоор бодолцоорой. Гэрийн эзэд ширээнд суухыг урьсны дараа эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн суух сандлыг арагш болгон найр тавьж суулгаад дараа нь өөрсдөө сууна.

Зочдыг ширээнд суулгахдаа бодолцох хэдэн  зүйл байна. Гэрийн эзэн, эзэгтэй хоёрын баруун, зүүн талын суудлыг  хамгийн хүндтэйд тооцно. Мөн хойгуур урдуур нь хүн явж саад болохгүй, хамгийн тохилог хэсгийг хүндтэй суудал гэж үзнэ. Гэрийн эзэгтэй үе үе гал тогооны өрөө рүү явах шаардлагатай байдаг учраас сүүлийн үед орж гарахад эвтэйхэн газар суух болсныг анхаарах хэрэгтэй.

Зочин хүн ширээний ард хайш яайш байж болохгүй, биеэ барилгүй, сандлын түшлэгийг налсхийн цэх шулуун сууна, сандлын түшлэгийг хэт их налан гэдийж суух нь ихэмсэг зангийн илрэл гэж үздэг. Мөн ширээг хоёр гараараа тохойлдох нь хажуугийн хүмүүст саадтай, тэднийг үл хүндэтгэсэн хэрэг юм.

Таваг руу хэт тонгойх эвгүй. Даавуун алчуурыг өвдгөн дээрээ тавих ба гар, амаа цаасан салфеткаар арчина. Хүүхдүүд даавуун алчуурын үзүүр хэсгийг захныхаа цаагуур оруулж тогтоож болно, том хүнд энэ нь зохимж муутай харагддаг. Хооллож дуусаад даавуун алчуурыг нугалж ширээн дээр тавьдаг, гэхдээ хэт нямбайлан эвхэх нь онцгүй.

Хоол ундыг өгөхдөө эзэгтэйн, эсвэл гэрийн эзний баруун гар талд сууж буй эмэгтэйгээс эхэлдэг ёстой. Таны дургүй, эсвэл таны биед зохимжгүй хоол байвал элдэв тайлбаргүйгээр, зүгээр л боловсон татгалзах хэрэгтэй. Халбага, сэрээгээ унагаасан бол бөхийж авах шаардлагагүй, шинийг эвтэйхэн гуйгаад авчих. Тавагны хоёр талд тавьсан  халбага, хутга, сэрээнээс хамгийн захад байгаагаас нь эхэлж хэрэглэх ба хутгыг баруун, сэрээг зүүн гартаа барина. Ингэхдээ чигчий хуруугаа хэт салган ёрдойлгох нь биеэ барьж байгаагийн шинж гэдгийг анхаарна уу. Бусдад халбага, сэрээ дамжуулах шаардлага гарвал ишнийх нь дунд хавьцаагаас барих хэрэгтэй. Халуун хоол, цайг үлээх зохимжгүй. Хоолыг зажлахдаа тамшаалах маягийн зохисгүй дуу авиа гаргахгүйн тулд хоёр уруулаа салгахгүй байвал зохино. Тамшаалах, сорох нь маш бүдүүлэгт тооцогддог.


Ширээнд өрөөстэй зоогоос хамгийн сайныг нь шилж авах гэж өндөлзөх нь мөн л бүдүүлэг зан, иймд өөрт хамгийн ойр байгаагаас л авах хэрэгтэй. Амаа хэт дүүргэх, том том үмхэхээс зайлсхийж, ямар нэгэн дуу авиа гаргахгүйгээр, тайван зажлах хэрэгтэй. Өөрөөсөө хол буй зүйл рүү гараа сунгах эвгүй, ойр байгаа хүнийг эвтэйхэн гуйгаад авахуулаарай. Халуун хоол, цайнд амаа түлчихвэл ундаа, жүүс,  эсвэл хүйтэн ус балгаарай, өөр ямар нэгэн байдлаар энэ тухайгаа “зарлах” байдал гаргаж болохгүй. Ямар ч эвгүй амт,  үнэр гэнэт мэдрэгдлээ гэсэн, амандаа хийсэн л бол яаж ийгээд залгих хэрэгтэй, загасны яс, жимсний үрээс өөр зүйлийг амнаасаа буцаан гаргах нь дэндүү болхи харагдана.

Давсны саванд халбага алга байвал давсыг хутганыхаа үзүүрээр аваарай, гэхдээ таны хутга хуурай бөгөөд цэвэр байх ёстойг анхаар. Хооллож байгаад түр завсарлахдаа халбага, сэрээ, хутгаа тавагныхаа ирмэгийг хоёр талаас нь түшүүлж тавина. Халбага сэрээг зэрэгцүүлэн тавган дээрээ тавибал тавгыг хурааж болно гэсэн үг юм.

Хэрвээ та гэрийн эзэн, эзэгтэй бол хоолоо түрүүлж дуусгаж хэрхэвч болохгүй, зочдоо зооглож дуусахыг хүлээх хэрэгтэй. Хоолны ширээнд сууж байхдаа тамхи татах нь туйлын бүдүүлэг занд тооцогддог. Бусдыг хооллож байх үед гарах хэрэг гарвал заавал уучлалт гуйж, зөвшөөрөл авна.

Том болсон хүүхдийг зочдын хамт суулгаж болно. Гэхдээ хүүхдүүд дараахь зүйлийг анхаарна. Үүнд: зочдоос түрүүлж ширээн дээрээс юм авч болохгүй, томчуудыг авсны дараа, хажуугийнхаа хүмүүст эхэлж өгөөд дараа нь өөрийнхээ тавганд авна.

Ямар нэгэн яриа өдөх, бусдын яриаг таслах, чанга инээхийг тэвчих хэрэгтэй. Ер нь л насанд хүрсэн, соёлч боловсон хүний мөрдөх ёстой дүрэм журмыг бүрэн сахих хэрэгтэй.
Зочдыг ирмэгц телевизороо унтраагаарай. Зочид уван цуван ирж байгаа тохиолдолд л онц сонин зүйл гарч байвал унтраахгүй байж болно. Зочид телевизор үзэхийг нэг их сонирхохгүй байвал тэр дор нь унтраах хэрэгтэй.

Эзэгтэй үргэлж гал тогоонд байгаад байх нь зохимжгүй тул идээ, ундаагаа урьдчилан сайтар бэлтгэсэн байна. Зочдыг яваагүй байхад таваг саваа угааж болохгүй. Эзэгтэйд туслах зайлшгүй хэрэгцээ гарвал хамгийн ойрын найз эмэгтэй нь, охин нь, эсвэл нөхөр нь тусалдаг.
Зочдыг ирсэн байхад утсаар ярихыг тэвчих нь зүйтэй. Гэрийн эзэд эелдэг сайн зохион байгуулагч байхын зэрэгцээ муугүй дипломат байх шаардлагатай байдаг. Зочдын хооронд санамсаргүй өрнөсөн маргаан, хэн нэгний соёлч бус, болхи үйлдлээс үүссэн эвгүй байдал, тэр ч бүү хэл, санаандгүй ярьсан онигооноос үүдэлтэй гомдол тунирхлыг эвийг нь олоод тоглоом шоглоом болгоод өнгөрүүлэх чадвартай байх хэрэгтэй. Урьсан зочин нэг бүртээ санаа тавьж, тохь тухтай байлгахыг эрмэлзэж байгаа чинь бусдад анзаарагдаж байвал сайн.

Эзэгтэйн бэлтгэсэн хоол, ундыг ямар ч тохиолдолд өчүүхэн төдий ч шүүмжилж болохгүй бөгөөд харин ямар нэгэн байдлаар магтах ёстой. Ширээний ард байхдаа өвчин зовлон, таагүй явдлын талаар ярих нь тохиромжгүй гэж үздэг. Өөрөөсөө хол сууж буй хүнтэй яриа өдөх нь бас зохимжгүй тул эвийг нь тааруулж байгаад хажууд нь очиж суугаад ярих хэрэгтэй. Бусдад сонин биш, бусад хүн ойлгохгүй байж мэдэх сэдвийг аль болох хөндөхгүй байсан нь дээр.


Явахдаа гэрийн эздэд амттай идээ ундаагаар дайлж, цагийг сонирхолтой сайхан өнгөрүүлсэнд нь талархлаа заавал илэрхийэх хэрэгтэй. Хэрэв бусдаас түрүүлж явах шаардлагатай бол аль болохоор сэмхэн гарахыг хичээгээрэй. Гэхдээ гэрийн эздээс заавал уучлалт гуйж, баярласан талархсанаа хэлээд явах нь зүйд нийцнэ.

Хэтэрхий удаан сууж, шөнө дөл болгох нь зохимжгүй, ялангуяа нялх нойтон хүүхэдтэй айлд зочлохдоо гэрийн эздийг жаахан суугаач гэсэн ч ямар нэгэн шалтаг хэлээд эртхэн гарахыг бодох хэрэгтэй.

Ер нь урьсан айлд аль хэр удах ёстой юм бэ? гэсэн асуултад янз бүрийн хариулт бий. “Ухаалаг зочин бол “яасан явдаггүй нөхөр вэ” гэж гэрийн эздийг бодохоос нэг минутын өмнө гарах ёстой” гэж Жан-Жак Руссо бичсэн байдаг. Энэ талаар яв цав тогтсон дүрэм журам байхгүй ч хэн нэгэнд зориулсан албан ёсны арга хэмжээнд уригдсан бол “гол зочин”-оос урьтаж явж болохгүй, найз нөхдийндээ уригдсан бол харин гэрийн эздийн хамгийн ихээр хүндэтгэн үзэж буй зочноос түрүүлж гарах учиртай. Аль ч тохиолдолд идэж ууж дуусангуут гарч явж болохгүй, бага зэрэг ярьж суух, бүжиглэх, бусдыг хөгжөөх зэргээр ялимгүй саатна гэж цаг заваа урьдчилан зохицуулах нь зүйтэй. Уригдсан эхнэр, нөхрийн аль нэг нь явах тухай саналаа хэлбэл нөгөө нь үг дуугүй зөвшөөрөх хэрэгтэй, ямар нэгэн байдлаар маргаан өрнүүлэх нь бусдын анхаарлыг татах, улмаар ирсэн зочдыг бас гарч явахад хүргэдгийг анхаарах ёстой.


“Англи маягаар гарч явах” гэж юу гэсэн үг вэ?

Хойшлуулшгүй ажилтай, бие тааруухан байгаад ирсэн бол эртхэн явах тухайгаа гэрийн эзэгтэйд урьдчилан хэлэх хэрэгтэй. Хэрвээ эрт гарах шаардлага айлд ирсэн хойно чинь үүссэн бол эзэгтэйд энэ тухайгаа ганцаарчлан хэлж уучлалт гуйгаад явах хэрэгтэй. Олон зочин байгаа тохиолдолд гэрийн эзэд болон хажуудаа сууж буй хүмүүсээс бусадтай нь салах ёс хийхгүйгээр явж болно. Үүнийг Англиас бусад улс оронд “Англи маягаар гарч явах” гэдэг ба харин Англид бол үүнийг “Франц маягаар …” гэдэг.

Хэрхэн яаж гарах вэ? Гадуур хувцсаа өмсөхөөсөө өмнө гэрийн эзэгтэйгээс эхлээд бүх хүнд хандаж сайхан дайлуулж, цайлуулж, цагийг сайхан өнгөрүүлсэндээ баярласан талархсанаа илэрхийлээд сайн сайхныг ерөөнө. Дараа нь гадуур хувцсаа өмсөөд, дахин мэхийж хүндэтгэл үзүүлээд гарч одно.

Хэрэв зочид бүгдээрээ хамт гарах бол ахмад настан болон эрхэм хүндтэй зочдын дараа л эл бүх үйлдлийг гүйцэтгэнэ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2