Математик, физик, инженерчлэлийн салбарын тулгамдсан асуудлыг өндөр нарийвчлалтай тооцооллын аргаар шийдвэрлэх шинэ боломжийг нээж, орчин үеийн тооцон бодох математикийн онол, арга зүй, хэрэглээний хөгжилд олон улсын түвшинд үнэтэй хувь нэмэр оруулсан “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээл Монгол Улсын Төрийн шагналаар шагнагдлаа.
Энэхүү бүтээлийг Шинжлэх Ухааны Академийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол Улсын Төрийн соёрхолт, академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Тугалын Жанлав, Шинжлэх Ухааны Академийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монгол Улсын Төрийн соёрхолт, академич Очбадрахын Чулуунбаатар, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн багш, шинжлэх ухааны доктор, дэд профессор Рэнчин-Очирын Мижиддорж, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор, доктор, профессор Вандандоогийн Өлзийбаяр нар хамтран туурвижээ.

Төрийн шагнал хүртсэн энэхүү бүтээл нь дараах дөрвөн үндсэн номоос бүрдэж байна.
New Developments of Newton–Type Iterations for Solving Nonlinear Problems (T. Zhanlav, O. Chuluunbaatar, Springer Nature, Switzerland, 2024)
High-order Finite Difference and Finite-Element Methods for Solving Some Partial Differential Equations (U. Vandandoo, T. Zhanlav, O. Chuluunbaatar, A. Gusev, S. Vinitsky, G. Chuluunbaatar, Springer Nature, Switzerland, 2024)
Approximation by Integro Splines (T. Zhanlav, R. Mijiddorj, Bit Press, Ulaanbaatar, 2018)
Journal of Mathematical Sciences, Volume 279 (6): In Honor of Academician Tugal Zhanlav (редакторууд: Sergey Goncharov, Ochbadrakh Chuluunbaatar, Renchin-Ochir Mijiddorj, Yuriy Volkov, Springer Nature, Switzerland, 2024)
Эдгээр бүтээлүүд нь олон жилийн суурь судалгааны үр дүнд бий болсон бөгөөд нийт 106 эрдэм шинжилгээний өгүүлэл, программ хангамжийн хөгжүүлэлтэд тулгуурласан байна. Үүнээс:
Web of Science болон Scopus мэдээллийн санд давхар бүртгэлтэй сэтгүүлд 67 өгүүлэл,
зөвхөн Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлд 5 өгүүлэл,
зөвхөн Scopus-д бүртгэлтэй сэтгүүлд 13 өгүүлэл,
олон улсын хөндлөнгийн (peer-reviewed) хянан магадалгаатай сэтгүүлд 21 өгүүлэл тус тус хэвлэгджээ.
Энэхүү бүтээл нь тооцон бодох математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхээс гадна математик, физик, инженерчлэл болон өндөр технологийн олон салбарын нарийн төвөгтэй асуудлыг үр ашигтай, өндөр нарийвчлалтай шийдвэрлэх онол, арга зүйн шинэ шийдлүүдийг санал болгосноороо онцлог юм.
Өмнө нь монгол судлаачид гадаадын эрдэмтдийн бүтээлээс мэдлэг олж авдаг байсан бол өнөөдөр Монголын эрдэмтдийн судалгааны үр дүн олон улсын нэр хүндтэй хэвлэлийн газарт ном болон хэвлэгдэж, дэлхийн томоохон их сургууль, номын сангуудад хадгалагдан, олон улсын судлаачид, оюутнуудын суралцах эх сурвалж болж буй нь Монголын шинжлэх ухааны хөгжил, олон улсын хэмжээнд нэр хүнд өсөн нэмэгдэж буйн тод илэрхийлэл юм.
