Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж, боловсролын үйлчилгээ улам бүр нээлттэй болж байгаа өнөө үед Монгол улсад ажиллаж, суралцаж, амьдрах хүсэлтэй гадаадын иргэн, гадаадад амьдарч байгаа боловч эх хэлээ гүнзгийрүүлэн судлах сонирхолтой монгол иргэдэд зориулсан монгол хэлний түвшин тогтоох шалгалтын анхан, дунд, дээд шатны агуулгыг багтаасан 3 цуврал номыг МУБИС–аас эрхлэн гаргажээ. МУБИС–ийн Монгол хэлний тэнхимийн эрдэмтэн багш нар 2019 оноос уг ажлыг эхлүүлсэн байна. Энэ ажлыг БСШУЯ –ны сайдын 2019.01.30–ны өдрийн 52 дугаар тушаалын дагуу гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэхүү тушаалын дагуу МУБИС–ийн Захирал, ШУА–ын ерөнхийлөгчийн 2019.04.22-ны өдрийн хамтарсан шийдвэрээр “Гадаадын иргэнээс авах монгол хэлний түвшин тогтоох шалгалтын агуулга боловсруулах ажлын хэсэг” байгуулагдаж ажиллаж эхэлсэн байна. Үүний үр дүнд “Монгол хэлний түвшин тогтоох сорил” анхан шатны ном 2021 онд, дунд шатны ном 2022 онд, дээд шатны ном 2023 онд хэвлэгдэж бүтээлийн нээлтээ хийхэд бэлэн болжээ. Энэ сорил нь гадаадын иргэний монгол хэлний унших, бичих, ярих, сонсох чадварын түвшин тогтооход чухал хэрэглэгдэхүүн болох бөгөөд түвшин тус бүрд 1200 тестийн сан бүхий баялаг агуулгатай боловсруулсан байна.