“Монгол улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх” төсөл хоёр дахь жилдээ хэрэгжихээр боллоо

2024.03.01 14:49 Үйл явдал

Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын Боловсролын Их Сургуульд хэрэгжиж буй “Монгол улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх” төслийн хоёр дахь жилийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр боллоо.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд  Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн, Япон улсын хэргийг түр хамаарагч Кикүма Шигэрү, Япон улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Каяма Мицүрү, All Line Life Net ТББ-ын дарга, төслийн үндсэн зохицуулагч Такүо Кидокоро, МУБИС-ийн МБУС-ийн захирал, төслийн Монгол талын дарга, доктор Т.Ганбаатар, төслийн зохицуулагч Казүнори Хоригүчи, мэргэжилтэн багш Х.Таками, Х.Окүбо, МБУС-ийн физикийн тэнхимийн эрхлэгч, төслийн үйл ажиллагаа хариуцсан менежер Х.Батболд, төслийн гишүүн профессор Р.Базарсүрэн, физикийн тэнхимийн багш, төслийн гишүүн, дэд профессор О.Алтангоо нар оролцлоо.

Тус төслийн хүрээнд 2023-2024 онд нийслэл, орон нутгийн 100 гаруй  ЕБС-ийн бага, дунд ангийн байгалийн ухааны 200 гаруй багш нарыг хамруулсан сургалтыг зохион байгуулж, сургалтын хэрэглэгдэхүүн, хэрэглэгдэхүүнийг хэрэглэх арга зүйн дэмжлэг үзүүлсэн.

Төслийн хоёр дахь жилийн хэрэгжилтэд ЕБС-ийн бага, дунд ангийн байгалийн ухааны хичээлд хэрэгцээтэй сургалтын хэрэглэгдэхүүнээр сурагчдыг хангах, хэрэглэгдэхүүнийг ашиглах арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахаар төлөвлөж байна.