“Европ судлал IX: Хэл шинжлэл, олон улсын харилцаа, орон судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУБИС-Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, МУИС-ийн Европ судлалын тэнхим, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон Отгонтэнгэр их сургууль хамтран зохион байгуулж, нийт 6 улсын 75 илтгэгч 55 илтгэлээр оролцож байна.
Олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр МУБИС-ийн төв байрны 300 тоот танхимд 09:30 цагаас эхэлж, МУБИС-НХУС-ийн захирал, дэд профессор Н.Мягмарцоож үг хэлэн нээсэн бөгөөд Монгол Улсын Консерваторийн захирал, профессор Ц.Шаравцэрэн төгөлдөр хуурын эгшгээр мэндчилгээ дэвшүүллээ.
Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ хурлаар Монгол улсад баруун болон Төв, зүүн Европын улс орнуудын хэл, уран зохиол, түүх соёл, боловсрол, нийгэм, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлалыг хөгжүүлэх, их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын багш, судлаачдын мэдлэгийг түгээх, тэдний чадавхыг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, цаашид хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр боловсруулах санаачилга боломжийг хэлэлцэх, Европ судлалыг олон улсын харилцаа, орон судлал, хэл шинжлэл ба орчуулга зүй, гадаад хэлний боловсролын орчин үеийн сургалт, судалгааны чиг хандлагад ойртуулах зорилготой юм.
Хөтөлбөр:https://msue.edu.mn/uploads/files/ЕСолонулсынхурлынхөтөлбөр-1420250418105802.pdf