Өнөөдөр : 2017-03-30,

Үндсэн цэс
 
ЗАР :

Орос хэл арга зүйн тэнхим

ОРОС ХЭЛ, АРГАЗҮЙН ТЭНХИМ
2014/12/08


Тус тэнхим нь анх 1952 онд байгуулагдсан, тус улсын их дээд сургуулиудын орос хэл, уран зохиолын ууган тэнхмийн нэг юм. Тэнхмийн анхны эрхлэгчээр зөвлөлтийн мэргэжилтэн Е.Ш.Тычинская ажиллаж байсан бөгөөд тэнхмийн эрхлэгчээр томилогдсон анхны монгол хүн нь хожим сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэрэг хамгаалсан Д.Цэнджав агсан байв.
1956 онд тус тэнхим анхны төгсөлтөө хийж, Монгол улсад орос хэлний мэргэжил эзэмшсэн хамгийн анхны 50 багшийг бэлтгэн гаргасан түүхтэй. Тэдгээрийн дотор Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, төр-нийгмийн нэрт зүтгэлтэн Лодонгийн Түдэв гуай байсан нь бидний бахархал юм.
1981 оныг хүртэлх хугацаанд тус тэнхим орос хэлний 1231 багшийг бэлтгэн гаргасан бөгөөд 1979 онд МУИС-ийн орос хэлний тэнхимтэй нийлж Орос хэлний багшийн дээд сургууль /одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль/-ийг байгуулсан юм. Тухайн үед УБДС-ийн ерөнхий орос хэлний тэнхим хэвээр үлдэж өргөжин тэлсээр Гадаад хэлний сургууль байгуулагдах үндэс суурь болсон юм.
Манай тэнхим орос хэлний багш, орос-монгол хэлний багш, орос-англи хэлний багш мэргэжлээр 2000 гаруй боловсон хүчин бэлтгэсэн ба өдгөө 300 орчим оюутантайгаар орос, орос-монгол, орос-англи хэлний багш гэсэн үндсэн 3 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг ба НХУС-ийн болон МУБИС-ийн хэмжээний бакалавр, магистратур, докторантурын орос хэлний сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тус тэнхмийн багш нарын 90% нь эрдмийн зэрэг хамгаалсны зэрэгцээ, мөн 90% эрдмийн цол хүртсэн явдал нь манай хамт олон зүй ёсны бахархал билээ.
Тус тэнхмийн эрдэмтэн багш нар БШУЯ-ны дэргэдэх ЕБС-ийн цөм хөтөлбөр боловсруулах, сурах бичиг зохиох багт оролцон идэвхтэй ажилладагийн зэрэгцээ мөн яамны Орос хэлний улсын олимпиад зохион байгуулах дэд хорооны гишүүд байдаг. Мөн Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүд тус тэнхимд ажилладаг. Манай тэнхим ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв, ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, Новосибирскийн багшийн их сургууль, Алтайн хязгаарын сурган хүмүүжүүлэх академи, Халимагийн улсын их сургууль, Буриадын улсын их сургуультай эрдэм шинжилгээ, сургалт, оюутан солилцооны  чиглэлээр  нягт хамтран ажиллаж ирлээ.
Өнөөдөр манай тэнхим 8 багш, оюутанд үйлчлэх 1 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

1.    Ш.Цолмон - тэнхмийн эрхлэгч, хэлбичгийн ухааны доктор, дэд профессор
2.    С.Эрдэнэмаам –хэлбичгийн ухааны доктор, профессор
3.    Ц.Магсар - хэлбичгийн ухааны доктор, профессор
4.    Ч.Мөнхцэцэг - хэлбичгийн ухааны доктор, дэд профессор
5.    З.Баярчимэг - хэлбичгийн ухааны доктор, дэд профессор
6.    Ц.Сэрээнэн - хэлбичгийн ухааны доктор, дэд профессор
7.    Д.Цэдэнжав - хэлбичгийн ухааны доктор, дэд профессор
8.    Б.Анар – хэлшинжлэлийн ухааны магистр
9.    О.Оргил – хэлшинжлэлийн ухааны  магистр, оюутанд үйлчлэх ажилтан



     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2