"Үйл судлал" сурах бичгийн нээлт болов

МУБИС-ийн эрдэмтэн багш нарын шинэ бүтээл "Үйл судлал" сурах бичгийн нээлт 2020 оны 10-р сарын 21 нд А300 тоот танхимд боллоо. МУБИС-ийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч академич Б.Жадамбаа тэргүүтэй эрдэмтэд ҮЙЛ СУДЛАЛ хэмээх шинэ сурах бичгийг бүтээн хэвлүүлж багш, оюутан суралцагчид, судлаачдын гар дээр очиход бэлэн болгов. Тус сурах бичгийн агуулга нь суралцах үйл явцыг үйл судлалын үндсэн дээр судлан, боловсронгуй болгоход чиглэгджээ. Түүнчлэн их, дээд сургууль болон бүх шатны сургуулийн багш, суралцагчдад зориулсан энэхүү сурах бичиг нь 16 цагийн лекц, 32 цагийн семинар бүхий 2 кредитийн агуулгыг бүрэн багтаасан байна. Орчин цагийн Боловсрол судлал болон нийгмийн шинжлэх ухаанд шинээр түлхүү хэрэглэгдэх болсон Үйлийн судалгааны онол арга зүйд үндэслэн МУБИС-ийн бренд болсон шинэ агуулга бүхий тус сурах бичиг нь ҮЙЛ СУДЛАЛ-тай холбогдох шинэ нэр томьёоны Англи, Монгол үгийн жагсаалтыг хийж хавсаргасан нь түүний олон онцлогуудын нэг болжээ. Ийнхүү МУБИС-ийн эрдэмтэн профессор багш нарын хамтын бүтээл "Үйл судлал" сурах бичигт МУБИС-ийн зарим салбарын эрдэмтдийн баг дэмжин хамтран ажиллажээ. Тухайлбал, ЭШ эрхэлсэн дэд захирал проф. Д.Наранцэцэг, ЭШИА-ны дарга доктор Я.Шийлэгмаа, АНУ-ын Нью Мехико их сургуулийн доктор МУБИС-ийн Хүндэт профессор Кандес Кей, "Үйл" хэмээх үгийн Монгол хэлний утгыг профессор А.Цог-Очир, Орос хэлний утгыг профессор С.Эрдэнэмаам, Хятад хэлний тайлбарыг дэд профессор Г.Цогзолмаа, Япон хэлний утгыг доктор Л.Ариунжаргал нар тус тус тайлбарлан хамтран ажилласан байна. Шинэ сурах бичгийн нээлтэд БХ-ийн захирал доктор П.Лхагвасүрэн, дэд захирал доктор Р.Нямцэрэн, зөвлөх профессор (Sc.D) Н.Бэгз болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл профессор (Sc.D) О.Пүрэв, доктор Р.Бандий нар, сурах бичгийн зохиогчид, магистрант докторантуудаас хүрэлцэн ирж оролцож шинэ бүтээлийн дээжээс гардан авлаа.
Ингээд бүх шатны боловсролын байгууллагын багшлах/суралцах үйл ажиллагаанд үйлийн судалгааг түгээн дэлгэрүүлэхэд томоохон хувь нэмэр, чухал эх сурвалж болох анхны сурах бичгийг зохион нээлтээ хийсэн эрдэмтэн багш нар:
Академич, (Sc.D) Б.Жадамбаа
Профессор (Ph.D) Ж.Батдэлгэр
Дэд профессор (Ph.D) Чү.Байгалмаа
Дэд профессор (Ph.D) Р.Намжилдорж
Дэд профессор (Ph.D) Л.Жумдаан
Дэд профессор (Ph.D) Ц.Наранцэцэг
Дэд профессор (Ph.D) Д.Баярлах
Доктор Л.Туяа
Доктор Б.Наранмандах
магистр П.Алтанцэцэг
магистр Х.Батболд
магистр Б.Гантуяа
магистр С.Батхуяг
магистр Б.Хонгорзул
магистр О.Хулан нартаа гүн талархал илэрхийлж нийт хамт олон, олон зуун шавь нарынх нь өмнөөс ажлын өндөр амжилт, сайн сайхныг ерөөе.

Номын цагаан буян дэлгэртүгэй.