Профессор МИЗҮХАРА КАЦҮТОШИ лекц уншив


Япон улсын Тохокү их сургуулийн Боловсролын сургуулийн профессор МИЗҮХАРА КАЦҮТОШИ өнөөдөр “Япон улсын Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” сэдвээр Боловсрол судлалын сургууль дээр лекц уншлаа. Тэрээр Японы улсын Боловсролын нийгэмлэг, Боловсролын түүхийн нийгэмлэг, Багш боловсролын нийгэмлэг, Сургалтын хөтөлбөрийн нийгэмлэг, Боловсролын арга зүйн нийгэмлэг, Тохокү Боловсролын нийгэмлэгүүдийн Удирдах зөвлөлд ажилласан ба өнөө Япон улсын Сургалтын хөтөлбөр /киркилюм/-ийн нийгэмлэгийн зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ. Өнөөдрийн уншсан түүний лекцийн агуулга нь Японы улсын бага дунд боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийн чиг хандлага, хурдацтай хөгжиж буй дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн ирээдүйн иргэнийг хэрхэн хөгжүүлэхэд тус улсын боловсролын бодлого хэрхэн чиглэгдэж буй талаар өөрийн судалгаа, туршлагаасаа хуваалцсан явдал байв. Тухайлбал,
- Нийгмийн хөгжлийг дагаад шинжлэх ухааны мэдлэг болон бага, дунд боловсролын хөтөлбөрөө хэрхэн шинэчилж байгаа
- Нийгэм, соёлын хөгжил дэх Хиймэл оюун бүхий шинэ эрин зуунд амжилттай ажиллаж, амьдрах чадвартай иргэдийг бэлтгэх ЕБС-ийн хөтөлбөрөө хэрхэн шинэчилж буй гэх зэрэг болон үүнтэй уялдуулан Япон улсын засгийн газраас 2017-2018 онд Боловсролын хөгжлийн хөтөлбөрийн үзэл баримтлалаа өөрчилсөн талаар, энэхүү шинэчлэлийн гол цөмд:
- Хувь хүний онцлогт тохирсон боловсрол байх
- Хиймэл оюун ухааныг боловсролд хэрхэн ашиглах
- Эцсийн дүндээ эх дэлхийнхээ сайн сайхны төлөө хувь нэмэрээ хэрхэн оруулах иргэнийг бэлтгэх зэрэг нь онцгой байр суурь эзэлсэн тухай лекц нь анхаарал татам байв.
Профессор МИЗҮХАРА Кацүтоши багшийн лекцийг сонсохоор МУБИС-ийн эрдэмтэн судлаач багш нар, магистрант докторантууд болон бусад их, дээд сургууль, боловсролын байгууллагын судлаачид идэвхтэй хүрэлцэн ирсэн юм. Ингээд Япон улсын Боловсролын салбарт он удаан жил ажилласан мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцсан профессор багшдаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхныг хүсье.