Өнөөдөр : 2017-03-24, Баасан

Үндсэн цэс
 
ЗАР :

Түүхийн тэнхим


1951 онд Улсын Багшийн Институт байгуулагдахад Марксизм-Түүхийн кабинет байгуулсан нь одоогийн Түүхийн тэнхмийн эх үүсэл юм. Анхны эрхлэгчээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн профессор Жамбын Батмөнх ажиллаж байв. 1957 онд Улсын Багшийн Дээд сургууль болгон өргөтгөхөд Түүх-нийгмийн ухааны тэнхим болж, М.Санждоржийг эрхлэгчээр томилж байжээ.

1991 онд Улсын Багшийн Их сургууль болоход Түүхийн тэнхмийг байгуулсан байна. Түүхийн тэнхимийг 2000 онд Монголын түүхийн тэнхим, Дэлхийн түүхийн тэнхим болгож өөрчилөв. 

2014 оны 6-р сарын 11-ний өдрийн МУБИС-ийн захирлын тушаалаар Монголын түүхийн ба Дэлхийн түүхийн гэсэн хоёр тэнхмийг нэгтгэн Түүхийн тэнхим болгож, эрхлэгчээр Ж.Гэрэлбадрахыг томилсон бөгөөд одоо тус тэнхимд 16 багш, 1 туслах ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Багш нарын бүрэлдэхүүнд профессор 3, дэд профессор 3, доктор-ахлах багш 6, мастер багш-4 ажиллаж байна. 
   
Тус тэнхим өнгөрсөн хугацаанд түүх, түүх-газарзүй, газарзүй-түүх, түүх-пионерийн удирдагч, түүх нийгэм судлал, нийгэм судлал-түүх, түүх-уран зохиол, уран зохиол-түүх, түүх-нийгмийн сэтгэл зүй зэрэг мэргэжлээр олон мянган дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.

Өнөөгийн байдлаар Түүхийн тэнхимд бакалаврын түвшний Түүх-нийгэм судлалын багш, Түүх-эрх зүйн багш гэсэн хоёр хөтөлбөр, Магистрын түвшний түүхийн шинжлэх ухааны, түүхийн боловсролын гэсэн хоёр хөтөлбөр, Докторын түвшний түүхийн шинжлэх ухааны нэг хөтөлбөр хэрэгжиж байна. 
 
Түүхийн тэнхим жил бүр түүхийн судалгааны Их семинар, оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж хэвшүүлсэн.

Түүхийн тэнхим жилд нэг дугаар гардаг мэргэжлийн сэтгүүлтэй. Уг сэтгүүл анх 2002 оноос эхлэн “Түүхийн сэтгүүл” гэсэн нэрээр бие даан хэвлэгдэж, 2004 оноос “Акта Хисторика” гэдэг нэртэй болсон. 2014 оноос Олон улсын ISSN 2311-1461 эрхтэй сэтгүүл болж, мэргэжлийн нэр хүнд нь өссөн байна.

Мөн  тус тэнхмээс “Монголын түүхийн дурсгал” (Monumenta Historica Mongolorum), “Монголын түүхэн газарзүйн дурсгал” (Monumenta Historica Et Geographica Mongoloci) гэсэн цувралууд гаргаж байна.

     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2