2023 оны Дотоодын грант хөтөлбөрийн зар

2023.06.30 13:26 Үйл явдал

АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТ УЛААНБААТАР ДАХЬ АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

2023 оны Дотоодын грант хөтөлбөр – Санхүүжилт олгох боломжийн тухай удирдамж

NOFO нэр: Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба (ОНХА)
2023 оны Дотоодын грант хөтөлбөр
NOFO дугаар: ОНХА -Улаанбаатар – 005/FY2023
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2023 оны 7-р сарын 31 хүртэл тогтмол хүлээж авна
CFDA # (каталогийн дугаар): 19.040 – Олон нийтийн дипломат харилцааны хөтөлбөр
Нийт боломжит хэмжээ: $25,000
Грант тус бүрийн дундаж: $5,000

A. ХӨТӨЛБӨРИЙН ТОДОРХОЙЛОЛТ

АНУ-н Төрийн департаментын харьяа Улаанбаатар дахь ЭСЯ-ны ОНХА, Олон нийтийн дипломат харилцааны Дотоодын грант хөтөлбөрөөр дамжуулан санхүүжилт олгох болсныг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү хөтөлбөрийн мэдээлэлд санхүүжилт олгох шалгуур үзүүлэлтүүд, болон санхүүжилт олгоход шаардагдах баримт бичгийн бүрдүүлэлтийн журмыг тодорхойлсон болно. Доорхи бүх зааврыг анхааралтай дагаж мөрдөнө үү.

Дотоодын грант хөтөлбөрийн тухай: энэхүү хөтөлбөр нь орон нутгийн ашгийн бус, төрийн бус байгууллага (ТББ) болон иргэний нийгмийн байгууллага (ИНБ), орон нутгийн хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагуудад өрсөлдөөнт хэлбэрээр санхүүгийн тэтгэлэг олгох замаар Монголын иргэний нийгмийн хөгжлийг дэмждэг. АНУ-ын ЭСЯ дор дурдсан тэргүүлэх чиглэл/сэдвийн дагуу төслийн санал хүлээн авч байна.

Хөтөлбөрийн ерөнхий зорилго: Монгол Улсын иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлж, иргэний нийгэм, ил тод байдал, иргэдийн хяналтыг идэвхижүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлж нийгмийн хэрэгцээг хангах, засаглал дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорино.

2023 онд тэргүүлэх хөтөлбөрийн чиглэлүүд:

1. Ардчиллын оролцоот тогтолцоог дэмжих
Сонгуулийн үйл явцад иргэний оролцоог идэвхжүүлэхэд намын бус дэмжлэг үзүүлэх, эмэгтэйчүүд, залуучууд, нийгмийн эмзэг бүлгийн ард иргэдийг хамруулсан ардчилсан тогтолцоог бэхжүүлэх.

2. Худалдаа арилжаа, эдийн засгийн хамтын ажиллагаа
Ил тод байдлыг нэмэгдүүлэх, авилгыг бууруулах, олон улсын стандарт, хууль журмыг мөрдүүлэх, байгаль орчны болон бизнесийн сайн практикийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөрөөр дамжуулан хоёр талын чөлөөт, шударга худалдааг өргөжүүлэх; хоёр орны хооронд болон бүс нутгийн хэмжээнд үр ашигтай, эдийн засгийн хүчтэй, тогтвортой өсөлтийг хангах хөрөнгө оруулалтыг сайжруулах; хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах.

3. Хэвлэл мэдээлэл
Сонгуулийн тэнцвэрт байдлыг хадгалах, ардчилал, сайн засаглал, эдийн засгийн тогтвортой хөгжил, төрийн болон хувийн хэвшлийн үүрэг хариуцлага, хүний эрх, ил тод байдлыг бэхжүүлэх, буруу мэдээлэлтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шударга байдал, мэргэжлийн ёс зүй, үнэн бодит байдал, хэвлэл мэдээллийн талаарх ард иргэдийн боловсролыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.

4. Сайн засаглал, хүний ​​эрх, иргэний нийгэм, хууль дүрмийг эрх чөлөөт, нээлттэй Энэтхэг – Номхон далайн бүс нутагт дэмжих
Хоёр талын шийдвэр гаргагч, шинийг санаачлагч, боловсрол олгогч, иргэний нийгмийн манлайлагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөрүүдээр дамжуулан Америк улсын үнэ цэнэ, баримталж буй бодлогуудын талаар илүү дэлгэрэнгүй ойлголт өгөх, ардчиллын үзэл бодол, эрх зүйт ёс, хүний эрх, сайн засаглалыг дэмжих.

5. Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хамгаалалт ба агаар, усны чанарыг сайжруулах
Байгаль, уур амьсгалын өөрчлөлт, агаар, усны чанартай холбоотой асуудлууд нь олон нийтийн эрүүл мэндэд нөлөөлж, хөрөнгө оруулалтад эрсдэл учруулж, эдийн засгийн өсөлтийг хязгаарладаг. Байгалийн нөөц, улсын цогцолборт газруудыг хариуцлагатайгаар ашигласнаар тогтвортой эдийн засгийн төрөлжилтийг бий болгож болно. Судалгаа шинжилгээ, олон нийтийн мэдлэг, техникийн туслалцаа, оролцогч талуудын хамтын ажиллагаа, агаар, усны чанар, байгалийн нөөцийн менежментийн тогтвортой инновацийн шийдлүүдийг дэмжих.

https://mn.usembassy.gov/mn/education-culture-mn/grant-programs-mn/