ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВТЭЙ ТАНИЛЦЛАА


МУБИС-ийн Зайны сургалтын албаны Зайны сургалтын төв нь БСШУСЯ -ны Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд байгуулагдсан бөгөөд 2018 оны 1-р сараас анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Тус төв нь дээд боловсролын багшийн, түүн дундаа багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, ажилтны хөгжлийг дэмжих, зайны сургалтын тогтолцоог бий болгох  ажлын хүрээнд Ховд Их Сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, Архангай аймаг дахь МУБИС-ийн салбар сургууль болон бусад дотоод, гадаадын боловсролын сургалтын, мэргэжлийн байгууллагатай тасралтгүй хамтран ажилласаар байна. Тухайлбал 2019 оны 12 сарын байдлаар нийтдээ 70 гаруй онлайн болон зайны сургалтын хичээл бэлтгэх, турших, хамтран ажиллах, хэлэлцүүлэг, ярилцлага, уулзалт, сургалт, семинар, зөвлөлгөөн зэрэг арга хэмжээ зохион байгуулж, 2000 гаруй багш, оюутан, мэргэжилтэн, судлаачид оролцоод байна. Энэ ажлын хүрээнд 2020 оны 1-р сарын 16, 24-нд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулдаг 10 дахь жилдээ багшилж буй Мэдээлэл зүйн багш нарт зориулсан үндсэн сургалтад хамрагдаж буй 40 гаруй багш тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Танилцах уулзалтын үеэр багш нар Ховд их сургууль, Дорнод их сургууль, Архангайн багшийн сургуулийн Зайны сургалтын төвүүдтэй онлайнаар холбогдож, санал солилцон Зайны сургалтын төвийн мэргэжилтнүүдийн МУБИС-ийн багш нартай хамтран бэлдсэн цахим хичээл, сургалтад ашиглаж байгаа сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи, Мультимедиа студийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан, санал солилцлоо.