МУБИС-ийн Англи хэлний тэнхимийн багш, дэд профессор Б.Тунгалагийн “Соёл хоорондын бизнесийн харилцаанд гарах бэрхшээлийг Англи хэлээр харилцагч Монгол, Хятад хүмүүсийн жишээн дээр судалсан нь” нэртэй шинэ бүтээл хэвлэлтээс гарчээ.
Энэхүү нэг сэдэвт зохиол нь соёл хоорондын харилцааны онолыг аман ба бичгийн бизнесийн харилцааны практик үйл ажиллагаатай холбон тайлбарлаж, соёл хоорондын харилцааны сүүлийн үеийн онолууд дээр тулгуурлан Монгол, Хятадын хооронд явуулж буй аман ба бичгийн бизнесийн харилцааг практик талаас нь харьцуулан судалж, тэдгээрийн харилцаанд гарах бэрхшээлийг тогтоож, даван туулах арга замыг боловсруулахад зорьсон байна.
Уг бүтээлийг соёл хоорондын харилцаа болон бизнесийн харилцааны чиглэлээр судалгаа явуулж буй хэл судлаачид, боловсролын байгууллагын бодлого төлөвлөгчид, бизнесийн Англи хэл заах багш нарын судалгаа шинжилгээний ажилд онол, практикийн талаас багагүй хувь нэмэр болоод зогсохгүй, их, дээд сургуулийн оюутнууд болон үндэстэн дамнан бизнес эрхэлдэг бизнесийн хүмүүст тодорхой ойлголт олгох ач холбогдолтой хэмээн номын зохиогч, эрдэмтэн багш Б.Тунгалаг тайлбарласан юм.