МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн 65 жилийн ойг тохиолдуулан тус сургуульд ажиллаж байсан үе үеийн ахмад зураач багш нарын “ЦЭГ, ТОЛБО, ЗУРААСЫГ ШҮНШИГЛЭН АМИЛУУЛАГЧИД” бар зургийн үзэсгэлэнг анх удаа дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнг нээж МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар үг хэлж, ахмад багш нарт хүндэтгэл үзүүллээ.
Тус үзэсгэлэн МУБИС-ийн хичээлийн I байрны 1 давхарын баруун жигүүрт дэлгэгдсэн бөгөөд 1960-1970 онуудад багшилж байсан манай улсын зураасан зургийн нэрт зураач Базарын Балдан, Содномын Нацагдорж болон тэдгээрийн гарын шавь МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач, доцент Сосорын Жамц, МУГБ, дэд профессор Содномдагвын Батчулуун, профессор Жигжидийн Төмөрбат нарын модон ба хулдаасан бар зургийн бүтээлүүдээс бүрдэж байна.
Монголд эртний модон барын ном хэвлэлээс эхтэй, дүрслэх урлагийн онцлог арга, дүрслэл бүхий зураасан зургийн нэг төрөл болох бар зураг нэлээдгүй хөгжиж иржээ.
Тэр дундаа МУБИС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш нар нэгэн үед бар зургаар эрчимтэй ажиллан уран бүтээл туурвиж, Монголын дүрслэх урлагийн түүхэнд үлдэх содон бүтээлүүд туурвиж ирснийг энэ үзэсгэлэнгээс харж болно.
Манай оронд ийнхүү бар зургийн төрөлжсөн үзэсгэлэн анх удаа гарч байгаагаас гадна, өмнө нь үзэсгэлэнд тавигдаж, хэвлэлд нийтлэгдэж байгаагүй бүтээлүүд тавигдаж олны хүртээл болж байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэнгийн бүтээлүүд байгаль, нийгэм, аж байдлын өргөн хүрээний сэдвийг хамарч байгаагийн дотроос орчин үед хөндөгдөж байгаа эх дэлхийн унаган төрх байдал, ан амьтныг хамгаалах сэдэв зонхилж байгаа юм. Дүрслэх урлагт суралцаж байгаа оюутан залуучууд, залуу багш нарт шинэ санаа, шинэ арга барил эзэмшихэд үзэсгэлэнгийн бүтээлүүд зохих ач холбогдолтой учир өргөнөөр таалан болгооно уу.