СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр                                                                                               Төрийн ордон, Улаанбаатар хот

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь суралцагч сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хууль тогтоомж

2.1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын зорилго

3.1.Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийг дэмжиж, сургуульд бэлтгэхэд оршино.

3.2.Ерөнхий боловсролын зорилго нь суралцагчийг бие даан сурч, амьдрахад шаардагдах суурь мэдлэг, чадварыг хөгжүүлж, ёс суртахуунтай, хариуцлагатай, ажил мэргэжлийн чиг баримжаатай иргэнийг төлөвшүүлэхэд оршино.

3.3.Хүүхдийн цэцэрлэг /цаашид "цэцэрлэг" гэх/, ерөнхий боловсролын сургууль энэ хуулийн 3.1, 3.2-т заасан боловсролын зорилгыг хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ХУГАЦАА, НАС

4 дүгээр зүйл.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмших хугацаа, элсэх нас

4.1.Сургуулийн өмнөх боловсролыг дөрөв, бага боловсролыг тав, суурь боловсролыг ес, бүрэн дунд боловсролыг 12 жилд эзэмшинэ.

4.2.Сургуулийн өмнөх боловсролд хоёроос таван насны хүүхэд хамрагдана.

4.3.Сургуулийн өмнөх боловсролыг таван настай хүүхдэд заавал эзэмшүүлэх бөгөөд 200-аас доошгүй цагийн сургалтад хамруулсан байна.

4.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд зургаан настай хамрагдаж болно.

4.5.Ерөнхий боловсролын сургуульд тухайн онд зургаан нас хүрэх хүүхдийг элсүүлнэ.

4.6.Өсөлт хөгжил, эрүүл мэндийн болон бусад хүндэтгэх шалтгаантай хүүхдийг долоон настайд нь ерөнхий боловсролын сургуульд элсүүлж болно.

4.7.Энэ хуулийн 4.6-д заасан тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас өгсөн чиглэлийн дагуу хүүхдийн хөгжлийг дэмжинэ.

4.8.Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдээс аливаа хэлбэрээр шалгалт авахыг хориглоно.

5 дугаар зүйл.Сургалтын цаг, хичээллэх хугацаа

5.1.Цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаа нь 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

5.2.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

5.3.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ.

5.4.Ерөнхий боловсролын сургуулийн долоо хоногт хичээллэх цагийн тоо, ээлжит хичээлийн үргэлжлэх болон суралцагчийн амралтын хугацааг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

5.5.Орон нутгийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогтой холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно.

5.6.Энэ хуулийн 5.5-д заасны дагуу хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилсөн тохиолдолд сургалт, үйл ажиллагааны агуулгыг нөхөн эзэмшүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулна.

5.7.Холбогдох хуульд заасны дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед сургалт, үйл ажиллагааг Боловсролын ерөнхий хуулийн 8.2-т заасан танхимын бус хэлбэрээр зохион байгуулна.

5.8.Энэ хуулийн 5.5, 5.7-д зааснаас бусад тохиолдолд хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн амралтын хугацааг өөрчлөх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохыг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХ БОЛОВСРОЛ

6 дугаар зүйл.Тэгш хамран сургалт

6.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийн онцлог, ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан хүүхдэд боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

6.2.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн ялгаатай хэрэгцээг хангах түгээмэл загвар, сургалтын тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчныг бүрдүүлнэ.

6.3.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь ялгаатай хэрэгцээтэй суралцагчид зориулан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн санал, зөвшөөрлийг үндэслэн боловсруулж, тэдний оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.

6.4.Боловсролын ерөнхий хуулийн 8.3-т заасан ганцаарчилсан сургалтыг зохион байгуулах журам, сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлалыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

6.5.Сургуулийн захиргаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй зөвшилцөн тухайн суралцагчийн танхимд хичээллэх хугацааг уян хатан тогтоож болно. Уг тогтоосон хугацаа нь ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөөгөөр судлах хичээлийн цагийг өөрчлөх үндэслэл болохгүй.

6.6.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа ялгаатай хэрэгцээтэй суралцагчид хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх журмыг боловсролын, нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

6.7.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн ялгаатай хэрэгцээнээс хамаарч энэ хуулийн 14.1, 14.3-т зааснаас гадна тусгай хэрэгцээт боловсролын багш, багшийн туслах, эмч, сувилагч, сэргээх болон нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн ажилтантай байна.

6.8.Суралцагчийн тооноос шалтгаалан энэ хуулийн 6.7-д заасан багш, бусад ажилтныг сургалтын байгууллагын дунд ажиллуулж болно.

6.9.Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчтай ажиллаж байгаа багш, багшийн туслах, ажилтанд нэмэгдэл хөлс олгоно.

7 дугаар зүйл.Сургалтын хэл

7.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааг Боловсролын ерөнхий хуулийн 6.1-д заасан хэлээр зохион байгуулна.

7.2.Суралцагчийн дийлэнх олонх нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнхийн суралцагч байх тохиолдолд цэцэрлэг, бага ангийн сургалт, үйл ажиллагааг эх хэлээр нь зохион байгуулж болно.

7.3.Энэ хуулийн 7.2-т заасан суралцагч Монгол хэлний тухай хуулийн 13.1.4-т заасны дагуу хос хэлний хөтөлбөрөөр хичээллэх бөгөөд хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

7.4.Боловсролын ерөнхий хуулийн 6.5-д заасан сонсголын бэрхшээлтэй суралцагч ерөнхий боловсролыг бичгийн болон монгол дохионы хэлээр эзэмшинэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БОЛОВСРОЛЫН АГУУЛГА, ХӨТӨЛБӨР

8 дугаар зүйл.Сургуулийн өмнөх боловсролын агуулга

8.1.Сургуулийн өмнөх боловсролын агуулга энэ хуулийн 3.1-д заасан боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

8.2.Сургуулийн өмнөх боловсролын агуулгыг хөдөлгөөн, бие бялдар, эрүүл мэнд, хэл яриа, математикийн болон цахим технологийн энгийн төсөөлөл, хүрээлэн байгаа орчин, урлагийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх, харилцааны зөв дадал, хэвшил төлөвшүүлэх чиглэлээр тогтооно.

8.3.Цэцэрлэг энэ хуулийн 8.2-т зааснаас гадна нэмэлт үйл ажиллагаа хэрэгжүүлж болно.

9 дүгээр зүйл.Ерөнхий боловсролын агуулга

9.1.Ерөнхий боловсролын агуулга энэ хуулийн 3.2-т заасан боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

9.2.Ерөнхий боловсролын агуулгыг математик, байгалийн ухааны, нийгэм, хүмүүнлэгийн, хэл, харилцааны, бие бялдрын, урлаг, гоо зүйн, цахим болон зохион бүтээх технологийн, иргэний боловсрол, амьдрах ухааны мэдлэг, чадварыг хөгжүүлэх чиглэлээр тогтооно.

9.3.Ерөнхий боловсролын сургуульд судлах үндсэн гадаад хэл энэ хуулийн 10.1-д заасан сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалд туссан хэл байна.

10 дугаар зүйл.Сургалтын хөтөлбөр

10.1.Сургалтын хөтөлбөр үзэл баримтлалтай байх бөгөөд уг үзэл баримтлалыг Боловсролын ерөнхий хуулийн 23.3-т заасан Боловсролын үндэсний зөвлөл хэлэлцэж, Засгийн газар батална.

10.2.Сургалтын хөтөлбөрийг энэ хуулийн 10.1-д заасан үзэл баримтлалд үндэслэн энэ хуулийн 8.2, 9.2-т заасан агуулгын хүрээнд боловсруулна.

10.3.Гадаад дахь монгол хүүхдэд зориулсан эх хэл, түүх, соёлын жишиг сургалтын хөтөлбөрийг боловсруулна.

10.4.Энэ хуулийн 7.3, 10.2, 10.3, 10.10-т заасан сургалтын хөтөлбөр, ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөө, Боловсролын ерөнхий хуулийн 14.8-д заасан цахим сургалтын хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

10.5.Гурав хүртэлх насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөрийг боловсролын, нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

Тайлбар:Энэ хуулийн 10.5-д заасан цогц хөгжлийг дэмжих хөтөлбөр гэж гурав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, хэл яриа, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих баримт бичгийг ойлгоно.

10.6.Боловсролын ерөнхий хуулийн 23.3-т заасан Мэргэжлийн зөвлөл нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичиг, хичээлийн жилийн бүтцийн талаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Зөвлөл нь багш, эрдэмтэн, судлаач, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны төлөөллийн оролцоог хангасан байна.

10.7.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн энэ хуулийн 10.4-т заасан сургалтын хөтөлбөрт эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоотой тохируулга хийж болно.

10.8.Энэ хуулийн 10.4-т заасан сургалтын хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх хугацаа нь суралцагчийн ерөнхий боловсрол эзэмших хугацаанаас багагүй байх бөгөөд хэрэгжилтийн явцад сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалд нийцүүлэн сайжруулж болно.

10.9.Ахлах ангийн сургалтын хөтөлбөр нь заавал болон сонгон судлах хэлбэртэй байна.

10.10.Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт нь төлөвлөх, боловсруулах, турших, сайжруулах, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцыг багтаасан тасралтгүй, цогц үйл ажиллагаа байна.

10.11.Энэ хуулийн 10.4-т заасан сургалтын хөтөлбөрт тухайн орон нутгийн түүх, соёл, байгаль, газар зүйн онцлогийг тусган хэрэгжүүлж болно.

11 дүгээр зүйл.Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн

11.1.Энэ хуулийн 10.6-д заасан Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн ерөнхий боловсролын сургалтад хэрэглэх сурах бичгийн жагсаалтыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

11.2.Сурах бичиг зохиох, хэвлэх, түгээхтэй холбогдсон харилцааг Боловсролын ерөнхий хуульд заасан журмаар зохицуулна.

11.3.Сурах бичиг зохиоход багш, эрдэмтэн, судлаач, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, мэргэжлийн холбооны төлөөллөөс санал авна.

11.4.Ерөнхий боловсролын сурах бичгийн бүтээл ашиглах онцгой эрхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох хуульд заасны дагуу эзэмшинэ.

11.5.Ерөнхий боловсролын сурах бичиг нь хэвлэмэл, цахим хэлбэртэй байна.

11.6.Сурах бичиг нь сургалтын хөтөлбөрт нийцсэн, стандартын шаардлага хангасан байх ба сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд тогтвортой хэрэглэгдэнэ.

11.7.Сурах бичгийг бага ангийн суралцагчид төлбөргүйгээр, дунд, ахлах ангийн суралцагчид сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглуулах бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан бол сурах бичгийг худалдан авч болно.

11.8.Энэ хуулийн 11.7-д заасан төлбөрийн хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

11.9.Харааны бэрхшээлтэй, энэ хуулийн 7.2-т заасан суралцагчид зориулан сурах бичгийг хөрвүүлнэ. Үндэстний цөөнх, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эх хэлний сурах бичгийг зохионо.

11.10.Суралцагчийн нас, сэтгэхүйн онцлог, сургалтын хөтөлбөрт нийцсэн нээлттэй эх сурвалж, хэрэглэгдэхүүнийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагаанд ашиглаж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

СУРАЛЦАГЧ, БАГШ, АЖИЛТАН

12 дугаар зүйл.Суралцагчийн эрх

12.1.Суралцагч Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах эрх эдэлнэ:

12.1.1.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд аливаа хэлбэрийн хүчирхийлэл, дээрэлхэлт, дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид, ээлтэй, аюулгүй, хамгаалагдсан орчинд суралцах;

12.1.2.суралцагч ерөнхий боловсролын сургуульд мөрдөх дүрэм журмыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох;

12.1.3.өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх, сурлагын амжилтаа ахиулахад чиглэсэн дэмжлэг авах;

12.1.4.эрүүл мэнд болон хоол, хүнсний аюулгүй байдлыг хангасан, суралцагч өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжтой дотуур байраар хангагдах.

13 дугаар зүйл.Суралцагчийн үүрэг

13.1.Суралцагч Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:

13.1.1.бие даан суралцах, хувь хүн, бүлэгтэй хамтран ажиллах, харилцааны ур чадвараа хөгжүүлэх;

13.1.2.ерөнхий боловсролын сургуулиас баталсан дүрэм, журмыг сахин биелүүлэх;

13.1.3.бусад суралцагчийг эрсдэлд оруулах үйлдэл гаргахгүй байх, сурах, сургах үйл ажиллагаанд саад учруулахгүй байх.

13.2.Ерөнхий боловсролын сургуулийн дүрэм, журмыг биелүүлээгүй суралцагч, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид сургуулийн захирал бичгээр сануулга өгч, үндэслэлийг тайлбарлана.

13.3.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч дүрэмт хувцастай байна.

14 дүгээр зүйл.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн ажилтан

14.1.Цэцэрлэгт эрхлэгч, арга зүйч, багш, багшийн туслах, эмч, тогооч болон бусад ажилтан ажиллана.

14.2.Цэцэрлэгийн нэг бүлэгт багш, багшийн туслах ажиллах бөгөөд бүлгийн хүүхдийн тоо, ялгаатай хэрэгцээнээс хамаарч ээлжийн багш ажиллуулна.

14.3.Ерөнхий боловсролын сургуульд захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, сэтгэл зүйч, эмч, номын санч болон холбогдох хууль тогтоомжид заасан ажилтан ажиллана.

14.4.Дотуур байранд багш, бага ангийн хүүхэдтэй ажиллах багшийн туслах болон холбогдох хууль тогтоомжид заасан ажилтан ажиллана.

14.5.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг Боловсролын ерөнхий хуульд заасан шаардлагыг хангасан эрхлэгч, захирал удирдана.

14.6.Цэцэрлэгт сэтгэл зүйч, хоол зүйч ажиллуулж болно.

15 дугаар зүйл.Багшийн ажил үүрэг

15.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах ажил үүргийг гүйцэтгэнэ:

15.1.1.сургалт, үйл ажиллагааг үр дүнтэй төлөвлөн хэрэгжүүлж, боловсролын агуулгыг суралцагчид тогтоосон хугацаанд эзэмшүүлэх;

15.1.2.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны сургалт, үйл ажиллагааны орчинд суралцагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хариу арга хэмжээ авахтай холбоотой бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх;

15.1.3.суралцагчийн мэдлэг, чадвар, авьяасаа хөгжүүлэх, төлөвшихөд дэмжлэг үзүүлэх;

15.1.4.ажлын байрандаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, мэргэжлийн бүлгийн үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах, шилдэг туршлагаа түгээн дэлгэрүүлэх;

15.1.5.сургалт, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх танхим, лаборатори ажиллуулах;

15.1.6.хүүхдийн хөгжил, төлөвшил, сурах үйл явцын талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид ганцаарчилсан хэлбэрээр зөвлөгөө өгөх, холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллах.

15.2.Багш нь суралцагчийн ялгаатай хэрэгцээнд тохируулан хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна.

15.3.Багш нь зайн, цахим болон холимог бүлгийн сургалт зохион байгуулах мэдлэг, чадвартай байна.

15.4.Багш нь суралцагчийн хувийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд ашиглахыг хориглоно.

15.5.Энэ хуулийн 27.2-т заасан суралцагчийн үнэлгээг бусдад задруулахыг хориглоно.

16 дугаар зүйл.Багшийн мэргэжлийн хөгжил

16.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийг багш бэлтгэдэг их, дээд сургуульд бэлтгэнэ.

16.2.Багш нь дээд боловсролтой, багшлах эрхийн гэрчилгээтэй байна.

16.3.Багшид ур чадвар, сургалтын чанар, үр дүн, ажилласан жилийг харгалзан мэргэшлийн зэрэг олгоно.

16.4.Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, орон нутаг, үндэсний түвшинд зохион байгуулна.

16.5.Энэ хуулийн 16.4-т заасан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн түвшинд зохион байгуулах багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг Боловсролын ерөнхий хуулийн 12.13-т заасан нэгж зохион байгуулна.

16.6.Ахлах ангийн сонгон судлах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш тухайн чиглэлээр тусгайлан мэргэжил дээшлүүлсэн, магистр зэрэгтэй байна.

16.7.Багшийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг үнэлэх ажлыг гурван жил тутамд зохион байгуулж, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

16.8.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 16.7-д заасан үнэлэх ажлыг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоотой хамтран зохион байгуулж болно.

17 дугаар зүйл.Удирдах болон бусад ажилтны үүрэг

17.1.Цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

17.1.1.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам боловсруулах, түүний хэрэгжилтийг мэргэжлийн түвшинд зохион байгуулахад багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, олон нийтийн оролцоо, түншлэлийг хангаж ажиллах;

17.1.2.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтныг тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, урамшуулах;

17.1.3.хамран сургах тойргийн хүүхэд бүрийг цэцэрлэг, сургуульд бүрэн хамруулах, бүртгэх ажлыг зохион байгуулах, суралцагчийн хөгжил, төлөвшлийг дэмжих, сургалтын үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулахад багшид шаардлагатай мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

17.1.4.сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж бодис, хэрэглэгдэхүүн, сурах бичиг, ном, гарын авлагын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, энэ асуудлаар олон нийтийн оролцоо, түншлэлийг хөгжүүлэх;

17.1.5.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд суралцагчийн хөгжих, оролцох, хамгаалуулах эрхийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих;

17.1.6.суралцагчийн эрүүл мэндийг дэмжсэн, шим тэжээллэг, амин дэмээр баялаг хоол, хүнсний үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;

17.1.7.байгууллагын соёл төлөвшүүлэх, суралцагчид ээлтэй, хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэхэд хамт олныг манлайлан удирдах;

17.1.8.боловсролын чанар, үр дүнг суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, нутгийн өөрөө удирдах байгууллага болон захиргааны байгууллагад тухайн хичээлийн жилд тайлагнах;

17.1.9.энэ хуулийн 18.8-д заасан зөвлөлд арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

17.1.10.Төсвийн тухай хуулийн 16.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, төсөв,санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналттай холбоотой мэдээллийг багш, ажилтан, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар мэдээлэх;

17.1.11.хуульд заасан бусад.

17.2.Сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйч нь сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, багш нарын хамтын ажиллагааг дэмжих замаар сургалтын чанарыг сайжруулах үндсэн үүрэгтэй.

17.3.Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжлийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, эрсдэл, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад чиглэсэн нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг суралцагч, тэдний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид үзүүлнэ.

17.4.Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч суралцагчийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх, ганцаарчилсан болон бүлгээр сэтгэл зүйн дэмжлэг, үйлчилгээ үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид сэтгэл зүйн дэмжлэг, үйлчилгээ үзүүлнэ.

17.5.Энэ хуулийн 6.7, 14.1, 14.3-т заасан ажилтан сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад үүрэг хариуцлага хүлээнэ.

17.6.Боловсролын ерөнхий хуулийн 10.2 дахь хэсэг, энэ хуулийн 13.1.2, 13.1.3-т заасан үүргээ биелүүлээгүй суралцагчийг ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны болон сэтгэл зүйчийн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулж болно. Шаардлагатай тохиолдолд холбогдох хуульд заасан үйлчилгээнд холбон зуучилж болно.

17.7.Боловсролын ерөнхий хуулийн 40.3-т заасан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах гэрээнд сургалтын төлбөр төлөх, хураамж авах харилцаанд багш, суралцагчийг оролцуулахыг хориглоно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА

18 дугаар зүйл.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллага

18.1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль байна.

18.2.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэгт суралцах суралцагчийн тоог боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

18.3.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь Боловсролын ерөнхий хуулийн 26.1.15-д заасан үлгэрчилсэн дүрэмд нийцсэн дүрэмтэй байна.

18.4.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн суралцах, хөгжих үйлийг дэмжих ганцаарчилсан сургалт болон багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулах зориулалтын танхимтай байна.

18.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнээс хамааран боловсролын болон дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль байж болно.

18.6.Энэ хуулийн 18.5-д заасан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багшид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

18.7.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь үйл ажиллагаандаа өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ хийж, үнэлгээний үр дүнд үндэслэн байгууллагын үйл ажиллагаа, суралцагчийн хөгжил, сурлагын амжилтын чанар, үр дүнг тасралтгүй сайжруулна.

18.8.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон суралцагчийн зөвлөл ажиллах бөгөөд үйл ажиллагааныхаа дүрмийг хурлаараа хэлэлцэн баталж мөрдөнө.

18.9.Ерөнхий боловсролын сургууль дотуур байртай байж болно. Дотуур байрны орчин, үйлчилгээний стандарт, техникийн зохицуулалтыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу баталж, мөрдөнө.

18.10.Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байгаа суралцагчид зориулан энэ хуулийн 20.10, 20.11-д заасан сургалт, үйл ажиллагааны хөтөлбөрийг тусгайлан боловсруулж, хэрэгжүүлнэ.

18.11.Энэ хуулийн 18.10-т заасан хөтөлбөрийг Боловсролын ерөнхий хуулийн 38.1.2-т заасан зардлаас санхүүжүүлнэ.

18.12.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь номын сантай байх бөгөөд Номын сангийн тухай хуулийн 10.3-т заасан үйлчилгээ үзүүлнэ.

19 дүгээр зүйл.Цэцэрлэг

19.1.Цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын зорилго, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхдийг асрах, хамгаалах, тэдний хөгжил, төлөвшлийг дэмжсэн цогц үйл ажиллагаа эрхэлнэ.

19.2.Цэцэрлэг нь салбар бүлэгтэй байж болно.

19.3.Цэцэрлэг нь сургалт, үйл ажиллагааны цагийг уртасгах буюу богиносгох байдлаар зохицуулалт хийж болно.

20 дугаар зүйл.Ерөнхий боловсролын сургууль

20.1.Ерөнхий боловсролын сургууль нь ерөнхий боловсролын зорилго болон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, суралцагчийн хөгжил, төлөвшлийг дэмжсэн үйл ажиллагаа эрхэлнэ.

20.2.Ерөнхий боловсролын сургууль дараах бүтэцтэй байна:

20.2.1.бага сургууль, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор /нэгээс тавдугаар ангитай/;

20.2.2.дунд сургууль /нэгээс есдүгээр ангитай/;

20.2.3.бүрэн дунд сургууль /нэгээс арван хоёрдугаар ангитай, эсхүл зургаагаас арван хоёрдугаар ангитай/;

20.2.4.ахлах сургууль /10-12 дугаар ангитай/.

20.3.Энэ хуулийн 20.2.3, 20.2.4-т заасан сургууль нь бүсийн болон аймаг, сум, дүүрэг дундын байж болно.

20.4.Энэ хуулийн 20.2-т заасан ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг тогтооход хөгжлийн бодлого, төлөвлөлт, хүн амын нягтаршил, газар зүйн байршил зэрэг хүчин зүйлийг харгалзана.

20.5.Ерөнхий боловсролын сургууль нь дунд ангиас математик, байгалийн ухаан, техник-технологи, хэл, урлаг, спортын зэрэг чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх төрөлжсөн сургалт зохион байгуулж болно.

20.6.Ахлах сургууль нь сургалтын хөтөлбөрийн онцлогоос хамааран төрөлжиж болно.

20.7.Төрөлжсөн сургалтын хөтөлбөрт тавих шаардлага болон нэмэлт зардал, сургалт зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

20.8.Энэ хуулийн 20.5, 20.6-д заасан төрөлжсөн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг энэ хуулийн 20.7-д заасан журамд нийцүүлэн ерөнхий боловсролын сургуулийн захирал сургуулийн зөвлөлөөр хэлэлцүүлж батална.

20.9.Төрөлжсөн болон олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын сургууль энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан агуулгыг суралцагчид заавал эзэмшүүлнэ.

20.10.Суралцагчийн суралцах үйл ажиллагаа, хөгжил төлөвшлийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны салшгүй хэсэг байна.

20.11.Ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн авьяасыг дэмжих нэмэлт сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж болно.

20.12.Ерөнхий боловсролын сургууль нь дотуур байранд амьдарч байгаа суралцагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүрэгтэй.

20.13.Ерөнхий боловсролын сургууль нь сургууль завсардсан хүүхэд, насанд хүрэгчдэд ерөнхий боловсролыг Боловсролын ерөнхий хуулийн 8.1-д заасан хэлбэрээр нөхөн эзэмшүүлэх, сургуулийн насны хүүхдийг сургуульд үргэлжлүүлэн суралцахад дэмжлэг үзүүлнэ.

20.14.Ерөнхий боловсрол нөхөн эзэмшүүлэхэд энэ хуулийн 10.4-т заасан сургалтын хөтөлбөрийг мөрдөнө.

20.15.Энэ хуулийн 20.10, 20.11-д заасан сургалт, үйл ажиллагааг үлгэрчилсэн хөтөлбөр, хуваарийн дагуу холбогдох байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, иргэдтэй хамтран зохион байгуулна.

20.16.Энэ хуулийн 20.10-т заасан хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааны үлгэрчилсэн хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

21 дүгээр зүйл.Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт

21.1.Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаа нь Боловсролын ерөнхий хуулийн 8.1-д зааснаас гадна зохион байгуулалтын дараах хэлбэртэй байна:

21.1.1.цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн сургалт, үйл ажиллагаа;

21.1.2.цэцэрлэгийн үндсэн сургалтад хамрагдах боломжгүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалт, үйл ажиллагаа.

21.2.Энэ хуулийн 21.1.1-д заасан сургалтыг бүлгээр зохион байгуулна.

21.3.Энэ хуулийн 21.1.1, 21.1.2-т заасан сургалт зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

21.4.Сургалт, үйл ажиллагааг бага, дунд, ахлах болон бэлтгэл, холимог бүлгээр зохион байгуулна.

21.5.Хувилбарт сургалтад энэ хуулийн 5.1-д заасан хугацаа хамаарахгүй.

22 дугаар зүйл.Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын зохион байгуулалт

22.1.Ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг бага, дунд, ахлах анги, бүлгээр зохион байгуулна.

22.2.Ерөнхий боловсролын сургууль нь нэг бүлэгт суралцах суралцагчийн тоо, суралцагчийн ялгаатай хэрэгцээнээс хамаарч холимог бүлгээр хичээллэж болно.

22.3.Ахлах ангид сонгон судлах хичээлийг холимог бүлгээр зохион байгуулж болно.

22.4.Суралцагчийг ерөнхий боловсролын сургуулийн орчинд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх, сургалтын агуулгыг нөхөх зорилгоор энэ хуулийн 20.10, 20.11-д заасан сургалт үйл ажиллагаа, нэмэлт сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

22.5.Ахлах ангид суралцагчийг дараагийн түвшний сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцахад бэлтгэнэ.

22.6.Ерөнхий боловсролын сургууль нь Боловсролын ерөнхий хуулийн 26.1.11-д заасан журмыг баримтлан зайн болон цахим сургалтыг зохион байгуулна.

22.7.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр бага боловсролыг гэрийн сургалтаар эзэмшүүлж болох бөгөөд гэрийн сургалт зохион байгуулах, түүнд хяналт тавих журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

23 дугаар зүйл.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн өөрийн удирдлага

23.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн өөрийн удирдлагыг Боловсролын ерөнхий хуулийн 34.2-т заасан зөвлөл хэрэгжүүлнэ.

23.2.Зөвлөл нь цэцэрлэг, сургуулийн сургалт, үйл ажиллагаа, суралцагчийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой ба дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

23.2.1.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх явцад санал, дүгнэлт гаргах;

23.2.2.суралцагчийн хөгжил, төлөвшлийг дэмжих, сурлагын хоцрогдол үүсэхээс сэргийлэх, сургалтын аюулгүй орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг энэ хуулийн 18.8-д заасан зөвлөлтэй хамтран зохион байгуулах;

23.2.3.суралцагчийн санаачилсан нийгэм хүмүүнлэгийн сайн дурын үйл ажиллагааг дэмжих, хамтран зохион байгуулах;

23.2.4.суралцагч, багш, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамт олонтой хамтран ажиллах;

23.2.5.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд аливаа дарамт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх, хүүхэд хамгааллын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, тайланг хэлэлцэх;

23.2.6.Боловсролын ерөнхий хуулийн 40.3-т заасан гэрээнд тусгах саналыг цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захиралд хүргүүлэх, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх;

23.2.7.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, төсвийн төлөвлөлтөд хэрэгжүүлэх арга хэмжээ, төслийг эрэмбэлэх, шийдвэрлүүлэх, санал өгөх;

23.2.8.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлттэй танилцах.

23.3.Зөвлөлийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дундын хэлбэрээр байгуулж болно.

23.4.Зөвлөлийн дарга, гишүүд шударга, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллана.

23.5.Зөвлөл нь хичээлийн жилд хоёроос доошгүй удаа үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид танилцуулна.

24 дүгээр зүйл.Зөвлөлийн төлөөлөл, бүрэн эрхийн хугацаа

24.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зөвлөл нь үүсгэн байгуулагч, багш, ажилтан, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон төгсөгч зэрэг бусад сонирхлын бүлгийн төлөөллөөс бүрдсэн долоогоос арван нэгэн хүний бүрэлдэхүүнтэй байна.

24.2.Зөвлөлийн бүрэлдэхүүн дэх үүсгэн байгуулагчийн төлөөлөл нь нийт гишүүдийн 51 хувиас доошгүй байна.

24.3.Зөвлөлийн бүрэлдэхүүний төлөөлөл тус бүрийг хамт олны хурлаас нээлттэйгээр нэр дэвшүүлж, 3-5 жилийн хугацаагаар сонгоно.

24.4.Цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нь зөвлөлийг үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломжоор хангана.

24.5.Зөвлөл нь сургалтын байгууллагын болон санхүүгийн, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлтийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.

24.6.Зөвлөлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зардлыг байгууллагын болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

24.7.Зөвлөл нь өөрийн үйл ажиллагааны дүрмийг баталж мөрдөнө.

24.8.Зөвлөлийн бүрэлдэхүүнд цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал орохыг хориглоно.

25 дугаар зүйл.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжил, арга зүйн удирдлага

25.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжил, арга зүйн удирдлагыг багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэг хэрэгжүүлнэ.

25.2.Багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэг нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна:

25.2.1.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох;

25.2.2.багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих;

25.2.3.суралцагчид амжилттай суралцах, хөгжих, төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх.

25.3.Багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлгийн ажиллах журмыг цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал баталж мөрдүүлнэ.

25.4.Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг энэ хуулийн 16.5-д заасан нэгжтэй хамтран зохион байгуулна.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БОЛОВСРОЛЫН БОЛОН СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭ

26 дугаар зүйл.Боловсролын үнэлгээ, хяналт-шинжилгээ

26.1.Боловсролын үнэлгээ, хяналт-шинжилгээ /цаашид "боловсролын үнэлгээ" гэх/ нь сургалтын чанарыг баталгаажуулж, багш, суралцагчийн хөгжлийг дэмжих, боловсролын бодлого, төлөвлөлтийг сайжруулахад чиглэнэ.

26.2.Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээгээр хүүхдийн сургуульд суралцахад шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагын түвшинг тогтооно.

26.3.Боловсролын үнэлгээг Боловсролын ерөнхий хуулийн 17.11-д заасан Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага зохион байгуулж, дүгнэлт, зөвлөмж гаргана.

26.4.Боловсролын үнэлгээ хийхэд тухайн боловсролын байгууллага, орон нутгийн мэргэжлийн байгууллага болон сонирхлын талын оролцоог хангана.

26.5.Боловсролын үнэлгээний үр дүнг үнэлгээнд оролцогчид мэдээлж, дэмжих үйл ажиллагааг хамтран зохион байгуулах арга хэмжээг авна.

26.6.Энэ хуулийн 18.7-д заасан үнэлгээ хийх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

26.7.Боловсролын үнэлгээний мэдээллийг Боловсролын ерөнхий хуулийн 17.11-д заасан Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага боловсролын цахим мэдээллийн санд оруулна.

27 дугаар зүйл.Суралцагчийн үнэлгээ

27.1.Суралцагчийн үнэлгээ нь тэдний хөгжлийг дэмжих, сурлагын амжилтаа ахиулахад суралцагчид туслахад чиглэнэ.

27.2.Суралцагчийг сургалтын явц, анги дэвших, сургууль төгсөхөд үнэлнэ.

27.3.Ерөнхий боловсролын сургуулийн нэгээс гуравдугаар ангийн суралцагчид тоон болон үсгэн үнэлгээ хэрэглэхгүй.

27.4.Анги дэвших үнэлгээг ерөнхий боловсролын сургууль, сургууль төгсөх үнэлгээг Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан орон нутгийн байгууллага зохион байгуулна.

27.5.Ерөнхий боловсролын сургууль төгсөх үнэлгээнд үндэслэн төгсөгчид боловсролын баримт бичиг олгоно.

27.6.Суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналыг үндэслэн давтан сурах боломжийг суралцагчид олгож болно.

27.7.Боловсролын болон суралцагчийн үнэлгээний журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

НАЙМДУГААР БҮЛЭГ

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА БОЛОН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО

28 дугаар зүйл.Нутгийн удирдлагын үүрэг, хариуцлага

28.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага болон захиргааны байгууллага нь боловсролыг хөгжүүлэх орон нутгийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ.

28.2.Нутгийн өөрөө удирдах байгууллага болон захиргааны байгууллага нь тухайн нутаг дэвсгэртээ оршин суудаг таван настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд, сургуулийн насны хүүхдийг ерөнхий боловсролд хамруулахад захиргааны дэмжлэг үзүүлнэ.

28.3.Энэ хуулийн 4.6-д заасан хүүхдэд дэмжлэг үзүүлэх ажлыг орон нутгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай хамтран зохион байгуулна.

28.4.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагаанд шаардлагатай тоглоом наадгай, хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангана.

28.5.Суралцагч зайн, цахим хэлбэрээр боловсрол эзэмшихэд зориулсан харилцаа холбоо, цахим технологийн дэд бүтцийг бүрдүүлнэ.

28.6.Нутгийн өөрөө удирдах байгууллага болон захиргааны байгууллага энэ хуулийн 28.1-д заасан төлөвлөгөөнд тэгш хамран сургах чиглэлээр дараах үйл ажиллагааг тусган хэрэгжүүлнэ:

28.6.1.нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай суралцагчид боловсрол эзэмшихэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

28.6.2.шаардлагатай суралцагчид аюулгүй тээвэр, дотуур байрны үйлчилгээ үзүүлэх;

28.6.3.энэ хуулийн 6.2-т заасан орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

28.6.4.хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих;

28.6.5.ерөнхий боловсролын сургууль завсардсан сургуулийн насны хүүхдэд боловсрол нөхөн эзэмшүүлж, ерөнхий боловсролын сургуульд үргэлжлүүлэн суралцахад дэмжлэг үзүүлэх.

28.7.Нутгийн өөрөө удирдах байгууллага болон захиргааны байгууллага дотуур байранд амьдарч байгаа суралцагчийн эрүүл мэнд болон хоол хүнсний аюулгүй байдлыг хангаж хэвийн амьдрах, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлнэ.

28.8.Боловсролын байгууллагын барилга байгууламж түүний засвар үйлчилгээг хариуцаж сургалтын үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөлийг хангана.

28.9.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27.5.2, 27.5.3-т заасан үйлчилгээг төлөөлөн хэрэгжүүлэхээр томилсон этгээдтэй байгуулах гэрээнд харьяалах нутаг дэвсгэрийн хүүхдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулах, боловсролын чанарыг ахиулах талаар тусгана.

28.10.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн эрүүл мэндийн хяналт, тандалтын цахим бүртгэлийн сан бүрдүүлэх, холбогдох хуульд заасан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд суралцагчийг тодорхой насны давтамжтай хамруулах үйл ажиллагааг эрх бүхий этгээдийн баталсан журмын дагуу харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулна.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

29 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

29.1.Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

29.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР