МУГБ Д.Амарт "Хүндэт доктор" цол олгов

Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн Доржийн АМАРТ МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн "ХҮНДЭТ ДОКТОР" цол олгох ёслолын арга хэмжээ 2020 оны 6-р саоын 18-ны өдөр МУБИС-ийн төв байрны А205 Эрдмийн танхимд болов. Монголын Ардын гэгээрэл, Боловсролын хөгжил, Монголын ахмад багш нарын үе үеийн үйл ажиллагааг алдаршуулах, ахмад, залуу үеийнхний залгамж холбоог бэхжүүлэх, багш боловсролын олон арван бүтээл туурвих зэрэг олон талт үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлийг ийнхүү өндрөөр үнэлж МУГБ Д.Амарт энэхүү эрхэм хүндтэй цолыг хүртээлээ. Түүний Монгол орны Ардын гэгээрлийн түүхийг бичилцэх, Боловсролын ууган сургууль Багшийн сургуулийн 1940-өөд оноос хойших алдар хүндтэй төгсөгч олон арван ахмад багш нарын түүхэн үйл ажиллагааг УБДС, БаС, СӨБС, УБИС, МУБИС төгсөгчдийн хүрээнд түүхэн баримттайгаар бичиж залуучууд хойч үед үлдээн олны хүртээл болгосон нөр их хөдөлмөр, гавьяат үйлс болохыг МУБИС-ийн удирдлагууд, МУБИС-ийн Ахмад хорооноос онцлон тэмдэглэв. "Хүндэт доктор" цол хүртсэн МУГБ Д.Амар сэтгэгдлээсээ хуваалцахдаа: " Нэгэн цагт оюутан нь явсан төрөлх их сургуулийнхаа "Хүндэт доктор" болж байгаадаа сэтгэл их хөдөлж байна. Манай Ахмад багш нарын холбооны гишүүдийн 80 гаруй хувь нь МУБИС-ийн үе үеийн төгсөгч ахмад багш нар байдаг юм. Миний бие МУИС, ЗХУ-ын Ленинград хотын Сурган хүмүүжүүлах ухааны дээд сургууль, УБДС, Улс төрийн дээд сургууль зэрэг 4 их сургууль төгссөн. УБДС-ийн анхны ректор Т.Машлай багшаараа "Сургууль судлал" хичээл заалгаж, профессор О.Отгонсүрэн ректорын үед оюутан явсандаа бахархаж явдаг юм. Багш боловсролын салбарт насаараа зүтгэж сууна. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын БАГШ найраглалд хөшөө босгох ажлыг санаачилж, "Багш Эрдэнэ" сэтгүүлийг үүсгэн байгуулж эрхлэгчээр нь ажиллаж байна... гэх зэрэгг олон ажлуудыг ахмадуудынхаа төлөө санаачилан ажиллаж байгаа. 1972 оноос хойш багш нарын талаар тасралтгүй бичиж байна. Одоо би Анхны Хөдөлмөрийн баатар багш, Багшийн сургуулийн төгсөгч Додийн Базар, МУБИС-ийн анхны ректор Түнжингийн Машлай багшийнхаа тухай 2 монологийг бичиж бэлтгээд байгаа." хэмээн хуваалцсан юм. Наян насыг зооглосон ч хийж бүтээх санал, санаачлага дүүрэн яваа БоСС-ийн "Хүндэт доктор" цол хүртсэн МУГБ Д.Амар багшдаа баяр хүргэж, мянга мянган шавь нар, үе үеийн ахмадууд, МУБИС-ийн нийт хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлж, сайн сайхныг ерөөе. МУГБ Д.Амарт "Хүндэт доктор" цол олгох ёслолын арга хэмжээнд МУБИС-ийн дэд захирал профессор Д.Наранцэцэг, Ахмадын хорооны дарга профессор С.Жамц, ЭШИА-ны дарга доктор Я.Шийлэгмаа, БОСС-ийн захирал доктор, дэд профессор Г.Цогзолмаа, БоСС-ийн Ахмадын зөвлөлийн дарга профессор П.Цэрэндондов, МУГБ академич Б.Жадамбаа нар болон МАБНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж оролцон баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.