БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотноо 2026 оны 4 дүгээр сарын 22–30-ны өдрүүдэд Азийн элсний VI наадам (6th Asian Beach Games) зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү наадам нь Азийн Олимпын зөвлөлөөс зохион байгуулдаг далайн эргийн спортын томоохон, өргөн хүрээний арга хэмжээ бөгөөд 2016 оноос хойш 10 жилийн дараа дахин болж буйгаараа онцлогтой. Энэ удаагийн наадамд Азийн 45 гаруй орны шилдэг тамирчид спортын 15 төрөлд хурд хүч, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөнө.
Монгол Улсаас тус наадмын 8 төрөлд оролцохоор нийт 55 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, Азийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр мордох гэж байна. Үүнээс Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг төлөөлөн текбол, элсний гандбол, жюү жицүгийн төрөлд 11 тамирчин, 2 дасгалжуулагч, 1 сэтгүүлч шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан оролцож буй нь бахархалтай үйл явдал болохыг сургуулийн удирдлагууд онцлов.

Азийн элсний наадам нь элсэн дээр зохион байгуулагддаг учир тамирчдаас онцгой бэлтгэл, өндөр тэсвэр хатуужил, нарийн техник, авхаалж самбаа шаарддаг. Тус наадамд 3х3 сагсан бөмбөг, элсний волейбол, элсний гандбол, жюү жицү, элсний бөх, триатлон (акватлон) зэрэг сонирхол татам төрлүүд багтдаг бөгөөд спортын зэрэгцээ аялал жуулчлал, соёлын солилцоог дэмжсэн ач холбогдол өндөртэй арга хэмжээ билээ.

Монголын баг тамирчид энэ удаагийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг тив, дэлхийд өндөрт өргөх бүрэн боломжтой хэмээж, ялангуяа жюү жицү, элсний бөх, 3х3 сагсан бөмбөгийн төрлүүдэд медаль хүртэх өндөр хүлээлт үүсээд байна.
Монгол Улсаа төлөөлөн оролцож буй нийт баг, тамирчдадаа болон МУБИС-ийн багш, оюутны төлөөллүүддээ амжилт хүсье.

