Тэгш хамруулах боловсролын шинэ бүтээлүүд төрлөө

2022.06.03 21:39 Үйл явдал

"Тэгш хамруулан сургах боловсролын үндэс" УБ2022 сурах бичиг, "Тэгш хамруулах боловсролын нэр томьёоны Монгол-Англи тайлбар толь" УБ 2022 шинэ бүтээлүүд хэвлэгдлээ. МУБИС, Нагоя их сургуулийн хамтарсан "Хүүхдийн хөгжлийг дэмжих төв"-ийн эрхлэгч доктор Д.Одгэрэл тус бүтээлүүдийг эрхлэн хэвлүүлжээ. Эдгээр шинэ бүтээлүүд нь 2015 оны Инчеоны тунхагийн "Тэгш хамарсан, тэгш боломжийг баталгаажуулсан бүх нийтийн чанартай боловсролыг насан туршид нь эзэмшүүлэх" гэсэн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн төлөөх улс үндэстэн бүрийн боловсролын тогтолцоог сайжруулах хүүхэд бүрийн онцлог хэрэгцээг харгалзан бүрэн чадамжаар нь хөгжүүлэх зорилтын хүрээнд манай улсын Тусгай боловсрол болон Тэгш хамруулан сургах боловсролын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юм. Өнөөдөр зохиогч тус бүтээлийн талаар МУБИС, Багшийн сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Боловсрол судлалын сургуулийн эрдэмтэн багш нарт танилцуулга хийж Багш боловсролын сургалтад хэрхэн хичээл болгон оруулах талаар зөвлөлдлөө. Дээрх бүтээлд Тэгш хамруулан сургах боловсролын үзэл баримтлал, хөгжил, чиг хандлага, сургалтын орчин, тусгай хэрэгцээтэй хүүхдийн ангилал, хөгжил, суралцахуй, сургалтын хөтөлбөрийн тохиргоо, төлөвлөлт болон "Тэгш хамруулан сургах боловсрол"-ын ойлголт ухагдахууны талаар шинжлэх ухааны үндэстэй нэгдмэл ойлголттой болох зэрэг өргөн агуулга багтжээ. Шинэ бүтээлүүдээ өлгийдөн авсан доктор Д.Одгэрэл багшдаа баяр хүргэж, тэгш хамруулан сургах боловсролын төлөө бүтээн туурвих их үйлсэд нь ажлын өндөр амжилт хүсье.