"Бага боловсролын асуудал, шийдэл" сэдэвт цахим хурал болов

МУБИС-ийн Багшийн сургууль "Бага боловсролын асуудал, Шийдэл" сэдэвт Эрдэм шинжилгээний хурлыг цахимаар 2020 оны 5-р сарын 27 нд амжилттай зохион байгууллаа. Тус хурлыг Архангай аймаг дахь Багшийн сургууль, Ховд Их сургууль, Дорнод Их сургуулиудтай хамтран өөр өөрийн Зайны сургалтын төвүүдийг түшиглэн бүсийн хэмжээнд зохион байгуулснаараа онцлог болсон бөгөөд хурлын зорилго нь Монгол улсын Бага боловсролд тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан оновчтой шийдэл олох, дүр дүнг хамтдаа хэлэлцэн багш, арга зүйч, сурган хүмүүжүүлэгчид болон удирдлагын хамтын үйл ажиллагааг хөгжүүлж, тэдний бүтээлч санал, санаачлагыг дэмжин түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа юм. Хурлын нээлтэд МУБИС-ийн ЭШ эрхэлсэн дэд захирал проф. Д.Наранцэцэг, Багшийн сургуулийн захирал доктор Ц.Дэлгэрсайхан нар болон хамтран зохион байгуулагч их сургуулиудын захирлууд оролцон мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсэв. Хурал ийнхүү хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Анх удаа цахим хурлаа амжилттай зохион байгуулсан ерөнхий зохион байгуулагч Багшийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн хамт олонд болон хамтран зохион байгуулагч, оролцогч бүх хамт олон, эрдэмтэн багш нартаа гүн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.