"Хятад хэлний гүүр" 19 дэх тэмцээний шилдгээр шалгарав

Дэлхийн их, дээд сургуулийн оюутан суралцагчдын “ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР” 19 дэх удаагийн тэмцээний шилдэгүүд тодорч МУБИС (Монгол Улсын Боловсролын их сургууль) “ШИЛДЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа. Тус тэмцээний Монгол Улсын бүс дэх шалгаруулалт “Хятад хэлний их, дээд сургуулийн оюутны Олимпиад” 2 үе шаттайгаар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж эцсийн шалгаруулалт 2020 оны 5-р сарын 19-нд амжилттай болж өндөрлөлөө. Анхан шатны шалгаруулалт онлайнаар 5 сарын 12-ны өдөр явагдаж НХУС-ийн Хятад хэлний багшийн мэргэжлийн 9 оюутан өөрсдийн мэдээлэл, холбогдох материалыг, оролцогчдын үзүүлбэрийн бичлэгийн хамт МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн цахим хаяг руу илгээсэн байна. Манай талаас хүргүүлсэн оролцогчдын материалыг хянан үзээд 8 оюутан эцсийн шалгаруулалтад оролцохоор шалгарч 5-р сарын 19-ний өдөр эцсийн шалгаруулалтад оролцсон суралцагчид маань өөр өөрсдийн сонгон авсан дарааллын дагуу ярилцлага, илтгэл, асуултад хариулах, ур чадварын авьяасаа ганцаарчилсан үзүүлбэрээ цахимаар ZOOM программ ашиглан үзүүлжээ. Ингээд “Хятад хэлний гүүр” XIX дэх удаагийн тэмцээний Монгол Улс дахь бүсийн эцсийн шатны шалгаруулалтаас МУБИС-ийн Хятад хэлний багшийн ангийн дараах оюутнууд шагналт байранд шалгаран сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн эрдэмтэн багш нараа баярлуулав. Үүнд:
1. Энхтүвшин Маналсүрэн – II байр
2. Энхбаяр Амаржаргал – III байр
3. Төртогтох Мягмарсүрэн – III байр
4. Сарангэрэл Одонбилэг – III байр
5. Болормаа Мөнхжин – Шагналт байр
6. Гантөмөр Гэрэлмаа – Шагналт байр
7. Р.Энхжин – Шагналт байр тус тус эзэлсэн байна.

Түүнчлэн тэмцээний “ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШ”-аар НХУС-ийн Хятад хэлний салбарын мэргэжилтэн багш Зун Шиан Хун шалгарч “ШИЛДЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА”-аар Монгол Улсын Боловсролын их сургууль тус тус тодорлоо.

Энэ удаагийн арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, гүйцэтгэгчээр МУИС-ийн дэргэдэх Күнзийн институт, дэмжигчээр Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв зэрэг байгууллагууд тус тус ажилласан байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын (COVID-19) үед өөрсдийгөө дайчлан амжилттай оролцсон багш, оюутан нартаа халуун баяр хүргэж сурлага хөдөлмөр, цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсэн ерөөе.

Т.Дуламрагчаа