МУБИС, Нагояа их сургуулийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн хүрээнд МУБИС-ийн ректор Ж.Батбаатар, БоСС-ын захирал Д.Мөнхжаргал, МУБИС-ийн харьяа лицей сургуулийн захирал М.Мөнхбаатар, Багшийн хөгжил, сургалт судалгааны хүрээлэнгийн “Хүүхдийн хөгжил”-ийн секторын эрхлэгч Д.Одгэрэл, НХУС-ийн багш Н.Баярмаа, Багшийн сургуулийн багш Д.Ганболд, СӨБ-ын сургуулийн багш Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй баг Японы Нагояа Их сургууль дээр ажиллаж байна. МУБИС-ийн ректор Ж.Батбаатар, Нагояа Их сургуулийн ерөнхийлөгч Сүгияма Наоши нар 10 жилийн хамтын ажиллагаа, хоёр сургуулийн багш, судлаачдын боловсрол, хүүхдийн хөгжлийн судалгаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, цаашдын судалгаа, сургалт, төслийн чиглэл, стратегийн талаар харилцан санал солилцлоо.
Ойн ажлын хүрээнд МУБИС-ийн ректор Ж.Батбаатар, Нагояа их сургуулийн Боловсрол, Хүний хөгжлийн сургуулийн захирал Такай Жиро нар хамтын ажиллагааны гэрээ үзэглэн, багш нарын хамтарсан судалгаа, сургалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн тус уулзалтаар “Хүүхдийн хөгжлийн” секторын эрхлэгч Д.Одгэрэл хүүхдийн оюун ухааны хөгжлийг үнэлэх “Монгол Танака Бине” сорилын судалгаа, сорил авагч бэлтгэх сургалт, “Зан төрх танин мэдэхүйн өөрчлөлттэй хүүхдүүдийн тархалтын судалгаа”-ны явц, үр дүнгийн талаар мэдээлэл танилцуулга хийсэн юм.