“Радио консурс” тэмцээний ялагч МУБИС-д үнэгүй суралцана

Канад гаралтай америкийн иргэн дэлхийн тэрбумтнуудын нэг Брайн Трейси амжилтад хүрсэн бүх хүмүүс агуу мөрөөдөгчид байдаг. Гэхдээ тэд ирээдүйд гарах амжилтынхаа төлөө байнга тэмцдэгт гол учир нь байгаа юм хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг. Үүний нэгэн адил хүсэл мөрөөдлийнхөө төлөө чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гаргаж буй хэн бүхэнд Монгол Улсын Боловсролын их сургууль болон Монголын радио хамтран нэгэн боломжийг олгож байгаа аж.

Өөрөөр хэлбэл, МУБИС Монголын радиотой хамтран багш болох чин хүсэл эрмэлзлэлтэй ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Радио конкурс” тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа ажээ. Тус тэмцээний хэвлэлийн бага хурал өчигдөр МУБИС-ийн хурлын танхимд боллоо. Энэ үеэр тус сургуулийн захирал Д.Мөнхжаргал “Манай сургууль багшлах авьяас, сонирхолтой хүүхдүүдийг сонгон шалгаруулах, элсэгчид болон төгсөн гарч буй багш нарын чанарыг сайжруулах тал дээр нэлээд ажил зохион байгуулж байна.

Тухайлбал, бид өндөр оноотой сурагчдыг элсүүлэх журмаар элсэгчдийнхээ чанарыг сайжруулсан. Нөгөө талаас үнэхээр багш болох хүсэл сонирхолтой, авьяастай олон хүүхдэд янз бүрийн шалтгааны улмаас манай сургуулийн босго гадуур өнгөрч байна л даа. Сургалтын төлбөрөө төлөх чадваргүй, ар гэр нь боломжгүй гэх зэрэг шалтгаанаар багшлах хүсэлтэй олон хүүхэд сурч чадахүй байна.

Тиймээс бид багшлах авьяас сонирхолтой хүүхдүүдийг сонгон шалгаруулах, тэднийг дэмжихийн тулд шинжлэх ухааны үндэслэлтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Эхнээсээ үр дүн нь гарч байна. Эцэг, эхчүүд багш мэргэжлээр сонгон суралцах хүсэлтэй төгсөх ангийн сурагчиддаа уриалахад “Радио конкурс”-т идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна. Ер нь манай тэмцээн багш болох сонирхолтой бүх хүмүүст нээлттэй” гэв.

Тус тэмцээн нийт хоёр үе шаттайгаар явах юм байна. Тэмцээний нэгдүгээр шат хоёрдугаар сараас гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх аж. Харин хоёрдугаар шат дөрөвдүгээр сараас эхлэн зургадугаар сарын 15 хүртэл болох гэнэ. тэмцээний талаар Монголын үндэсний олон нийтийн радиогийн сэтгүүлч Ю.Гантөмөр “Багш болох хүсэлтэй төгсөх ангийн сурагчид маань Монголын радиогоор дамжуулан тэм­цээндээ оролцох боломж­той. Бид мягмар гараг бүр “Тэнхлэг” хөтөлбөрөөр тэм­цээний асуултыг хүргэж байгаа.

Бид одоогийн байдлаар гурван удаагийн нэвтрүүлгийг хүргэлээ. Гэхдээ хүүхдүүд хоцорчихлоо гэж айх хэрэггүй. Эхний нэвтрүүлэг тэмцээний талаар таницуулах журмаар явсан. Манай тэмцээнд ЕБС болон МСҮТ-ийн сурагчид оролцох боломжтой” гэв. Тэмцээний нэгдүгээр үед сэтгэлзүйн харилцааны итгэл үнэмшлийг сорьсон даалгавар байх аж. Гэхдээ энэхүү сорилт даалгавар нь маш энгийн асуулт, хариулт хэлбэрээр явагдана гэдгийг тэмцээн зохион байгуулагчид онцолж байлаа.

Мөн тус уралдааны тэргүүн байрын эзэн МУБИС-д эхний нэг жил үнэ төлбөргүй суралцах боломжийг олгох гэнэ. Харин хоёрдугаар байрын эздэд МУБИС-д 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрх олгох бол тусгай байранд 10 сурагч шалгаруулан МУБИС-д элсэн орох батламж гардуулах юм байна. Харин тэмцээнд оролцогчид заавал элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх шаардлагатай гэдгийг зохион байгуулагчид анхааруулсан юм. Хэрвээ тус тэмцээнд оролцохыг хүсвэл “Радио Конкурс” фэйсбүүк хуудас, 99163036 утас болон gantumur2009@yahoo.com хаягт хандан бүртгүүлэх боломжтой.

Эх сурвалж: http://mminfo.mn