Монгол Улсын Боловсролын их сургууль 2026 оны есдүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч, хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түвшинд гаргах албан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад МУБИС-ийн Ректор Ж.Батбаатар, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Соронзон, Гадаад харилцааны албаны дарга Г.Цогзолмаа, мэргэжилтэн Б.Нямжаргал, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал Н.Мягмарцоож, Математик, байгалийн ухааны сургуулийн захирал Т.Ганбаатар нар оролцов.
ӨМБИС-ийн төлөөлөгчдийг тус сургуулийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга Сичин ахалж, Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны албаны дарга Сонинбаяр, Монгол судлалын сургуулийн захирал Манцюань, Газар зүйн шинжлэх ухааны сургуулийн захирал Чан Ань, Математикийн шинжлэх ухааны сургуулийн Намын хорооны нарийн бичгийн дарга Жан Вэй нар хүрэлцэн ирлээ.
Уулзалтын үеэр хоёр тал сургалт, эрдэм шинжилгээ, оюутан, багшийн солилцоо болон хамтарсан хөтөлбөрийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Тухайлбал, математик, газар зүй, монгол судлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан сургалт, судалгааны ажил болон бусад бодит үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр санал нэгдэж, цаашид хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг холбогдох нэгжүүдийн түвшинд боловсруулж, хэлэлцэн тохиролцохоор боллоо.
Мөн хоёр их сургуулийн хамтарсан магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний өндөр түвшний хурал, арга хэмжээ зохион байгуулах асуудлаар санал солилцож, эдгээр чиглэлийг бодит ажил хэрэг болгоход хоёр тал идэвх санаачилгатай хамтран ажиллахаа илэрхийлэв.
Айлчлалын хүрээнд ӨМБИС-ийн төлөөлөгчид хамтарсан хөтөлбөрөөр МУБИС-д суралцаж буй 29 оюутантай уулзаж, тэдний суралцах орчин, хэрэгцээ шаардлага, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн МУБИС-ийн Монгол судлалын институт, Монгол хэлний тэнхимд зочлон, сургалт, судалгааны үйл ажиллагаатай танилцав.
Түүнчлэн математикийн болон газар зүйн чиглэлээр МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн захирал, Газар зүйн тэнхимийн эрхлэгч болон холбогдох багш, судлаачидтай уулзаж, мэргэжлийн чиглэл тус бүрээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцон, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов.
Энэхүү уулзалт нь МУБИС, ӨМБИС-ийн олон жилийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, хамтарсан хөтөлбөр, багш, оюутны солилцооны чиглэлээр шинэ боломжуудыг бий болгох, хамтын ажиллагааг илүү бодит үр дүнд чиглүүлэх чухал алхам боллоо.