“Цахим сургалт зохион байгуулах арга зүй” практик сургалт зохион байгуулагдаж байна

МУБИС-ийн Зайны сургалтын алба өөрийн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд МУБИС-ийн багш, мэргэжилтэнд зориулан хэрэгцээнд суурилсан зайны болон танхимын хосолсон (Blended) хэлбэрийн сургалт зохион байгуулж ирсэн билээ. Уг албанаас 2020-2021 оны хичээлийн жил эхэлснээс хойш зохион байгуулагдаж буй хоёр дахь сургалт бол 2020 оны 09 дүгээр сарын 10-11-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Цахим сургалт зохион байгуулах арга зүй” практик сургалт юм. 
МУБИС-ийн гадаадын их, дээд сургуулиудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үр дүн болох 2+2 хөтөлбөр, Ковид-19 цар тахалтай холбоотойгоор үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор цахим сургалтын ач холбогдол, дээд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд гүйцэтгэж буй үүрэг нэмэгдэж байгаа зэрэг нь уг сургалтыг хэрэгцээг тодорхойлж байна. “Цахим сургалт зохион байгуулах арга зүй” практик сургалтад нийт 187 багш нар хамрагдсанаар олон улсад түгээмэл ашиглагддаг цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх программыг ашиглан видео хэрэглэгдэхүүн үүсгэх, онлайн хичээл явуулах программын тусламжтайгаар оюутнуудтайгаа холбогдох, видео хичээл болон хурал зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшиж, түүнийгээ өөрийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах арга зүйд суралцах боломж бүрдэж байгаа юм.
Сургалтыг ЗСА-ны мэргэжилтнүүд болон тус албанаас  2018-2019 оны хичээлийн жилд БСШУСЯ /хуучин нэрээр/-аас АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Дээд боловсролын шинэчлэл”-ийн төслийн хүрээнд зохион байгуулсан “Онлайн курс төлөвлөлтийн ахисан түвшин”-ийн сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар бэлтгэн явуулж байна. Гадаад оюутнуудад хичээл зааж, магистр, докторын ажил удирдаж буй багш нарын бодит хэрэгцээ болон ЗСА-аас боловсруулсан гарын авлагаа судлан практик үйлд суурилж, хийх явцдаа суралцах боломж олгож байгаагаараа энэ удаагийн сургалт онцлог юм.