Доктор Д.Одгэрэл "ОЛОН УЛСЫН ШАГНАЛ" (AAIDD) хүртжээ

АНУ-ын “Оюуны хөгжлийн бэрхшээл судлалын холбоо”-ноос МУБИС-ийн Багшийн сургуулийн багш “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн эрхлэгч доктор, дэд проф.Д.Одгэрэлд “ОЛОН УЛСЫН ШАГНАЛ”-ыг хүртээжээ. Түүний тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг хүртээх, сайжруулахын төлөө хийсэн эрдэм шинжилгээ судалгаа, сургалт, нөлөөллийн зэрэг үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн ийнхүү уг шагналыг олгохоор болсныг мэдээлсэн байна. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа АНУ-ын Питсбург хотноо 2020 оны 6-р сарын 1-3-нд AAIDD холбооны 144 -р ээлжит хуралдааны үеэр болох байсан ч энэ удаад COVID-19 цар тахлын улмаас анх удаа цуцлагджээ. Тус холбоо нь 1876 онд байгуулагдсан, 55 улс оронд үйл ажиллагаа явуулдаг 5000 гаруй эрдэмтэн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн Оюуны бэрхшээл судлал салбарын дэлхийн тэргүүлэх байгууллага ажээ. Дэлхийн хэмжээний хүндтэй шагналыг хүртсэн эрдэмтэн Д.Одгэрэл багшдаа халуун баярыг нийт хамт олон, бүх шавь нарынх нь өмнөөс хүргэн цаашдын тань эрдэм судлалын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

Т.Дуламрагчаа