Ахмад багш Д.ДАШДОРЖ-ийн 90 насны ойг тэмдэглэв


МУБИС-ийн НХУС-ийн ахмад багш асан Аман зохиол болон Утга зохиолын нэрт судлаач, зохиолч, сэтгүүлч, нэрт сурган хүмүүжүүлэгч Д.ДАШДОРЖ-ийн 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 11-р сарын 29-ний өдөр А-205 Эрдмийн танхимд НХУС, Утга зохиолын тэнхим хамтран өргөн дэлгэр амжилттай зохион байгууллаа. Хурлыг нээж НХУС-ийн захирал профессор Ж.Батбаатар үг хэлж хүрэлцэн ирсэн зочдод талархлаа илэрхийлэв. Хурлын үндсэн илтгэлийг Д.Дашдорж агсны шавь нарын төлөөлөл болох УЗТ-ийн эрдэмтэн багш доктор, дэд проф.Д.Энхээ "Аман билиг зүйч Даваасамбуугийн Дашдорж БАГШТАН", утга зохиол судлаач, шүүмжлэгч профессор С.Энхбаяр, доктор Г.Батсуурь нарын илтгэл, доктор проф. Р.Чүлтэмсүрэн "Ардын билиг зүйч Д.Дашдорж" сэдвээр тус тус тавив. Өнөөдрийн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд нэрт сурган хүмүүжүүлэгч, ардын аман зохиол судлаач, сэтгүүлч Д.Дашдоржтой нэгэн үед хамт ажиллаж байсан болон нөхөрлөж явсан, хамтран зүтгэгчид, түүний үе үеийн шавь нарын төлөөлөл хүрэлцэн ирж, санал сэтгэгдэл, дурсамжаа хуваалцсан хүндлэл догдлол, бахархлаар дүүрэн сайхан арга хэмжээ болж өндөрлөв. Түүний бүтээлийн зарим охь дээжээс шавь эрдэмтэн Р.Чүлтэмсүрэн, НХУС, УЗТ  хамтран 90 насны ойд зориулсан “Ардын билигзүйч Даваасамбуугийн Дашдорж” номыг бүтээн хүрэлцэн ирсэн зочдод бэлэг болгон барьсан нь бас нэгэн онцлох үйл явдал боллоо. Эрдэм номын буянтай үйлс үргэлж дэлгэрэх болтугай.