Архивын Ерөнхий газартай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

МУБИС-иас Архивын Ерөнхий газартай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурав. Өнөөдөр хичээлийн I байрны 205 тоот танхимд МУБИС ба АЕГ-ын хооронд хамтран ажиллах "Санамж бичиг"-т захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандах, дарга С.Энхбаатар нар гарын үсэг зурлаа. Тус хоёр байгууллага албан хэрэг хөтлөлт-архивын ажилтан бэлтгэх “АРХИВ СУДЛАЛ” хөтөлбөрийг боловсруулан урьдчилан магадлан итгэмжлүүлж, 2020-2021 оны хичээлийн жилээс сургалт явуулах эрх авсан юм. Монгол улсад 34 төрөлжсөн архив байгаа бөгөөд нийтдээ 10 мянга орчим албан хэрэг хөтлөлт, архивын ажилтан бий. Нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу МУБИС-ийн Түүхийн тэнхим дээд боловсролтой архивч бэлтгэж байсан уламжлалаа сэргээн ийнхүү хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлэх гэж байна. Ингээд талуудын цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсээд НХУС-ийн Түүхийн тэнхимд "Архив судлал" -ын бакалаврын шинэ анги /Хөтөлбөр/ нээгдэх болсонд нийт хамт олондоо баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.