“Радио конкурс” уралдаант нэвтрүүлгийг орон даяар өрнүүлж байна

Багшлах боловсон хүчнийг зөв сонгон шалгаруулах, багш болох чин хүсэлтэй хүүхэд залууст өөрийгөө сорих боломжтой нэгэн алхам бий боллоо.

Тодруулбал МҮОНР-ын Хүүхэд Залуучуудын Редакц, багш бэлтгэх ууган сургууль МУБИС-тай хамтран “Радио конкурс” уралдаант нэвтрүүлгийг орон даяар амжилттай өрнүүлж байна.

Энэхүү зорилтот үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн өргөөнд хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

Мөн МУБИС-ийн ректор, доктор Д.Мөнхжаргал, МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, багийн төлөөлөл болох багш, сэтгүүлчид үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийлээ.

Ирэх зургадугаар сарын 15 хүртэл үргэлжлэх “Радио конкурс” уралдаанд шалгарсан тэргүүн байрын нэг сурагч МУБИС-д суралцах эрх олгож, эхний жилийн сургалтын төлбөрөөс 100 хувь хөнгөлөгдөх, дэд байрын нэг сурагч МУБИС-д суралцах эрхтэй болж, эхний жилийн сургалтын  төлбөрөөс 50 хувь хөнгөлөгдөх юм.

Түүнчлэн уралдаанд амжилттай оролцсон 10 сурагч МУБИС-д элсэх эрх олгох БАТЛАМЖ гардана.

Эх сурвалж: http://www.mnb.mn