Өнөөдөр : 2014-09-03, Лхагва

5 5
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЗАР :

Түүхэн замнал

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн
Түүхт 60 ЖИЛ-ийн товчоон

1951 он:

-    Монгол Улсын Боловсролын Их Сургууль нь Улсын Багшийн Институт  нэртэйгээр Засгийн газрын хуучин байранд /одоогийн хичээлийн төв байр/ анх үүдээ нээлээ.
-    Анхны захирал: Түнжингийн Машлай /1951-1957/. Тэрээр ЗХУ-ын Москва хотноо В.И.Лениний нэрэмжит Улсын СХУ-ны Дээд сургуулийг Сурган сэтгэл судлалын нарийн мэргэжил эзэмшсэн, Гэгээрлийн Сайдаар ажиллаж байсан тухайн цаг үеийн шилдэг сэхээтэн, багш, эрдэмтэн байв. Мөн МУИС-ийг 1942 онд үүсгэн байгуулж анхны ректороор ажиллажээ.
-    Анхны хонх: Хичээлийн шинэ жилийн нээлтийн анхны хонхыг Т.Машлай захирлын 02 тоот тушаалаар Түүхийн ангийн оюутан Д.Сүрьеэ /хожим нэртэй зохиолч болжээ/  жингэнүүлэв.
-    Анхны мэргэжил: Монгол хэл, Уран зохиол, Тоо физик, Түүх, Байгаль-Химийн мэргэжлээр 8 багш, 212 оюутан, 2000 орчим номтой номын сантайгаар хичээллэж эхлэв.
-    Анхны багш нар:Д.Элбэг/физик/, Т.Балдан /Хими/, Ц.Балдан /Биологи/,  Ж.Батмөнх /Түүх/ хожим МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан , Ш.Батаа /Тоо/, Ц.Өлзийхутаг /Монгол хэл/, П.Сарантуяа /Монгол хэл/, Д.Цагаан /монгол хэл уран зохиол/
-    Анхны оюутнууд: Л.Түдэв /проф. Зохиолч/, Ш.Шагдар /проф, багш/, О.Пүрэв /проф.багш/, Г.Одон /Ардын зураач/, Чой.Лувсанжав /хэл судлаач, проф/, Б.Даваасүрэн /проф. Сайд асан/, Б.Гунгаадаш /соёлын гавьяат зүтгэлтэн/ гэх мэт.

1952 он:

-    Орос хэлний мэргэжлийг шинээр нээв. Оюутны анхны багшлах дадлага ажлыг хийж эхлэв. Онц сурлагтан оюутанд Х.Чойбалсангийн нэрэмжит цалин олгохоор тогтов. Хичээлийн төв байрны баруун хананд “Х.Чойбалсан 1935-1951 онуудад энэ байшинд ажиллаж байв” гэсэн дурсгалын самбар байрлуулав.

1953 он:

-    Анхны төгсөлт: Түүх, Физик, Байгаль -дэлхийн багшийн мэргэжлээр бүгд 86 оюутанг  бүрэн бус дээд боловсролтой багшаар төгсгөн эх орныхоо хэрэгцээт газар илгээлээ., Оюутнуудад стипенди олгож эхлэв. Тухайлбал, сар бүр 1-р курсийн оюутанд 225, 2-р курст 250, 3-р курст 270  төгрөг тус тус олгохоор тогтоов.

1954 он:

-    БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Багш нарын цагийн нормыг тогтоов. Үүнд: Сард багш 75 цаг, кафедрын эрхлэгч 64 цаг байхаар тогтов.

1955 он:

-    Оюутнуудыг оройн цагаар залуу байгальчид, физик, түүх, географ,  утга зохиол, танц, хөгжим, спортын дугуйланд хамруулж эхлэв.

1956 он:

-    Улсын Багшийн институт нь 5 жилийн ойгоороо нийт 700 гаруй оюутан, 7 салбар, 23 курс, 50 багштай болон өргөжив.

 

1957 он:

-    1957 оны 9-р сарын 10-ны Сайд нарын зөвлөлийн 383 тоот тогтоолоор Улсын Багшийн Институтийг Улсын Багшийн Дээд сургууль болгон өргөтгөн байгуулж, 4 факультет, 10 тэнхим, 56 багш, 695 оюутантайгаар хичээллэж эхэллээ. 205 оюутан төгсөв.
-    УБДС-ийн захирлаар Дэнзэнгийн Гомбосүрэнг томилов. Тэрээр Эрхүүгийн Багшийн Их сургуулийг математикийн мэргэжлээр төгссөн ба Гэгээрлийн орлогч сайдаар 2 дахин томилогдон ажиллаж байв.

1958 он:

-    Анх удаа Эрдэм шинжилгээний ажлыг сайжруулахаар лаборатори, практикийн багаж, хэрэгслэлийг захиалахаар болов. ЭШ-ний тусгай төлөвлөгөө боловсруулснаар УБИ-ийн багш нар бага сургуулийн-1, дунд сургуулийн-5, дээд сургуулийн -3 сурах бичиг, эш-ний өгүүлэл 14 –ийг бичиж нийтлүүлэн хэвлүүлжээ.

1959 он:

-    Хими-биологи, Монгол хэл, Биеийн тамир, Түүх-газар зүй, Орос хэл, Шугам зураг, хөдөлмөр, Тоо физикийн мэргэжлээр 248 оюутан элсүүлэв. Залуу багш, хожим БНМАУ-ын төрийн шагналт, Ардын зураач Г.Одон зураг хөдөлмөрийн тэнхимд багшаар томилогдон ирэв.

1960 он:

-    Төмөрийн Балданг УБДС-ийн 3 дахь захирлаар томилов. Тэрээр Эрхүүгийн Улсын Их сургуулийг Химич мэргэжлээр дүүргэж, Улсын Багшийн Институтийг анх үүсгэн байгуулалцсан, тухайн үед багш хүрэлцэхгүйгээс 4 хичээл зааж байсан, химийн ухааны эрдэмтэн байв.
-    Кино драмын мэргэжлийг шинээр нээж, 24 оюутан элсүүлэв.
-    УБДС-ийн анхны төгсөлт дээд боловсролтой 161 багшийг бэлтгэн гаргав.

1961 он:

-    Анхны хос мэргэжлээр багш бэлтгэж эхлэв. Үүнд: Монгол хэл-Уран зохиол, Хими-Байгаль, Монгол хэл-Түүх, Байгаль-Газар зүйн багш. УБДС-ийн 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг томилов. УБДС нь 4 факультет, 9 тэнхим, 872 оюутан, 78 багштай болов. Нийт багшийн 14 нь зөвлөлтийн мэргэжилтэн, гавьяат багш-3, Эрдмийн зэрэгтэй-10, бүрэн дээд боловролтой-58, бүрэн бус дээд боловсролтой-8, дунд боловсролтой 4 байв.  

1962 он:

-    УБДС-ийн дүрмийг батлав. Мөн Оюутны дүрэмтэй болов. Оюутны байрны дүрмийг батлав.

1963 он:

-    Орос хэл сурах хөдөлгөөнийг оюутны дунд өрнүүлэв. Зураг хөдөлмөр, сурган хүмүүжүүлэх ухаан, кино драмын мэргэжлийг нэгтгэн Хөдөлмөр сурганы факультет байгуулагдав.

1964 он:

-    УБДС нь 5 факультет, 13 тэнхим, 120 багш, 1477 оюутантай болов.

1965 он:

-    Оюутнуудаар курсийн ажил хийлгэхээр тогтов.

1966 он:

-    Д.Нацагдоржийн нэрэмжит цалинг тэргүүний оюутанд олгохоор болов.

1967 он:

-    Монголын Багш  нарын өдрийг тэмдэглэх Ардын Их Хурлын зарлиг гарч Багш нарын анхны баяраа тэмдэглэв.

1968 он:

-    Батын Дашжамцыг УБДС-ийн 4 дэх ректороор томилов. Тэрээр Москвагийн Их сургуулийг төгссөн, хичээлийн эрхлэгчээс ШУА-ийн дэд ерөнхийлөгч хүртэл улсад нийт 59 жил /1931-1990он/ хөдөлмөрлөжээ.
-    Хичээлийн байрны  анхны өргөтгөл: Хичээлийн 2-р байрыг шинээр барьж ашиглалтанд оруулан Хими-биологийн салбарыг шилжүүлэн байрлуулав.

1969 он:

-    Соёлын Яамны сайдын тушаалаар шинээр Үндэсний дуу бүжиг, хөгжмийн багш, удирдаачийн мэргэжлийн ангийг нээн 2 жил тутам ээлжлэн оюутан элсүүлэхээр тогтов.
-    УБДС-ийн бүрэлдэхүүнд Багш нарын мэргэжил дээшлүүлэх факультетийг байгуулахаар тогтов. Багш нарыг 5 жилд нэг удаа мэргэжил дээшлүүлэх курст суралцан шалгаруулалтанд орж байхыг заав.  

1970 он:

-    Цэцэрлэгийн багш, хөгжмийн удирдаач багшийн ангийг нээлээ.

1971 он:

-    УБДС-ийг 20 жилийн ойгоор нь АИХ-ын зарлигаар “Алтан гадас одон”-гоор шагнав.
-    Багш Г.Данзан /биологи/, Д.Санжжав /сэтгэл судлал/ нарыг докторантаар батлав.

1972 он:

-    УБДС нь 7 факультет, 17 тэнхим, 161 багш, өдрийн 1600, эчнээ 251 оюутантай болов.

1973 он:

-    Түүхийн багш-пионерийн удирдагчийн ангийг нээв.
-    Анхны эчнээ хэлбэрээр 32 оюутан Монгол хэл-уран зохиол, Түүх-газар зүйн мэргэжлээр төгсөв.

1974 он:

-    УБДС-ийн дэргэд анх Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Дээд, тусгай, дунд мэргэжлийн сургуулийн сургалтын техник хэрэгслэл үйлдвэрлэж, угсрах товчоог байгуулж, даргаар нь багш Га.Дагвыг томилов.

1975 он:

-    Лаборантын товчоог байгуулж, даргаар нь физикийн багш Л.Дамбыг томилов.

1976 он:

-    УБДС-ийн 5 дахь ректороор Оролжавын Отгонсүрэнг томилов. Тэрээр МУИС-ийг физикч мэргэжлээр дүүргэн, Физикийн ухаанаар дэд эрдэмтний зэрэг хамгаалсан, ЗХУ-ын Дубна хотноо Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институд ажиллаж байсан, 15 жил тасралтгүй ректороор ажилласан МУ-ын Ардын багш байв.   
-    УБДС-ийн 25 жилийн ойг угтан нийслэлийн 4 район, 18 аймаг, Дархан, Эрдэнэт хотын боловсролын хэлтэсүүд өөрийн бүх төгсөгчдөд захидал илгээн тэргүүний багш нарыг төв орон нутгийн мэдээллийн хэрэгслэлээр сурталчилан туршлагыг дэлгэрүүлэх ажил зохиолоо.

1977 он:

-     Багш Д.Санжжав сэтгэл судлалын ухаанаар докторын  зэрэг хамгаалж, УБДС-ын анхны доктор багш болов.
-    Бүх ард түмний социалист уралдаанд их, дээд сургуулиудаас УБДС III байр, Оюутны урлагийн үзлэгт I байр эзлэв.

1978 он:

-    Багш М.Юндэнг /Хими/ Хичээл, хүмүүжил эрхэлсэн анхны проректороор томилов.

1979 он:

-    Багш Х.Мөнхбаярыг /Биологи/ Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын орон тоог анх баталж,  дэд захиралаар томилов.

1980 он:

-    Багш мэргэжлийн сонгоны ангийг анх нээж Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай аймгийн тус бүр 20 сурагч элсүүлэн байгуулахаар тогтов.

1981 он:

-    Анхны “Ардын багш”  цолыг бий болгож энэхүү хүндтэй цолыг УБДС-ийн Газарзүйн тэнхмийн багш Гунгаажавын Батсүхэд хүртээжээ. Тэрээр Төв аймгийн харъяат, Герман улсад 1926-1930 онд Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 1956 оноос УБДС-ийн Газар зүйн тэнхимд багш, тэнхмийн эрхлэгчээр 20 гаруй жил /Боловсролын салбарт 50 гаруй жил/  ажиллажээ. Монгол орны газар зүй заах арга зүйн үндсийг тавилцжээ.

1982 он:

-    УБДС нь 6 факултет, 19 тэнхим, 164 багш, 2757 оюутан, 14 мэргэжлийн ангитай болов.

1983 он:

-    Биеийн тамир, урлагийн факультетийг байгуулав.
-    ЮНЕСКО-гийн тусламжаар анхны цахим техникийн эхлэл болох “Искра” машин бүхий тооцон бодох лаборатори, хуулан олшруулах машины тасаг байгуулагдав.

1984 он:

-    УБДС  3-доктор, 30-дэд эрдэмтэнтэй боллоо.

1985 он:


-    ЮНЕСКО-ийн зардлаар 6 багш мэргэжил дээшлүүлэв.

1986 он:

-    МАХН-ын 65 жилийн ой, МАХН-ын Х1Х их хурал, УБДС-ийн 35 жилийн ойг угтан хөдөлмөрийн өндөр идэвхитэй ажиллав.

1987 он:

-    Сургалтын төлөвлөгөөнд Мэдээлэл зүй, Тооцон  бодох хичээлүүдийг анх удаа орууллаа.
-    Оюутны байранд “Уншлагын танхим” нээв.
-    Эрхүүгийн УБДС-ийн семестр бүр оюутныг аттестатчилдаг туршлагыг нэвтрүүлэв.

1988 он:

-    Ректорын  315 тоот тушаалаар Цэргийн тэнхмийг татан буулгалаа.
-    Түүх- нийгэм судлалын ангийг шинээр нээж оюутан элсүүлэв.

1989 он:

-    Монголын Багш нарын Ү их хурал болж , 11 багш төлөөлөгчөөр оролцов.
-    Байгаль-Нийгмийн ухааны факультет, Монгол хэл уран зохиолын факультет, Физик математикийн факультетийг татан буулгаж, НУФ, БУФ болгон нэгтгэв.
-    Биеийн тамир Урлагийн факультетийг татан буулгаж Соёл урлагийн факультет, Биеийн тамирын факультетийг салган байгуулав.

1990 он:

-    УБДС анх удирдлагаа өөрөө сонгож хуучин ректор О.Отгонсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн проф. Цэгмидийн Цэвээнийг сонгов. Тэрээр 1971 оны УБДС-ийн төгсөгч бөгөөд  1974 оноос өнөөдрийг хүртэл 40 шахам  жил төрөлх сургуульдаа багш, тэнхмийн эрхлэгч, декан, проректор, ректор хүртэл албыг хашиж, эрдэм оюун, хөдөлмөрөө зориулж яваа  ахмад багш, эрдэмтэн юм. Боловсрол судлалаар Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
-    УБДС-ийг Засгийн газрын 11-сарын 16-ны 154 тоот тогтоолоор Улсын Багшийн Их Сургууль /Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн/ болгов.
-    Бүх факультетүүдийг татан буулган тэнхмийн системд шилжүүллээ.
-    ОХУ-ын Томскийн УБДС, ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн сургуультай холбоо тогтоов.
-    Анх удаа төлбөртэй 10 оюутныг сургалтанд хамруулав.

1991 он:

-    Хичээлийн 3-р байрыг ашиглалтанд орууллаа.
-    АБЯ-ны Сайдын 151 тоот тушаалаар Бэгзийн  Чулуундоржийг УБИС-ийн ректороор томилов. Тэрээр МУИС-ийг Орос хэлний багш мэргэжлээр төгссөн ба 1979 онд Хэл бичгийн ухаанаар дэд эрдэмтний, 1989  онд Зэрэгцүүлсэн сэтгэц хэл шинжлэлийн чиглэлээр Шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан профессор юм. Тус сургуулийг их сургууль болгон өргөтгөж, зах зээлийн нөхцөл, орчин үеийн шаардлагад нийцүүлэн  өөрчлөн хөгжүүлж бэхжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ.
-    Бүтцийн өөрчлөлт хийн МХУЗФ, ФМФ, БТФ, ЗЕТФ, СурганНУФ-ийг шинээр байгуулан хамт олны саналаар: З.Гулираанз, Г.Батбямба, Н.Цогт,  Ш.Содномбалжир, Л.Цэенбазар нарыг деканаар, Нарийн бичгийн даргаар: Б.Баасансүрэн, Ж.Чулуундорж, Н.Готов, Ш.Дуламсүрэн, Ц.Янжиндулам нарыг тус тус томилжээ.
-    УБИС-ийн Эрдмийн зөвлөлийг анх 32 гишүүнтэй байгуулав.
-    АБЯ-ын сайдын тушаалаар ГХДС, Багшийн коллеж, ЦБК, БНМДИ –ийг УБИС-ийн харьяа болгов.
-    Сургалтанд шилдэг технологи хэрэглэж байгаа багшаар Ж.Амараа/УЗ/, Ц.Сумъяа/Хими/, Ж.Жүрмэд/Биологи/, В.Адъяасүрэн/МФ/, П.Цэрэндондов /СС/, Д.Дашхүү /ЗХ/ нар шалгарав.
-    Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт УБИС-ийн зарим оюутнууд /МХУЗ-ийн IY, Y, ЕТ-ийн II, III, ФМ-ийн III курсийн/  идэвхтэй оролцон зарим хичээлийг /МАХН-ын түүх, Эвлэл пионерийн ажлын онол арга зүй г.м/ хаах, зарим хичээлийг /дан орос биш, англи хэл, Ардын СХЗүй г.м/  нэмж оруулах зэрэг шаардлага тавьсныг Ректорат шуурхай хүлээн авч шийдвэрлэв.

1992 он:

-    УБИС нь 30 гаруй мэргэжлээр 4291 оюутан сургаж, 319 багштай, 37 тэнхим, 3 институт, 3 харьяа коллеж бүхий их сургууль болон өргөжлөө.
-    Сургалтынг анх удаа төлбөртэй болгож төлбөрийн хэмжээг 10500 төгрөгөөр тогтоов,

1993 он:

-    Сургалтанд кредит системийг нэвтрүүлж эхлэв.
-    Анх удаа магистрын сургалтыг Ректорын 261 тоот тушаалаар нээж 11 хүнийг төлбөртэй, өөрийн 5 багшийн цагийг 40% хөнгөлж элсүүлэв.
-    Сурган сэтгэл судлал, Тооцон бодох математикийн чиглэлээр Аспирантурын сургалт нээв.
-    Газар зүй –Аялал жуулчлалын ангийг нээв.
-    Биеийн тамирын багш, Урлал техникийн мэргэжлээр анхны шаталсан сургалттай анги нээж оюутан элсүүлэв
-    Сүүлчийн удаа 8 оюутанд “Сүхбаатарын нэрэмжит цалин” олгов.

1994 он:

-    Магистрантурт 10 мэргэжлээр 38 хүнийг элсүүлж, 19 хүнд магистрын зэрэг олгов.
-    Сургалтын албыг Стандарт-хяналтын алба болгон өөрчилөв.

1995 он:

-    Оюутны мэдлэгийг үнэлэх сургалтын уламжлалт үнэлгээг /онц, сайн, дунд, муу/ халж, рейтингийн онооны /кредит/ үнэлгээнд шилжив.
-    Компьютерийн 2 лаборатори байгуулав. /А218, Б215/
-    Монгол хэл, Математик, Байгалийн ухаан, Дизайн, Боловсрол судлалын чиглэлээр 18 хүн магистр хамгаалав.
-    Цэцэрлэгийн болон Хөгжмийн багшийн коллежийг татан буулган Сурган Хүмүүжүүлэх Ухааны коллежийг байгуулав.

1996 он:

-    Гэгээрлийн Яамны Сайдын 14 тоот тушаалаар Сэрээнэнгийн Тогмидыг УБИС-ийн Ректороор томилов. Тэрээр МУИС-ийг Математикч мэргэжлээр төгссөн ба 1983 онд БНАГУ-д Математикийн ухаанаар дэд докторын зэрэг хамгаалан их, дээд сургуульд тасралтгүй 40 шахам жил багш, тэнхмийн эрхлэгч, декан, ректорын албыг нэр төртэй хашсан багш, эрдэмтэн, профессор байв. Түүний математикийн шинжлэх ухаанд Магадлалын онол, математик статистик, хэрэглээний математикийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр их юм.
-    УБИС-ийн 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.
-    Анхны 33 оюутан шаталсан сургалтаар төгсөв.

1997 он:

-    “УБИС-ийн хүндэт доктор”, “УБИС-ийн хүндэт профессор” цолыг анх бий болгож, Анхны “Хүндэт профессор” цолыг Төрийн соёрхолт эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэвт хүртээлээ.  
-    “УБИС-ийн Магистрантурын сургалтын журам”-ыг шинээр баталж, мөрдөж эхлэв.
-    УБИС-ийн дүрэм, дотоод журам, Ажлын байрны тодорхойлолтыг шинээр боловсруулан баталж мөрдөж эхлэв.
-    9 мэргэжлээр /Компьютер-Англи хэл, Математик загварчлал, Статистик-эдийн засаг, Нийгмийн ажилтан-сэтгэл зүйч, Спортын сэтгүүлч, Орос-Монгол хэлний багш, Түүхийн багш, түүхч, Нийгэм судлал-эрх зүйч, Англи хэлний орчуулагч/ шинэ анги нээв.
-    Ректор асан О.Отгонсүрэн Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ.

1998 он:

-    Анх удаа УБИС-ийн Эрхэм зорилгыг Эрдмийн зөвлөл, удирдах зөвлөлийн хамтарсан хурлаар батлан гаргав.
-    “Аспирантурын сургалтын журам”, сургалтын төлөвлөгөөг  батлан мөрдөхөөр тогтов.
-    “Оюутныг үнэлэх журам”-ыг шинээр боловсруулж батлав.
-    Багш нарын баярыг тохиолдуулан анх удаа “Тэргүүний тэнхим”, “Тэргүүний судлаач”, “Сурган хүмүүжүүлэгч”, “Залуу багш”-ийг шалгаруулж шагнах болзол гарган анхны шилдэгүүдээр проф. Х.Мөнхбаяр эрхлэгчтэй Биологийн тэнхим Тэргүүний тэнхмээр, доктор Т.Намжил/Түүх/ Тэргүүний судлаачаар, дэд доктор Д.Наранцэцэг /Түүх/ “Тэргүүний залуу багш”-аар тус тус шалгарч  болзолын шагналаар шагнагдав.
-    УБИС-ийн багш нараас анх удаа проректор доктор, профессор Домийн Төмөртогоо “Академич” цол хүртэв.

1999 он:

-    УБИС нь бүрэлдэхүүндээ 2 сургууль, 2 коллеж, 7 факультет, 300 багш /үүнээс 1-академич, 9- шинжлэх ухааны доктор, 70 -боловсролын доктор, 37 мэргэжлээр 5600 оюутан, 19 мэргэжлээр  277 магистрант, 15 мэргэжлээр 90 докторант / -тай Монгол Улсын Төрийн өмчийн томоохон их сургууль болон өргөжин тэлэв.
-    Боловсролын хуулийн дагуу анхны УБИС-ийн Удирдах зөвлөл байгуулагдав.
-    Өөрийн үнэлгээний тайлангаа бичиж Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн шинжээчдийн үзлэгт орон амжилттай МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЭВ.
-    Математикийн тэнхмийн эрхлэгч проф. Д.Шагдар Монгол улсын гавьяат багш  цол хүртлээ.
-     Шинээр эрдмийн цол, зэрэг хамгаалсан багш нартаа 250 000-700 000 төгрөгийн, 4-5 улирал дараалан онц сурсан оюутнууддаа 50 000-200 000 төгрөгийн шагнал олгож эхлэв.

2000 он:

-    Багц цагийн тогтолцоонд суурилсан шавь сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, технологийг тууштай хэрэгжүүлэх, бүтээлчээр бие даан суралцах, сэтгэн бодох  зорилгод нийцүүлэн бүх мэргэжлийн сургалтын төлөвлөгөг шинэчилэн батлав.
-    Сургалтын зарим төв, албыг интернэт сүлжээнд холбов.
-    Факультет, тэнхмүүдийг компьютер, принтер, каноноор хангав.
-    Номын сангийн фондыг 7000 орчим боть номоор баяжуулан, электрон катологи, интернетэд холбох ажлыг эхлүүлэв.
-    Проф.М.Юндэн, Ц.Өнөрбаян нар Монголын Улсын Гавьяат багш цол хүртэв.

2001 он:

-    Шинээр батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлүүдийн хөтөлбөрүүдийг шинэчилэв.
-    “Багшлах дадлага хийлгэх талаар авах зарим арга хэмжээний тухай” БСШУЯ-ны тушаал гаргуулав.
-    “Бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх  үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 120 тоот тогтоолоор батлав.
-    Японы сангийн тусламжаар Япон хэлний иж бүрэн кабинет ашиглалтанд оруулав.
-    Факультетүүдийг өөрчилж 12 салбар сургууль болгон өөрчилөв. /МаСС, МоСС, ГХС, ТНУС, БТС,  ДУТС, БоС, БУС, КМТС, ФТС, БаС, СӨБС/
-    Сургалтын албыг өргөтгөн Бакалаврын алба / дарга проф.Г.Батбямба/ , Төгсөлтийн дараах сургалтын алба /дарга проф. Н.Жадамба/, Үнэлгээ шинжилгээний алба /дарга проф.Б.Пүрэв-Очир/ -ыг шинээр байгуулав.
-    Төгсөлтийн дараах олон хэлбэрийн сургалтыг нээлээ.Үүнд: Мэргэжил дээшлүүлэх, давхар мэргэжил олгох болон зуны, оройн, зайны  сертификатын сургалтууд, магистр, докторын сургалтыг өдөр, эчнээ, экстернат хэлбэрүүдээр/
-    Төрөлх сургуулийнхаа 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв.
-    УБИС-ийн багш проф. О.Отгонсүрэн “Ардын багш” , проф.Ц.Сүрэнхорлоо, Н.Алтангэрэл, Га.Цэрэндорж нар Монгол Улсын Гавьяат багш цолыг тус тус хүртлээ.

2002 он:

-    Сургуулийн Сүлжээний төвийг өөрчлөн өргөтгөж  системийн администратор, веб мастер, инженер гэсэн бие даасан нэгжүүдтэй болов.
-    Анх удаа багш бус мэргэжлээр төгсөгчдөд зориулж “Багшлах эрхийн сертификатын сургалт”-ыг зохион байгуулж эхлэв
-    Ректорын 102 тоот тушаалаар Боловсролын удирдахуйн ухааны тэнхмийг шинээр байгуулж эрхлэгчээр нь Боловсрол судлалын Шинжлэх ухааны доктор (Sc.D) , проф. Ч.Пүрэвдоржийг томилов.
-    Засгийн газрын 300 тоот тушаалаар “ЕБС-ийн удирдах ажилтныг УБИС-ийн магистрантурт хөнгөлөлттэй нөхцлөөр суралцуулах тухай” журам гарч 16 удирдах ажилтныг элсүүлэв.
-    Ахмад багш Д.Цэрэндулам /МФ/, Ж.Цэдэндулам /биологи/, Б.Пүрэв /физик/, Д.Монхор/Физик/ нарт “МУБИС-ийн Хүндэт профессор” цол хүртээв.
-    Академич Д.Төмөртогоо, проф. Н.Жадамба нар Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ
-    “Чанартай хөтөлбөр-багшийн хөгжил” сургалт семинарыг зохион байгуулж сургалтын технологийн шинэчлэлд онцгой  анхаарч ажилласан хичээлийн жил байв.

2003 он:

-    БСШУ-ны Сайдын 10-р сарын 10-ны өдрийн 330 тоот тушаалаар Бадрахын Жадамбааг УБИС-ийн ректороор томилов. Тэрээр МУИС-ийг Физикч мэргэжлээр төгссөн, 1986 онд Москвагийн Их сургуулийн аспирантурт суралцан Физикийн ухаанаар дэд докторын зэрэг, 2003 онд Боловсрол судлалаар Шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан бөгөөд  их дээд сургууль, боловсрол, шинжлэх ухааны салбарт тасралтгүй багш, тэнхмийн эрхлэгч, дэд захирал, газрын дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж ирсэн Монгол Улсын Боловсролын салбарт ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа багш, эрдэмтэн, профессор юм.
-    12-р сарын 30-ны өдрийн БСШУ-ны Сайдын /сайд А.Цанжид/ 445 тоот тушаалаар Улсын Багшийн Их сургуулийн нэрийг  Монгол Улсын Боловсролын Их сургууль /МУБИС/  болгон өөрчилөв.  
-    “Клиник сургууль”, “Клиник профессор”-ын стандарт, түүнийг шалгаруулах журмыг батлав.
-    Герман хэл, Эдийн засаг-статистикийн тэнхмийг шинээр байгуулав
-    Багш бэлтгэх ажлын чанарыг дэлхийн жишигт ойртуулах зорилгоор “Багш-2005” төслийг хэрэгжүүлж эхлэв.
-    Зарим хичээлийн байруудыг дотоод сүлжээнд холбов.

2004 он:

-    УБИС нь МУБИС  болсонтой уялдуулан ЭРХЭМ ЗОРИЛГОО шинээр томьёолов.
-    МУБИС нь өөрийн хөгжлийн ахиц дэвшлийн тайлангаа  бичиж 2 дахь удаагаа  МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЭВ.
-    Сургуулийнхаа олон талт амьдралыг зохицуулах бүх эрх зүйн  баримт бичигт шинэтгэлийг эрчимтэй хийсэн хичээлийн жил байв.
-    БТС-ын багш МУ-ын хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдовт “МУБИС-ийн Хүндэт профессор” цол хүртээв.

2005 он:

-    “Багш-2005” төслийн хүрээнд “Багш боловсролын үзэл баримтлал”, “Багшийн шинэ загвар”-ыг боловсруулав.
-    “Багш” сонгонд суралцагчдаас МУБИС-д хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх журам батлав.
-    Сургалтын технологийг судлан түгээх төв байгуулав.
-    “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд МУБИС-ийн ректорын нэрэмжит шагнал олгох журам”-ыг батлаж,. Шилдэг бүтээлийг 500 000 төгрөгөөр шагнах болов.  Энэхүү нэрэмжит анхны шагналыг Боловсрол судлалын Шинжлэх ухааны доктор (Sc.D) , проф. Ч.Пүрэвдоржийг “Байгууллагын менежмент” номоороо хүртэв.
-    Оюутнуудын дунд “Сурган хүмүүжүүлэх ур чадварын уралдаан явуулах журам” батлав.
-    “Боловсрол судлалаар төгсөлтийн шалгалт авах журам” батлагдав.
-    “Оюутныг үнэлэх журам”-ыг шинэчлэн боловсруулав.
-    Электрон сургалт бүхий нээлттэй сургууль болох ажлын хүрээнд Зайны сургалтын төв байгуулав.
-    Биологийн тэнхмийн эрхлэгч проф. Х.Мөнхбаяр Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ.

2006 он:

-    Ректорын 304 тоот тушаалаар салбар сургуулиудын захирлуудад сургуулийнхаа төрийн сан, банкин дахь харилцах дансанд 1-р гарын үсэг зурах эрх олгосноор салбар сургуулиудыг санхүүгийн хувьд бие даан хөгжиж, эдийн засгийн үр өгөөжээ дээшлүүлэх таатай орчинг бүрдүүллээ.
-    Оюутан элсүүлэх журмыг шинээр батлав.
-    Багш, ажиллагсдын цалинг 30%-иар нэмэгдүүлэв.
-    дэд проф. Д.Сэрээтэр МУ-ын Ардын багш цол хүртлээ.
-    проф. Ц.Батсуурь Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ
-    МУБИС-ийн хөгжлийн “Мастер төлөвлөгөө”-г  батлав.
-    МУБИС байгуулагдсаны 55 жилийн ойг ёс төгөлдөр тэмдэглэв. Энэ хугацаанд тус сургууль нь 44 бакалаврын мэргэжлээр 8000 орчим оюутан, 28 мэргэжлээр 600 гаруй магистрант, 17 мэргэжлээр  200 орчим  докторантыг сургаж буй 400 орчим эрдэм багш нарын бүрэлдэхүүнтэй төрийн өмчийн томоохон их сургууль болон бэхжжээ.
-    проф. М.Юндэн Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ.

2007 он:

-    “Хичээл нэг бүрд багш, суралцагчийн хамтын бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлж мэдлэг бүтээх үйл явцыг чанаржуулах” гэсэн зорилт тавин ажиллалаа.

-    Ерөнхий Боловсролын Сургалт 12 жилийн тогтолцоонд шилжин 6 настай хүүхэд сургуульд орох болсон ба бага боловсролын сургалтын хугацаа 6 жил болсонтой холбогдуулан Багшийн сургуулийн Бага боловсролын багш бэлтгэх сургалтын төлөвлөгөөг шинээр боловсруулж, МУБИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж шинэ хичээлийн жилээс эхлэн мөрдөх боллоо.
-    Багшийн сургуулийн захирал  дэд проф. Ч.Цэдэнбал  Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ.

2008 он:

-    “Сургалтад мэдээлэл харилцааны технологийг өргөнөөр ашиглах ” гэсэн зорилт тавин, бүрэлдэхүүн сургууль бүр онцгой анхаарч,  өөрсдийн нөхцөл боломжоор LCD, кодоскоп, телевизор, магнитофон зэргийг хичээлд хэрэглэдэг боллоо.
-    Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд зарим хөтөлбөрөө оруулав.
-    Ардын багш О.Отгонсүрэнгийн нэрэмжит физик сургалтын орчин үеийн лабораторийг нээлээ.
-    Ректор проф. Б.Жадамбаа академич цол  хүртлээ.
-    проф. Ж.Баатар, дэд проф. Ч.Дугуйцагаан нар Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ.

2009 он:

-    “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд МУБИС –ийн захирлын нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу 2 дахь удаагийн шагналыг МаСС – ийн захирал, доктор, профессор Ц.Батхүүгийн “Элементар тооны онолын бодлогууд”, “Комбинаторикийн бодлогууд” хэмээх цуврал бүтээлээрээ авав.
-    проф. Б.Пүрэв-Очир  Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн  цол хүртлээ.
-    Дэд проф. Н.Норжинхорлоо Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ.

2010 он:

-    Хичээлийн байрны  4 дэх  өргөтгөл: Хичээлийн 8-р байрыг шинээр барьж ашиглалтанд оруулан Дүрслэх Урлаг Технологийн сургуулийг шилжүүлэн байрлуулав.

-    МУБИС-ийн нийт багш нарын хэмжээнд 200 – аад өгүүлэл, 250 гаруй илтгэл хэлэлцүүлснээс ТНУС – ийн багш нар хамгийн олон буюу 77 өгүүлэл бичиж олны хүртээл болгожээ.

-    Багшийн сургуулийн багш Ц.Чулуунбат Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ.

2011 он:

-    МУБИС-ийн түүхт 60 жилийн ой тохиож байгаа энэ мөчид Монгол Улсын Боловсролын Их сургууль нь бүрэлдэхүүний 12 сургууль, харьяа 2 коллежтой, мэргэжлийн 50 тэнхим, 44 мэргэжлээр бакалаврын, 28 мэргэжлээр магистрын, 17 мэргэжлээр докторын сургалтыг өдөр, эчнээ, экстернат болон шаталсан оройн хэлбэрээр явуулж,  оюутан-12524, магистрант-1268, докторант-238, багш-426, 70 орчим хичээлийн туслах ажилтантай Монгол Улсын Төрийн өмчийн  томоохон их сургууль боллоо.

-    “Оюутны эрхэмлэх зүйл”, “Оюутны ёс зүйн дүрэм”, “Элсэгч оюутны тангараг”, “Төгсөгч оюутны тангараг”-тай боллоо.



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2