“Байгууллагын архивын ажлын арга зүй” сэдэвт сургалт хийв

МУБИС-ийн Дотоод ажлын албанаас бүрэлдэхүүний сургуулийн нарийн бичгийн дарга нар, нягтлан бодогч, нярав болон албадын мэргэжилтнүүдэд “БАЙГУУЛЛАГЫН АРХИВЫН АЖЛЫН АРГА ЗҮЙ” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтыг Архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Отгонцэцэг удирдан чиглүүлж  “МУБИС-ийн Албан хэрэг хөтлөлтийн журам” болон Албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалт, Хадгаламжийн нэгж бүрдүүлэлт, Хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг хэрхэн боловсруулах, хөтлөх талаар мэдээлэл өгч амжилттай зохион явуулав. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт гэдэг нь байгууллагын архивт нөхөн бүрдүүлэлт хийх үндсэн баримт бичиг бөгөөд бүрэлдэхүүний сургууль, албадаас үйл ажиллагааны явцад үүссэн баримтын бүртгэлийг жил бүр боловсруулж байгууллагын Баримт бичиг нягтлан шалгах комиссоор батлуулан улмаар энэ жагсаалтын дагуу дараа оны эхний улиралд бүрэлдэхүүний сургуулиуд болон албад архивын хадгаламжийн санг бүрдүүлэн байгууллагын архивт нөхөн бүрдүүлэлтэд өгдөг байна.  МУБИС-ийн Архив нь 1951 онд Улсын багшийн институт байгуулагдсан цагаас үүссэн түүхтэй бөгөөд улсын ууган их сургуулиудын нэг болох Монгол Улсын Боловсролын Их сургуулийн баримт нь Үндэсний төв архивын сан хөмрөгт "Хөмрөг №302"-т хадгалагддаг байна. Хөмрөг №302-оор:
1. Данс №1 1951-1973 он – 694 ХН
2. Данс №2 1974-1982 он – 683 ХН
3. Данс №3 1983-1992 он – 247 ХН
4. Данс №4 2000-2004 он - 225 ХН
5. Данс №5 2005-2013 он - 507 ХН
Нийт 2356 хадгаламжийн нэгж хадгалагдаж байгаа ба байгууллагын баримтыг 10 жил тутамд цэгцлэн Үндэсний төв архивт шилжүүлдэг ажээ.  Ингээд хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.