Энэ онд Монгол улсын Боловсролын их сургууль, Япон улсын Нагояа их сургуулийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн арга хэмжээ тохиож байна. Ойн хүрээнд зохиогдож буй эрдэм шинжилгээний хурал, баярын хурал, лекц семинарт 2 сургуулийн удирдлагууд, 2 улсын нэр хүндтэй эрдэмтэн, судлаач, профессор багш нар оролцлоо.
Нэгэн аравны түүхтэй хамтын ажиллагаа өндөр үр бүтээлтэй төдийгүй Монгол хүүхдийн боловсролд чиглэсэн чухал ажлыг 2 их сургуулийн профессор багш нар хийсэн юм. Энэ бол "МОНГОЛ ТАНАКА БИНЭ СОРИЛ" бөгөөд Монгол хүүхдийн оюун ухааны хөгжлийг үнэлэх уг сорилыг нийгэм соёлын онцлогт нийцүүлэн туршин, судалсан явдал юм.
Дэлхий нийтээрээ хувь хүний ялгаатай байдлыг ойлгож, тэгш хүртээмжтэй боловсрол олгохыг эрхэмлэж байгаа энэ үед Монгол хүүхдийн оюун ухааны хөгжлийг үнэлэх уг сорил бидэнд чухал ач холбогдолтой билээ. Мөн Нагояа их сургуулийн эрдэмтэдтэй хамтран “хичээлийн судалгаа хийх” арга зүйг МУБИС-ийн сургалтын хөтөлбөрт амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажилласан олон түүх бидэнд бий.
Бидний 10 жилийн ойн ёслолын үйл ажиллагааг зорин ирсэн эрхэм хүндтэй зочид, төлөөлөгчид та бүхэндээ талархал илэрхийлье.
Ийнхүү МУБИС, Нагояа их сургуулийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн мэндийг бүх эрдэмтэн, судлаач, профессор багш нартаа дэвшүүлье.
МУБИС-ийн Захиргаа